Батлан хамгаалах яамны гэрэл зурагчин Ц.Баярсайхан 30 гаруй жил цэргийн сэдэвтэй гэрэл зураг авч байгаа уран бүтээлч юм. Тэрбээр саяхан Афганистан улсад алба хааж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын ээлж солилцуулах комиссын бүрэлдэхүүнд багтаж, олон сонирхолтой агшнуудыг гэрэл зургийн хальснаа буулгаснаа, “Афган орон цэргийн сэтгүүлчдийн дуранд” нэртэйгээр олны хүртээл болгож эхэлжээ. Монгол цэргийн музейд нээгдсэн энэхүү үзэсгэлэнд харийн нутагт энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдийн амьдрал, ахуй орчин нөхцөл, Афган орны аж байдлыг тольдсон 300 гаруй гэрэл зураг, мөн цахим хэлбэрээр 2000 гаруй гэрэл зургийг дэлгэн тавьжээ. Үзэсгэлэн энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна.
Г.ДАРЬ