“Сэрүүн Галттайн хүү Сэнгийн Эрдэнэ”

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

“Сэрүүн Галттайн хүү Сэнгийн Эрдэнэ”

Ардын
уран зохиолч С.Эрдэнийн 80 насны ой ирэх даваа гаригт тохионо. Их
зохиолчийн ойд зориулан “Эрдэнэ” тус сан болон Монголын зохиолчдын
эвлэл хамтран дурсамж үдэшлэгийг Баянгол зочид буудалд зохион байгуулах
гэж байна. Монголын утга зохиолын түүхэнд Эрдэнэ баавай хэмээн
алдаршсан Ардын уран зохиолч С.Эрдэнийн ууган охин “Эрдэнэ” сангийн
тэргүүн Э.Байгалмаатай уулзлаа. Тэрбээр Эрдэнэ баавайн ганц охин юм.
Тэрбээр аавынхаа бүтээлүүдийг эмхтгэн “Энэ орчлон” нэртэй номыг саяхан
хэвлэн гаргажээ. Аавыгаа бусдаас илүү сайн мэднэ гэж бусдын үр хүүхдийн
адил бодож явсан түүний хувьд сүүлийн жилүүдэд архивыг нь цэгцлэх
явцдаа аавыгаа уран бүтээл, зохиол бүтээлийнх нь хувьд төдийлөн сайн
мэддэггүй л байж дээ гэсэн бодол төрж харамсангуй байгаа нь анзаарагдаж
байлаа.

-Эрдэнэ баавайн бичсэн зохиол бүтээл утга төгс, үгийг уран илэрхийлсэн байдаг. Энэ талаарх таны бодол?

-Богино
хэмжээний өгүүллэгийн талаар аавын зохиолууд найруулга, хэллэгийн ур
чадвараар их онцгой ялгарч чаддаг шүү дээ. Ямар ч насны хүн уншсан яруу
найргаас дутахгүй уянгын халилтай, өөрийн гэсэн аялгуутай зохиолууд
байдаг. Өгүүллэгүүд нь бэсрэгхэн хирнээ гүн гүнзгий утга агуулгатай
байдаг. Энгийн уншигч, судлаачид бүгд л тэгж хэлдэг юм. Аавын номууд
тухайн үедээ хэвлэгдэхдээ ихэнх тохиолдолд нэг ном нь 30-50 мянган хувь
гардаг. Худалдаанд гараад нэг их удалгүй дуусчихсан байдаг байсан.
Тэгэхээр олонд нэр хүндтэй, их олон уншигчтай, Монголын утга зохиолын
алдар хүндтэй хүмүүсийн нэг гэж өөрийн хувьд аавыгаа үргэлж үлгэр
дууриаллын тэргүүнд бодож явдаг даа.

-Ирэх даваа гаригт аавын тань 80 насны ой тохионо. Ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Төлөвлөсөн
ажил нилээд байгаа. Үр хүүхдүүдийнх нь санаачилгаар 2002 онд байгуулсан
“Эрдэнэ” сан, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтарч зохион байгуулж
байгаа 80 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс байгуулагдаад ажиллаж
байна. Ойн арга хэмжээтэй холбогдуулаад хийгдэж байгаа ажлын хамгийн
томоохон нь “Сэрүүн Галттайн хүү-Сэнгийн Эрдэнэ” хэмээх баримтат, уран
сайхны, хоёр ангит дөрвөн бүлэг киног хийж дуусгалаа. Энэ сарын 5,6-нд
МҮОНТ-ээр олон нийтэд хүргэнэ. Киноны найруулагчаар Г.Жигжидсүрэн
ажилласан. Мөн энэ сарын 7-нд насны ойд зориулсан дурсамж үдэшлэг
Баянгол ресторанд болох бөгөөд энэ үеэр киноны албан ёсны нээлтийг хийх
юм. Уригдсан зочид бол аавын үеийн өдгөө амьд сэрүүн байгаа зохиолчид,
жүжиг кинонд нь тоглож байсан уран бүтээлчид, хүндэтгэж явдаг уншигчид,
ах дүү төрөл төрөгсөд оролцоно.

-Уг киногоор юуг илүү түлхүү харуулахыг зоьсон бэ?

-Баримтат
уран сайхны кино гэдэг утгаар нь амьдралыг нь ерөнхийд нь, уран бүтээлч
гэдэг үүднээс нь уран бүтээлийг нь илүү түлхүү харуулахыг оролдсон кино
байгаа. Кинонд аавын тухай сонирхолтой баримтуудаас гадна үзэг нэгт
нөхөд болон шавь нарынх нь дурсамжуудаас оруулсан.

-Кино хийх санааг хэн хэдийнээс гаргасан бэ?

-Киног
хийе гэсэн санаа их олон жил яригдсан. Г.Жигжидсүрэн найруулагчид энэ
талаар санал тавихад аавын бүтээлээр олон кино бүтээл хийсний хувьд
баримтат кино хийнэ гэсэн бодолтой явдагаа бидэнд хэлсэн. Ингээд бид
санал нийлсний үндсэн дээр хамтраад гурван цагийн хэмжээтэй кино болсон.

-Цаашид “Эрдэнэ” сангийн зүгээс ойрын үед хийхээр төлөвлөсөн ажил хэргийн талаар сонирхуулаач?

-Монголд
аавын уран бүтээлээр хийсэн нилээд хэдэн кино байдаг. “Хойд насандаа
уулзана” гэдэг эмгэнэлт романаар нь 2004 онд Буриадын Хоса Намсрайевын
нэрэмжит театрт драмын жүжиг болгон тавьсан. Түүнээс хойш одоог хүртэл
тайзнаа тавигддаг бөгөөд байнга үзэгчдээр дүүрэн байдаг гэдэг юм билээ.
Энэ романаар нь сэдэвлээд томоохон хэмжээний кино хийе гэж бодож
байгаа. Аавын бүтээлүүдээр нилээд хэдэн ном гаргаад байгаа. Цаашид
бүтээлүүдийг нь эмхэтгэн боть болгон гаргах бодолтой байгаа. Ном
гаргана, кино бүтээнэ гэдэг бол өөрөө их цаг зав, хүч хөдөлмөр шаардсан
ажил л даа.

-Таны аавынхаа авьяас билгээс өвлөсөн үү?

-Би
аавын бичсэн шилдэг 16 өгүүллэгийг буриад аялгуунд хөрвүүлэн “Хувьхан
заяандаа гомдолгүй” хэмээх товхимол номыг ирэх оны эхний улиралд
багтааж хэвлэлтэд гаргахаар ажиллаж байна. Уншигч цөөхөнтэй ч гэсэн
өөрийн гэсэн бичгийн хэллэгтэй байсных нь дурсгалд зориулан энэ номыг
гаргах гэж байна. Энэ номонд “Диваажинд хүрэх оньс”, “Хулан бид хоёр”,
“Гарман дээр” хэмээх олны танил өгүүллэгүүд орсноос гадна Нямбууг гуайд
зориулан бичсэн “Хувь заяандаа гомдолгүй дээ” өгүүллэгийг оруулсан.
Найз нөхдийн хувьд нөхөрсөг сэтгэлийн үүднээс ганцхан хүнд зориулж
бичсэн хэдий ч өвөрмөц найруулгатай, их сайхан агуулгатай байгаа нь
таалагдаад оруулсан юм. Уг дурсамж өгүүллэгт

“hортоотойхон
зарим бурияад hогтоходоо ханхарш  hаана хавшгарш hаана сээжээ hэжирээд
хувихан заяандаа гомдоногүйв даа гэжэ хэлээ hаа нэгэл юмэ хэлэхэ hанаа
гээш” гэж эхэлж байгаа нь буриад хэлэнд их гоё аялгуутай, их яруу
сонсогддог. Хамгийн сүүлд нь төгсгөл нь ч их агуулгатай санагдсан.
Буриад хэлэнд хөрвүүлсэн түүвэр товхимолынхоо нэрийг энэ өгүүллэгийн
нэрээр нэрлэсэн учир нь ч үүнтэй холбоотой.

Д.Долгорсүрэн /2009 оны 12 сарын 4/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж