Шадар сайдын шатрын нүүдэл ”Монгол-999” руу чиглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Шадар сайдын шатрын нүүдэл ”Монгол-999” руу чиглэлээ

Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулагчдыг сонгон, шалгаруулах алхам эхлэхтэй зэрэгцээд Монголын үйлдвэрлэгчид хийгээд бизнес эрхлэгчид нэгдэн нийлэхээ зарласан. Энэхүү хамтын хүчээ нэгтгэснийх нь тод жишээ яах аргагүй "Монгол 999-үндэсний нэгдэл". Эх оронч олны зүрх сэтгэлийг нэгэн зүгт хөдөлгөх их хүчтэй гэдгийг санаачлагчид нь олонд зарлаж, ёстой л ойрд дуулдаагүй гавъяат үйлс мэт сэтгэгдлийг олонд түгээснээр хүн бүр чадах чинээгээрээ дэмжиж байв.

Улмаар мянга 200 аж ахуйн нэгжийн эзэн өөрсдийн халааснаас урам зоригтойгоор сая төгрөгөө уг консерциумын дансанд тушаасан. Тэднийг ийн шуудрах замд хөтөлсөн гол зүйл нь "Төр зуун хувь эзэмших Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулагч нь би юм" гэсэн итгэл найдвар байлаа.

Бүгдээрээ л том том мөрөөдөл, хүсэл тэмүүлэлд хөтлөгдсөн байв. Харамсалтай нь, мөнөөх олны итгэл найдварыг нэгэн цэгт төвлөрүүлж, хамтын хүчээр, ил одоор Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэгт баталгаа өгч байсан санаачлагч нөхөд нь замын дундаас зайгаа тавьж өгцгөөв. Тэднийг бүх гишүүдийн анхдугаар хуралдааны хоёр дахь өдөр нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн сонгох нэрээр шууд л замын дундаас хөөгөөд  аргачихсан гэхэд болно.

Магадгүй тэд ч Төлөөлөн удирдах зөвлөлд орох хэмжээний их мөнгө гаргаагүй ч юм билүү бүү мэд. Яагаад гэдгийг нь тайлбарлахад хэцүү. Зүгээр л одоогийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дунд тэд "гологдсон" байж болох юм.

Тэрхүү “гологдол”- уудын тэргүүн эгнээнд "Сентоза"-гийн С.Одонтуяа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар нар буй. Яагаад гологдсон гэдгийг нь өмнөх дугаарт мэдээлсэн учраас энэ удаадаа шалтгааныг нь орхих хэрэгтэй санагдана.

Гэхдээ ерөнхий үйл явцаас нь харахад, бас мэдээлэл цуглуулахад Төлөөлөн удирдах зөвлөлд нь багтах хүсэлтэй хүчирхэг бизнес эрхлэгчдийн дайрлага уг консерциумыг бараг л нүд ирмэхийн төдийд л орвонгоор нь эргүүлсэн гэхэд болно.

Гишүүдийнх нь саналыг худалдаж авах, дарамтлах, эзэрхийлж, түрэмгийлэх гээд олон л арга үйлчилсэн гэдэг. Ямартай ч өдгөө Тавантолгойн ордын нэг хэсгийг эзэмшиж, Хятад түншийнхээ хамтаар Монголын нүүрсийг хямд үнээр хилийн чанад руу зөөвөрлөж буй "Ажнай" группын Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ Төлөөлөн удирдах зөвлөлийнх нь дарга болчихсон тууж явна.

Уг нь түүнд татвараа нуун дарагдуулсан гэм хүлээлгэх ёстой гэдэг ч хуулийн байгууллагын хараа хяналтын хаагуур нь өнгөрч, мянга гаруй бизнес эрхлэгчийн төвлөрүүлсэн хөрөнгөн дээр хувийн тоглолт хийх эрх олж авсан нь ойлгомжгүй санагдана.

Иймд дээрх ойлгомжгүй сэдэвт хариулт авах зорилгоор "Монгол-999" юу болоод байна гэх асуултын хүрээнд тандалт хийхэд Шадар сайд М.Энхболдын нэр дуулдаж эхлэх нь тэр. Тэрбээр энэхүү консерциумын санаачлагчдыг түлхэж, өөрийн багийг бүрдүүлэх ажлыг далдаас удирдсан бололтой юм.

Ингэхдээ "МАКС" группын ерөнхийлөгч Д.Ганбаатар болон Д.Бат-Эрдэнэ нарыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болгохыг чухалчилжээ. Хэдийгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр "МАКС" группын Д.Цэрэнжигмэд гэсэн нэр байгаа ч энэ хүнийг Д.Ганбаатарын дүү гэдгийг нь хүн мэднэ.

Ийн нэгэн цагт газрын зөвшөөрөлд гарын үсэг зурдаг байсан хотын дарга асан хийгээд Улаанбаатар хотын хамгийн ашигтай газрыг өөрийн болгосон "МАКС" групп болон "Ажнай" гэсэн гурвалсан өнцөг бүхий нийлмэл эрх ашгийн үзүүрт "Монгол-999" Тавантолгойг онилж буй бололтой.

Дэлхийн уул уурхайн салбарын түүхэнд нэрээ мөнхөлсөн, ирээдүйд ч өөрсдийн нэр нөлөөг бататгах чадалтай хүчирхэг группын эсрэг М.Энхболд сайд өөрийн багийг турхирлаа. Түүнийг газрын наймаанаас илүүтэй Тавантолгойн ордын 4.6 миллиард нүүрс юу юунаас илүү их ашиг өгөх нь гэсэн тооцоо нь Монголын бизнес эрхлэгчдийн сэтгэлийг хөөргөсөн бололтой.

Тавантолгойн ордын дэлхийн эрчим хүчний хангамжид үзүүлэх нөлөө асар их учраас ийн хорхойсч байна.
Гол нь түүний эл үйлдэл Тавантолгойн ордыг дөнгөнөөс гаргасан Засгийн газрын шийдвэрийн эсрэг чиглэж буй гэдгийг сануулахад буруудах юм алга.

Хуримтлуулсан туршлага, хөрөнгө санхүү, хүний нөөц, техник технологи гээд Тавантолгойг дангаар ашиглах боломж хараахан бүрдээгүй байгаа Монголчуудын хувьд "Монгол 999" нь үндсэрхэг хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан нь улс төрийн зорилго агуулж байж болох юм.

Сонгон шалгаруулалтад нь өөр гадаадын компани сонгогдвол манайхан сурсан зангаараа "Ажнай, Макс нар ашиглах байсан юм" хэмээн Сүхбаатарын талбайд жагсахыг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн энд хөндөх ёстой бас нэг санаа бол "Монгол-999"-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийнх нь хэлж буй шиг үндэсний эв нэгдлийн илэрхийлэл байж чадахгүй нь.

Өчигдөр гэхэд л Ерөнхий сайд С.Батболдтой Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл бизнесийн төлөөлөгчдийн хамт уулзсан. Энэ үеэр тэрбээр "Монгол Улс Тавантолгойг ашиглахдаа чадахаа өөрсдөө хийе, чадахгүйгээ хамтраад хийе" хэмээсэн бол "Эм-Си-Эс", "Голомт" банк, "Эрэл", "Нарантрейд", "Хаан"банк тэргүүтэй үндэсний хүчирхэг группын удирдлагууд "Тавантолгойн орд газрыг бид зургаан хэсэг болгож ашигламаар байна" гэж мэдэгдэв.

Ингэхдээ "Монгол-999"-өөс ангид санал гэдгийг нь ойлгуулж байна билээ. Тэгэхээр "Монгол-999" бол Монголын бизнес эрхлэгчдийн эв нэгдэл бус, хэсэг бүлгийн бүр тодруулбал М.Энхболд тэргүүтэй "овог, аймаг"-ын эрх ашгийн илэрхийлэл болж таарах нь ээ.

Газрын наймаанд гаршсан шадар сайдад нүүрсний ордоор тоглоход саадгүй бололтой. Ядаж л хотын газрын ил задгай газрыг хайх гэж наян ажил удах бол Тавантолгойг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг гэдгийг мэдэхгүй хүн Монголд бараг үлдээгүй.

Эцэст нь Тавантолгой руу хөдөлсөн Шадар сайдын нүүдэлд тулж зогсох хашлага байгаасай гэж хүсье. Хүлээсэн үүргээ ухамсарлаж, хүслээ хязгаарлах үүрэг Шадар сайдын албан тушаалаас салж ойчоогүй л баймаар юм даа.

Г.Отгонжаргал. Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж