Үдэш бүр гайхамшгийг үзэгч бидэнд мэдрүүлж байгаа “Камертон 2” шоуны дөрөвдүгээр шатны өдөр бүрийн дугаар онцлогтой, сонирхолтой тоглолтуудтай үргэжилж байна. Мэдээж шоуны дөрөвдүгээр шатанд тунаж үлдээд байгаа залуус “Камертон” хамтлагийн үе үеийн хит дуунуудыг амьд хөгжмийн найруулгатайгаар дуулж байгаа нь хуучны сайхан цаг үеийн дурсамжуудыг сэргээж байгаа гэлтэй. Баяр гуниг хосолсон “Камертон 2” шоуны дөрөвдүгээр шатны гурав дахь дугаарт шоуны шат бүхэнд шүүгчдийг болон үзэгч олныг бишрүүлсэн тоглолтуудаар бэлэг барьж байдаг 624 дугаартай Б.Замбалгарав “Камертон” хамтлагийн “Би чамд хайртай” гэсэн дууг гайхамшигтай дуулсан юм. Түүнийг дуулж дууссаны дараа шүүгч Ганаа “Чи бид дөрвөөс илүү дуулчих шиг боллоо” гэсэн бол шүүгч Д.Болд “Энэ дууг чиний дуулсанаар дахин сэргээвэл хит болохоор байна” гэж магтсан шүү. Ийнхүү шоуны гурав дахь дугаарын эхлэлийг оролцогч Б.Замбалгарав амжилттай эхлүүлж түүний араас тайзнаа 411 дугаартай Э.Ган-Эрдэнэ, 412 дугаартай Э.Нямдэлгэр болон 640 дугаартай Г.Золманданх нар гарч бэлдэж ирсэн тоглолтоо бас л амжилттай үзүүлсэн. Харин шүүгчдийн дүн гархад Б.Замбалгарав болон Э.Нямдэлгэр нар шоуны тавдугаар шат буюу “Шилдэг 16”-д орох эрхээ шүүгчдийн 100 хувийн саналаар авсан бол Г.Золмандах, Э.Ган-Эрдэнэ нар шоуны дөрөвдүгээр шатнаас гэртээ харих болсон юм.
Г.ДАША