Өвөр Монголын Соёлын танхим болон Улаанхад хотын Ар хорчин хошууны засаг захиргаа тус хошууны Чавга балгасанд “Хятадын монгол хаадын ордны соёлын наадам” гэдгийг өчигдөр зохион байгуулжээ. Нээлтийн ёслолын дараа Ар хорчин хошууны монгол үндэсний хувцас болон гар урлалын үзэсгэлэнг нээж, монгол хаадын ордны соёлын сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал болжээ. Хурлын төгсгөлд Өвөр Монголын Их сургуулийн орлогч захирал Чимиддорж Ар хорчин хошууны Соёл тамирын товчоонд “Хятадын монгол хаадын ордны соёлыг уламжлан залгамжлах өртөө” хэмээх пайз гардуулсан байна. Өвөр Монголд сүүлийн хоёр хоногт монгол үндэстний соёлын арга хэмжээ нэлээд болсноос дурьдвал, Баруун үзэмчин хошуунд 100 цагаан морьтны жагсаал, Баруун үзэмчин хошууны Жирийн гол балгасанд Хятадын Утайн таван орны нэг гэгдэж монголчууд эрт дээд үеэс эргэл мөргөл хийн тахил өргөж ирсэн Улаан утай уулын тахилгын наадам, Хөлөнбуйр аймгийн Хуучин барга хошуунд Төв өлзийт хэмээх овооны тахилгын наадам, Хөх хотод Өвөр Монголын тал нутгийн соёлын IX баярын хаалтын ёслол тус тус болжээ.
Буриадын Улаан-Үд хотод өчигдөр нээгдсэн олон улсын “Нүүдэлчдийн дуу хоолой” наадам гурван жилийн түүхэндээ анх удаа кино үзлэгээр эхэлжээ. Манай Д.Бямбасүрэнгийн “Чингисийн эр хоёр загал”, Буриадын найруулагч Баяр Дышеновын “Эхийн хал”, Буриадын “Сансар” студийн “Шэнээхэний ертөнц” кинонууд наадмыг нээх аж. Сонирхолтой нь энэ наадамд Монгол, Буриад, Тувагийн урлагийнхнаас гадна Африк, Бразил, Ямайкийн хамтлагууд оролцож байгаа ажээ. Мөн 4-ний өдөр Хялгын районы Укурик тосгонд буддын шинэ дуган нээж, ойролцоо нь байдаг Должид хатны овоог лам нар тахисан байна. Лондоны олимпод оролцох ОХУ-ын байт сурын эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг өчигдөр танилцуулсныг үзвэл дөрвөн хүнтэй энэ багт Буриадын иргэн, буриад монгол үндэстэн, 22 настай Инна Степанова багтжээ.
Тувагийн нийслэл Кызыл хотын парламент өчигдөр шийдвэр гаргаж, тува түмний дундаас дэлхийн кино урлагийн тайзнаа од болон гялалзсан жүжигчин Максим Мунзукийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэхээр болжээ. Урианхайн хязгаарын Тандын хошуунд тайгын анчны гэрт 1912 онд төрөөд хар бага наснаасаа ан гөрөө хийж, адуу хариулж, цэрэг болж, жолоо барьж, хөгжим тоглож, Кызылын анхны театр “Уран” театрыг удирдаж явсан баялаг намтартай энэ хүн 1974 онд Японы алдарт найруулагч А.Күросавагийн “Дерсү Узала“ киноны гол дүрийг бүтээн дэлхийд алдаршиж, кино нь тэр жилээ “Оскар”-ын шагнал хүртсэн билээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин