Авлигын эсрэг гишүүдийн бүлгэм мэдээллийн ил тод байдал, сонирхлын зөрчлийг хязгаарлах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, мөнгө угаах болон авлигын эсрэг гэмт хэргийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх төдийгүй авлигын эсрэг олон улсын конвенци, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих агаад хамгийн гол нь парламентын гишүүдийн ёс зүйг сайжруулах, парламентын хянан шалгах үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулах юм гэсэн.
Эрхэм түшээдийг ийн мэдэгдсэний дараахан Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлгээ нуун дарагдуулсан төрийн албан хаагчдийн нэрсийг зарласан. Ер нь төрийн албан хаагч ямар учраас хөрөнгө, орлогын мэдүүлгээ нуун дарагдуулсныг нь Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа гэх ч иймэрхүү асуудал тэгсхийгээд мартагдаж орхидог гэмтэй.
Харин энэ удаад Төрийн ордонд болох нээлттэй сонсголын үеэр худал хэлсэн албан тушаалтнуудаас тайлбар авахаар болсон агаад Ерөнхий сайд асан С.Баяр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нараас тайлбар авах сураг дуулдсан. Хамтарсан Засгийн газрын гишүүд бөөнөөрөө хөрөнгө орлогын мэдүүлгээ хуурамчаар мэдүүлэгсдийг хаацайлж, хууль зөрчсөн шалтгаанаа тайлбарлах учиртай.
Тэр тусмаа "Таван төгөлдөршилөөрөө Монголчуудыг уяраасан ч Ерөнхий сайдын албанаас нулимстайгаар үдүүлж, сайн дураараа татгалзсан мань эрийг ард түмнээсээ нууж хаах зүйлстэй байх юм чинээ санаагүй учраас хардаж, сэрдэх нь аргагүй. Эл эрхэм Монгол Улсын Ерөнхий сайд болсон тэр цагаас хойш хөрөнгө чинээ, орлого ашиг нь асар их арвижан нэмэгдсэн болохыг Авлигатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлэг нь нотолно.
С.Баяр томоохон компанийн захирлууд ч атаархмаар их ашиг олчихож гэх мэдээлэл төрийн албанд нойр хоолгүй зүтгэж, завсар чөлөөгөөр нь эмнэлэг, сувилал бараадаж явсан гэдэг утгаараа ухаан санаанд багтаж шингэмгүй асуудал. Тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллах болсон үеэсээ огцом бэлжсэн юм билээ. Хоёрхон жилийн өмнө жилд 5.3 сая төгрөгийн орлоготой байсан бол өнгөрсөн онд 109 сая 195 мянган төгрөгийн ашигтай ажилласан байгаа юм.
Өөрөөр хэлбэл, жилийн орлого нь 20 дахин өсч, дээд амжилт тогтоосон гэсэн үг. Орлогоо огцом өсгөхийн тулд тэрбээр үл хөдлөх хөрөнгө, "Сансар" кабелийн телевиз, "Палас" ХХК-ийнхаа хувьцаанд гар хүрээгүй. Тэгсэн атлаа хадгаламж дахь мөнгө нь даруй нэг дахин өсчээ. Судалгаанаас харахад түүний орлого 35,8 хувиар нэмэгдсэн байна. Төрийн албанд олон жил зүтгэхдээ хуримтлуулж чадаагүй их хөрөнгийг Засгийн газрын тэргүүнээр жил гаруй ажиллаад л бий болгочихсон байгаа юм.
МАХН-ын даргаар ажиллаж, 2008 оны сонгуулиар намаа үнэмлэхүй ялалт байгуулахад үлэмж хувь нэмэр оруулсныхаа "шагнал"-д Ерөнхий сайдаар томилогдсон эл эрхэм анх улаан зангиа, нүдний шилнээс өөр хөрөнгөгүй гэж мэдэгдэж байлаа. Гурван өрөө бүхий ганц орон сууцтай, тэндээ хүүхдүүдтэйгээ амьдардаг хэмээн төрийн гүдэс хар хүний дүр эсгэж байсан тэрбээр өдгөө төрөөс төрсөн тэрбумтнуудын араас нэхэж явна.
Ямартаа л түүнийг хөрөнгө, орлогын мэдүүлгээ нуусан, худлаа мэдүүлжээ гэх мэдээллийг сонссон МАХН-ын ахмад гишүүн, С.Баярыг дэмжигч нэгэн буурай "Ерөнхий сайд мориноос унаж бэртээд харьд эмчлүүлж байсан. Манай дарга мань шиг амьтан биш. Тэр үедээ сүйхээчлээд наймаа арилжаа хийж ашиг олсон байх аа" хэмээн өмгөөлөх гарцаа олж чадахгүй үглэж суух вэ.
С.Баяр Ерөнхий сайдын албанд томилогдсоныхоо дараахан "Би өөрийгөө амьдралынхаа морин цагт явж байна гэж боддог" хэмээж байсан санагдана. Ямартай ч Төрийн ордонд болох нээлттэй сонсголд дуудагдсан С.Баяр орны хүнээ явуулахаар болсон агаад мань эрийг Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавыг хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуурамчаар мэдүүлснийг нь мэдсээр байж хуулийн дагуу хариуцлага тооцоогүй хаацайлсаны учраа тайлбарлахыг хүссэн юм билээ.
Гэхдээ түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар асуудлыг учирлан тайлбарлахаар болсон. Өөрөөр хэлбэл, С.Баяр аахилж, Ч.Хүрэлбаатар "ачаа"-г нь үүрэхээр болсон гэсэн үг. Тэгэхээр дурсамжаа сөхөж, бичиж үлдээх дуршилтаи эрхэм Ерөнхий сайд асан хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуурамчаар мэдүүлж, нуун дарагдуулсан Засаг даргыг юуны учир өмгөөлснөө басхүү дэлхий нийт санхүүгийн хямралд өртсөн хүнд жилүүдэд эд хөрөнгөө хэрхэн өсгөж арвижуулсан тухайгаа ноороглож суугаа байх.
Эсвэл хөрөнгө, орлогын мэдүүлгээ нуун дарагдуулсан Засаг дарга хуулийн дагуу торгуулиа төлсөн шүү дээ гэж мэлзээд үзвэл яадаг бол хэмээн бодож суугаа биз. Уг нь "Муу нуухаар сайн илчил" гэдэг үг байдагсан.
З.Урансүх.Улс төрийн тойм сонин