Машинаа замбараагүй тавьсан бол торгоё

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Машинаа замбараагүй тавьсан бол торгоё

“ГОЛ ХААНА БАЙНА”

Манай нутагт, манай нутагт гэдэг нь Баянхонгор аймагт л даа, 1970-аад оны сүүлээр хоёр урсгалтай замыг анх тавьжээ. Тухайн үед нийслэл гэх их айлд хоёр урсгалтай зам байснаас хөдөөд нүдний гэм, үнэнийг хэлэхэд манай аймагт л анх ийм бүтээн байгуулалт босч “Улсын нийслэлтэй хөл нийлэн хөгжиж буй аймаг” гэсэн магтаал сайшаалд умбаж байсан юм билээ. Тэр цаг үед болсон нэг хөгжилтэй явдлыг нийтлэлийн эхэнд сийрүүлье. Энэ нь өнөөх шил толь шиг хоёр урсгалтай зам дээгүүр хөдөөний нөхөр мотоцикл уначихаад урсгал сөрөөд давхиад байж. Гайхсан замын цагдаа түүнийг зогсоож “Та яагаад урсгал сөрөөд давхиад байна, болохгүй шүү дээ” хэмээн сануулахад мань нөхөр хоёр тийш гайхсан бололтой харж байснаа “Гол хаана байна. Байхгүй л байна шүү дээ. Чи урсгал сөрөөд гээд байна гэсэн биз дээ” хэмээсэн юм гэдэг. Төв суурин газар барагтай бол орж ирдэггүй адуу мал, айраг архи эргүүлсэн шигээ тал дээр салхи татуулан исгэрч, давхиж явдаг хөдөөний сайн эр хотын их соёлд бүдрэн унасны нэг жишээ нь энэ юм. Гэтэл сүүлийн хэдэн жилийн дотор Улаанбаатар гэх их айл яг иймэрхүү нөхдөөр бүл нэмчихээд байна. Замын хөдөлгөөний дүрмийг ядаж гарчигласан гэхэд эргэлзмээр тэдний хувьд их хотын хөдөлгөөнд оролцохдоо яг дээрхтэй адил авирладаг болсоор багагүй хугацааг үдэж байгаа. Зарим нь бүр урсгал сөрж буйгаа ч тоосон шинжгүй дахин түгжрэл үүсгэж, шаардлага тавьсан нэгэнтэй шүлс үсчүүлэн хэрэлдэх нь хачин муухай дүр зураг. Албаны хүний өгүүлснээр бидний цаг зав, уур уцаарыг бардаг энэ их түгжрэлийн нэгээхэн хэсгийг яг ийм нөхөд эхлүүлдэг бөгөөд замын хөдөлгөөний дүрмээ барьдаггүй, эргэх ёсгүй уулзвараар хүч түрэмгийлэн дайрдаг, машин тавих ёсгүй газар төмөр хүлгээ хөндлөн хаячихдаг зэргээс ийм нөхцөл үүсдэг гэж байна. Тийм ч байх. Яагаад гэвэл хотын төв цэг гэгддэг Соёлын төв өргөөг тойрон яг ийм дүр зураг хөвөрч байдаг юм.

“МАШИНАА СЭРҮҮЦҮҮЛЖ БАЙНА”

Соёлын төв өргөө ХАС банк, "Туушин" компанийн өмнө замбараагүй тавьсан машин 2012.7.5 17:30 цагт

Яг энэ үгийг жийп хүлэглэсэн хатагтай хэлж байна. “Та зүлгэн дээр, модны дэргэд машинаа тавихаа болиоч гэсэн шаардлагын хариуд тэрбээр ийн өгүүлээд бөгсөө хаялан явж одов. Ямар муухай харагдсан гээч. Үнэндээ бол тэр хатагтайн хөлөглөсөн төмөр хүлгийн дэргэд дөнгөж ургаж ядан буй зүлэг, мод, амьдрах гэж тэмүүлж буй байгаль эх юу ч биш болж таарч байна вэ. Уг нь тэр эмэгтэй жаахан ч гэсэн юм уншсан, мэдлэгийнхээ хүрээг тэлсэн бол байгаль эх, төмөр машин хоёрын хэн нь илүү үнэн цэнэтэй бас амьд вэ гэдгийг мэдэх л учиртай. Гэвч хэлсэн үгнийхээ утга учрыг ч эс ухаарах тэрбээр хачин янзын ийм тайлбар хэлээд явж одлоо. Үнэндээ бол Соёлын төв өргөө орчмын зүлгэн дээгүүр машинаа сойчихдог хачин янзын нөхөр энэ эмэгтэйгээр дуусахгүй. Анзаарч байхад олонх нь том том жийп хөлөглөсөн шинэ цагийн хөрөнгөтнүүд байдаг юм. Нүдэндээ тас хар шил зүүж, гартаа өчнөөн сая төгрөгийн утас барьсан тэдний хувьд ургаж ядан буй зүлэг ногоо юу ч биш. Уг нь энэ муухай явдалтай хариуцлага тооцмоор. Нийгмийн хариуцлага гэж байдаг бол энэ мэт нөхдийн муухай занг орвонгоор нь өөрчилмөөр санагддаг. Гэвч зарим нь үүнийг өөгшүүлж харин ч бүр дэвэргээд байх шиг. Учир юу гэвэл хэдэн сарын өмнөөс Улсын филармонийнхон харуул хамгаалалтай боллоо. Хаалга үүд рүүгээ  хамаагүй машин оруулахгүй гэсэндээ ийм арга хэмжээ авч гэтэл үгүй юм. Өнөөх харуул нь тэр хавьд машинаа тавих гэсэн хүмүүст “Одоо ийшээ яв. Тэнд машинаа тавь” хэмээн газарчлаад зүлэг дамнуулан машин тавиулсныхаа хөлсөнд 1000 төгрөг авч байна. Угтаа бол төлбөртэй зогсоол маягийн юм ажиллуулж буй гэнэ. Гэтэл өнөөх нь олон нийтийн эзэмшлийн явган хүн явдаг зам, зүлгэн дээр шүү. Үүнээс болж Соёлын төв өргөө орчмын газар авто парк болчихоод байгаа. Уг нь энэ явдлаа болиоч гэсэн шаардлагыг хамгаалагч гээд буй залууд хэлсэн юм. Гэвч “Чи юу юм” гэсэн аятай “Чи машинаа ийш нь оруул. Харин чи цаашаа” гээд таахалзаж байна. Бүр заримтай нь нударга зөрүүлэх янзтай.

ЯДАЖ МАШИНАА ЗӨВ ПАРКЛААД ТАВЬЧИХДАГ БОЛЧИХВОЛ


Арлын орон гэгддэг Япон. Токиогийн "New Otani" зочид буудлын арын талбайн машины зогсоол

Соёлын төв өргөө орчимд тулгардаг бас нэг асуудал нь тэр хавиар өнгөрч буй хэрмэл нөхөд зам дээр машинаа хөндлөн хаячихдаг болсоор удаж байна. Соёлын төв өргөө нь Улаанбаатар хотын төв хэсэг гэдэг утгаараа энэ хавьд олон аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Албан байгууллага аж ахуй нэгж, үзвэр үйлчилгээний газруудаас гадна уушийн газар ч цөөнгүй бий. Зөвхөн үзвэр үйлчилгээний газруудыг тоочиход л Соёлын төв өргөө, Улсын филармони, Дуурийн театр,  Уран зургийн галерей, Хүүхдийн номын ордон гээд хөвөрч өгнө. Үүн дээр нэмээд энэ хавьд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тоог гаргавал бас л овоо юм бий. Өнөө цагт ажил амьдралын шаардлагаар хүн болгон шахам унах унаатай болж, Соёлын төв өргөөний ойр орчимд ажлын байр нь байдаг бас ажил амжуулах гэж яваа нэгэнд нь энэ мэтийн нөхөд ихээхэн асуудал тарьж байгаа. Ядаж л машинаа зөв парклаад тавьчихгүй, тавилаа гэхэд хол хол зайтай машин хаагаад зам дагуулан хөндлөн хаячихаад хаашаа орсон нь мэдэгдэхүй алга болчихдог энэ мэтийн хэнэггүй нөхдөөр Улаанбаатар дүүрчихээд байна. Уг нь утасны дугаар мэтийг цаасан дээр бичээд үлдээчихвэл зохицож болдог л асуудал. Гэвч манайхны дийлэнх нь наад захын ийм соёлд суралцаагүй учраас асуудал ар араасаа хөвөрч байгаа юм.  

ОРОС ШИГ Л БАЙЯ

Уг нь замын цагдаа нар эдгээр хүмүүсийг цэгцлэх гэж үзэж байгаа. Машинаа хөндлөн хаяад алга болсон нөхдийн машиных нь дугаарыг хураагаад шар бичиг наасан харагддаг юм. Тэр бичгэн дээр нь торгуулийн мөнгө болох 10 мянган төгрөгийг тушаах дансны дугаар, хэнтэй холбоо барихыг нь бичсэн байдаг бөгөөд жолооч нар мөнгөө тушаасан л бол баримтаа авч очоод дугаараа авна. Үнэндээ бол өнөөдрийн нийгэмд 10 мянган төгрөг юу ч биш болчихоод байгаа. Тэр тусмаа энэ мөнгө том жийп хөлөглөсөн нөхдийн хувьд чихрийн цаас. Иймээс эдгээр хүмүүст оноох хариуцлагын арга хэмжээг чангалмаар байна. Яг Орос шиг. Учир нь ердөө энэ сарын эхний өдрөөс ОХУ-д нэгэн шинэ журам мөрдөгдөж эхэлжээ. Энэ журам машинаа дуртай газраа тавьдаг жолооч нарыг цэгцэнд нь оруулах зорилготой. Ингэхдээ замын түгжрэл бий болоход нөлөөлдөг гол хүчин зүйл нь жолооч нар машинаа буруу байрлуулсан, зогсоолгүй газар машинаа тавьснаас үүдэлтэй гэж үзсэн бөгөөд энэ ч утгаараа дүрэм зөрчсөн жолооч нарыг 1000-1500 рублиэр торгодог болж байгаа аж. Энэ нь торгуулийн хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэн гэсэн үг бөгөөд өмнө нь 100 рублиэр торгоод л өнгөрдөг байж. Тиймээс ийм аргыг манайд яагаад нэвтрүүлж болохгүй гэж. Машинаа замын голд, эсвэл зүлэг, мод бараадуулж хаячихаад шаардлага тавихаар элдвийг ярин пээдэлзэх нөхдөд оноох хариуцлагын арга хэмжээг өндөрсгөе. Торгуулийн хэмжээг 10 мянга биш 100, 200 мянга болгоё. Бусдын эрх ашгийг нэг удаа ч болтугай хүндэтгэж үзээгүй хүмүүс торгуулийн арга хэмжээг нэмлээ гээд гомдоллож гүйхгүй байлгүй.

Л.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж