-Өнөөгийн Монголын эдийн засгийн өсөлтийг дэлхийн түвшинтэй харьцуулахад хаана нь байна вэ?
-Эдийн засгийн өсөлт бол улс орны хөгжлийн гол үзүүлэлтийн нэг мөн. Хүмүүс эдийн засаг өснө гэхээр иргэдийн амьдрал дээшилж, хөрөнгөжих мэтээр төсөөлдөг. Тэгтэл “Ард түмний амьдрал бахь байдгаараа, ядуурал улам гаарсаар байхад дотоодын эдийн засгийн өсөлт урагшлаагүй нь ойлгомжтой” гэж ярих нь элбэг. Энэ нь эдийн засгийн боловсрол иргэдэд харилцан адилгүй байдагтай холбоотой. Товчхондоо эдийн засгийн өсөлт гэдэг тухайн орны нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний эцсийн өртгүүдийн нийлбэр гэж ойлгож болно. Нэг ёсондоо улс орон их хэмжээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байвал эдийн засгийн өсөлт нэмэгдэж байна гэсэн үг. Манай орны хувьд 2010 онд энэ өсөлт 6.4 хувь байсан бол 2011 онд 17.3 хувь болтлоо өссөн байна. Энэхүү өндөр үзүүлэлт нь эргээд иргэн бүрийн амьдралд энэ чигээрээ мэдрэгдэхгүй шүү дээ. Харин нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний тоо хэмжээ нь амьжиргааны түвшинд илүү бодитоор нөлөөлдөг. 2009 онд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын их шуурганд Монгол Улс ч өртөж, эдийн засгийн өсөлт 1.3 хувь болтлоо буурсан байдаг. Бусад улс харахад энэхүү өсөлтийн тоон үзүүлэлтээс илүү бодит чанарыг хүртээмжтэй, иргэдэд тэгш хуваарилсан зарчмыг баримталж байгаа нь зөв тусгалаа олсон байдаг. Үүнийг дагаад олон улсын түвшинд Монгол Улсын эдийн засгийн өсөлт хаана явна вэ гэдгийг жиших нь тун харьцангуй ойлголт байдаг. Учир нь зөвхөн 17.3 хувь гэсэн тоогоороо нэг уралдаж болно л доо. Харин хүн ам, ажиллах хүчний нөөцөөсөө шалтгаалаад дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл улс орнуудад харилцан адилгүй байдаг. Гэхдээ олон улсын байгууллагаас бүсчилсэн орнуудын дунд судалгаа хийсний үндсэн дээр дэлхийн эдийн засгийн дундаж өсөлтийг гаргадаг. Монгол Улс дундаж өсөлтөөс дээгүүр үзүүлэлттэй байгаа.
-Энэ өсөлтөд уул уурхайн салбар хүчтэй нөлөөлдөг. Тэгэхээр олборлох уурхайн ажилд гадаадын хөрөнгө оруулалт ихээр төвлөрөх нь дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд чухал дэм болдог байх нээ?
-Тэгэлгүй яахав. Эдийн засгийн өсөлтийг хэмжихдээ тухайн улсын хил хязгаар доторх бодит бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр илэрхийлдэг. Тэрхүү гадны хөрөнгө оруулалттай үйлдвэрлэл хаана явагдаж байна, тэр улсын эдийн засгийн хөгжилд нэмэртэй гэсэн үг. Иргэд энэ тал дээр өрөөсгөл ойлголттой явдаг. Харь орны хөрөнгөөр олборлосон баялаг бүхэлдээ тэдний халаас руу орчихгүй. Орлого хуваарилалтын зохих шатанд хөрөнгө оруулагч тал хувь хүртэх нь ойлгомжтой ч манай орны үйлдвэрлэл, дотоодын төсвийн орлогод том түлхэц болдог. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалтаас үргэж, эх нутагт маань эзэн суучих юм шигээр сэтгэхийн оронд дотооддоо наалдацтайгаар харилцан ашигтай хамтарч ажиллах нь чухал. Төр засгийн удирдлагууд салбар бүрийн хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа залгамж холбоог хадгалж, тогтвортой хөгжлийн бодлого баримтлах нь зүйтэй.
-Биет баялгаас гадна, залуусын шинэ санаачлага, бүтээлч сэтгэлгээ гээд оюунлаг талаасаа эдийн засгийн өсөлтөд яаж нөлөөлөх вэ?
-Байгалийн баялаг шавхагдашгүй зүйл биш шүү дээ. Тиймээс уул уурхайг дагаж бусад салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ чиглэлд ихэвчлэн үйлчилгээний салбарууд ажиллаж байдаг. Тэгэхээр нэгдсэн зохион байгуулалттай үйлчилгээг олон улсын түвшинд мэргэшүүлэн авч үлдэх нь бидний бас нэгэн давуу тал болж хадгалагдана. Мөн хүнд машин, механизмын мэргэжилтэн томоохон уурхайг дагаад олноор бэлтгэгдэж байна. Энэ нь эргээд дэлхийд үнэлэгдэх боловсон хүчнийг илгээх тал дээр чухал нөлөөтэй юм. Хөгжингүй орнуудын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол зангилаа нь үйлчилгээний салбарт төвлөрч байдаг онцлогтой. Манай орны хувьд уул уурхайг дагаад цаашдын эрчимтэй хөгжлийн эхлэлийг тавих чанартай боловсон хүчинг бэлтгэх нь хамгийн үнэт баялаг болно.
-Хурдацтай өсөн нэмэгдэж буй эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд бодитойгоор яаж мэдрүүлэх вэ?
-Энэ бол яах аргагүй хөндөх ёстой сэдвийн нэг. Манай орны хувьд янз бүрийн хэлбэрээр дорвитой алхам хийх гэж оролдож байна. Иргэдэд 21 мянга, сая төгрөгийг тараалаа. Хэдий хэл ам дагуулсан ч сар бүр энэ мөнгөөр амьдралаа залгуулж, 21 мянга буухаар хоногийн хоолтойгоо золгодог иргэд олон бий. Мөнгө тараалт бол цаанаа өнөөх л эдийн засгийн өсөлтөөс үүдэлтэй орлогыг иргэддээ тэгш хуваарилах гэсэн оролдлого юм. Гэхдээ үүнийг янз янзаар тайлбарлаж, өөрсдийн өнцгөөс ойлгож болно л доо. Ер нь хүмүүсийн хүлээж байгаагаар бол эдийн засгийн өсөлтөөс төвлөрсөн хөрөнгө, мөнгийг төр ард иргэддээ хувааж өгөөд амьдралыг нь дээшлүүлчих юм шиг л боддог. Харин эсрэгээр энэ бэлэн мөнгөний хуваарилалтыг багасгаж чадах юм бол иргэдэд бодитой дэм болно. Хэн бүтээж байна, түүнийг дэмжих хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрлэл мэтийн иргэдийн бий болгож байгаа баялгийг улам цэцэглүүлж, улсдаа төдийгүй дэлхийн түвшинд хүрээгээ тэлэхэд нь дэмнэе. Гараа хумхин сууж байгаад бэлэн мөнгө горилох биш, оюунаа уралдуулж, шинийг эрэлхийлж байгаад нь хөрөнгө оруулах нь зөв. Үр дүнтэй зарцуулсан мөнгө эргээд хэд дахин үржигдэж улсын баялагт нэмэгдэх болно. Нөгөөтэйгүүр нэгэн хэвшил болоод хавтгайрсан жижиг дунд үйлдвэрлэл олон байдаг. Эсгий эдлэл, гар урлал мэтийн бүтээгдэхүүнээс илүү шинийг сэдсэн, өөрчлөлт уламжлалыг хослуулсан бараа үйлчилгээг эрэлхийлэх шаардлагатай юм. Ийм алхмуудыг зориглохгүй байж, биднийг дэмждэггүй гэж өнөөх л хэвээрээ төрийн гар харах биш, шинэчлэлтийг дор бүрнээ эхлүүлмээр байна даа.
-Улс орны эдийн засгийн өсөлт нэмэгдэх тусам инфляци газар авдаг. Тэгэхээр үнийн өсөлт мэтийн дагалдах сөрөг нөлөөллийг хязгаарлах боломж бий юу?
-Зах зээлд бэлэн мөнгөний нийлүүлэлт ихсэхийн хэрээр бараа бүтээгдэхүүний ханш нэмэгдэх нь хэвшил болжээ. Худалдан авагч 21 мянган төгрөгөө аваагүй үедээ сонгох, мөнгөө авсны дараа сонгох бараа хоёр чанарын ялгаатай. Тэгэхээр худалдагч этгээдүүд бараа нь их борлогдох тусам үнээ нэмж, ашгаа өсгөхийг боддог байх нь. Мөн үнийг нь далимдуулаад наймаачид бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ өсгөхийн оронд үнээ нэмдэг. Энэ нь манай оронд нийлүүлэлтийн тогтолцоо зөв голдиролтой хөгжөөгүйн нэг илрэл юм. Аль ч төрлийн бараа бүтээгдэхүүн “ченж” буюу дамын худалдаачдаар дамжиж байна. Дундаас нь мөнгө унагахын тулд хиймлээр үнэ хөөргөдөх явдал газар авсан. Тэгэхээр бүтээгдэхүүн үйлчилгээний салбар дахь борлуулалтын системд анхаарч, зохион байгуулалттай сүлжээ дэлгүүрээр иргэдэд үйлчлэхэд чиглэж ажиллах хэрэгтэй. Мөн иргэдийн эдийн засгийн боловсрол туйлын чухал. Манайхны дунд ам дамжсан яриа түргэн газар авдаг шүү дээ. Хэн нэгэн гурилын үнэ нэмэгдэнэ гээд цуурхал дэгдээчихвэл түүнийгээ нягтлаагүй байж тэр дор нь итгээд л, гарч гүйгээд гурилаа базааж авдаг. Үнэн хэрэгтээ хэлбэлзэлгүй байсан гурилын үнэ иргэдийн эрэлтийг далимдуулаад харин ч үнээ нэмдэг тохиолдол бий.
-Залуу эдийн засагчийн хувьд Монгол орны эдийн засгийн хөгжлийн хэтийн төлвийг юу гэж боддог вэ?
-Миний хувьд маш гэрэл гэгээтэйгээр хардаг. Ирэх наймдугаар сараас “Оюутолгой” компани эхний хүдрээ боловсруулж эхлэх гэж байна. Цаашдаа олон уурхай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нийлүүлж эхэлнэ. Энэ бүхний үр дүнд улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, баялгийн нөөцөд онцгой нөлөөлөх нь ойлгомжтой. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд зөв өнцгөөр тусгах, баялгийг тэгш хуваарилах, орлогыг өсөн нэмэгдүүлэх чиглэлээр бүтээн байгуулалтыг өрнүүлэх нь чухал юм. Хойч үе маань өдөр ирэх тусам мэдлэг, чадвараар баяжигдаж байна. Ирээдүйд чин сэтгэлээсээ эх орныхоо төлөө дуугарах залуу улам олширно гэдэгт итгэлтэй байдаг.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин