Том боломжийг жижиг атгаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Том боломжийг жижиг атгаж болохгүй

БНСУ-ын Ёсү хотноо зохион байгуулагдаж буй олон улсын үзэсгэлэнд оролцож байгаа манай улс өнгөрсөн мягмар гарагт үндэснийхээ соёл урлагийг сурталчлах өдрийг амжилттай зохион байгуулсан талаар өмнө мэдээлсэн билээ. Энэ удаа тус арга хэмжээнд оролцсон хүмүүстэй экспог тойрсон асуудлаар хөөрөлдсөнөө хүргэе.

Б.БАТХИШИГ: БИД ДАЛАЙН БАЯЛГААС ХУВЬ ХҮРТЭХ ХЭРЭГТЭЙ


-Үндэсний нээлттэй өдрийг тохиолдуулан Монголоос очсон төлөөлөгчдийн багийг ахалсан ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишигтэй уулзаж, түүний сэтгэгдлийг сонсон юм.

-Эх газрын Монгол далайн эргийн орнуудын үзэсгэлэнд оролцож байгаа нь анхаарал татаж байна л даа. Ач холбогдлыг нь үнэлбэл …?
-Далай бол тээврийн хэрэгслийн нэг гол зам. Мөн дээр нь далайд газар дээр байдаггүй төрөл бүрийн амьтад болон ховор металь ихээр байдаг. Урьд өмнө мэдэгдээгүй далайн амьтдын төрөл зүйлүүдийг шинээр нээсээр байна. Тиймээс цаашид далайг илүү гүн гүнзгий судалж, баялгийг нь ашиглах, боловсруулах, нөөцийг нь хамгаалах, эрэг орчмын нутгийг хөгжүүлэхэд технологийн дэвшлийг ашиглах зэрэг асуудлууд дээр улс орнууд хамтарч ажиллах шаардлага тулгарч байна. Монгол улс далайгаас хол байдаг гээд хойш суугаад байж болохгүй. Бид далайд гарах гарцаа нэмэгдүүлэх, улмаар далайн баялгаас хүртэх боломжоо дээшлүүлэх талаар арга зам эрэлхийлэх ёстой. Экспод оролцож байгаа нь ч энэ зорилгыг агуулж байгаа юм. Түүнчлэн “Далайд гарцгүй орнуудын судалгааны төв”-ийг Улаанбаатарт байгуулах гэж байна. НҮБ-ын шийдвэр гарчихсан байгаа. Энэ төвийг байгуулснаар дээрх асуудлуудыг тодорхой үндэслэл тооцоотойгоор тавьж, шийдвэрлэх болно.

-Та хэд хэдэн орны павильоноор зочилсон. Ямар сэтгэгдэл төрөв?

-Бид герман, эмират, солонгос зэрэг орнуудын павильоноор орж сонирхоход, тэд технологийн дэвшлийг  ашиглаж, хэлэх гэсэн санаагаа нэн сонирхолтойгоор үзүүлж байлаа. Тухайлбал, эмиратынхны үзүүлж буй  богино хэмжээний кинонд яст мэлхий пластик уут идсээр яваандаа хордож, үхэж байгаагаар гялгар уутны хор хөнөөлийг үзүүлж байна. Тус улс  2013 оноос пластик уутыг хэрэглээнээс бүрмөсөн гаргах шийдвэр гаргасан юм байналээ. Далайд хог хаягдал их хэмжээгээр хаясаар байна. Энэ нь амьтан, ургамлын эрүүл өсч торниход сөргөөр нөлөөлж байна. Үүнийг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр экспод оролцогчид анхаарлаа нэлээд хандуулж байгаа нь анзаарагдсан. Бид хэдийгээр далайгүй ч гэлээ гол, нууруудаа хамгаалах тал дээр анхаарах ёстой. Мөн түүнчлэн далайн аюул гамшгийг урьдчилан мэдээлэх төхөөрөмжийг бидэнд үзүүллээ.

-Бид экспод оролцсоноор улс орноо хангалттай сурталчилж чадаж байна гэж үзэж байна уу? 
-Бусад орнууд бодлогоо түлхүү сурталчилж байна. Харин манайх экспод оролцохдоо ихэвчлэн түүхийн дурсгалт зүйл буюу өнгөрснөө харуулж ирлээ. Цаашид хөгжил дэвшлийг үзүүлэх ёстой. Шинэ технологи, инновацид ямар амжилт гаргаж байна вэ гэх мэт орчин үеийн асуудалд голлон анхаарч, үзэсгэлэнгийн үзмэр, зохион байгуулалт, агуулга, бодлого дээр ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлт хийлээ.

Б.ТӨГӨЛДӨР: МАНАЙ УРЛАГИЙНХАН ЖИЖИГХЭН ПАВИЛЬОНЫГ МААНЬ ТОМ ХЭМЖЭЭНД ХАРУУЛЖ ЧАДЛАА

Монголын Павильоны дарга Б.Төгөлдөртэй уулзаж ярилцлаа. Англи, солонгос аль альнаар нь ярьчихдаг болохоор нэг дор байрлах номхон далайн орнуудын павильонуудын ажилчид болон солонгосын талын хооронд ”гүүр” болж, тэр хавьдаа “зохицуулагч”-ийн үүрэг гүйцэтгэчихдэг тэрбээр улс орноо дэлхийн олон орны иргэдэд нэгэн зэрэг сурталчлан таниулах том боломжийг жижгээр атгаж авч болохгүй гэдгийг онцлон хэлсэн юм.

-Монгол улс энэ удаагийн экспод ямар сэдвээр оролцож байгаа вэ?
-Экспод оролцож байгаа 104 орны дунд манайхтай адил эх газрын улс хэд хэд бий. Би Япончуудын хийсэн нэгэн судалгааны талаар сонсч байсан. Хөвсгөл далай орчмын газар доорх цэвдэг 10 см доошлоход, япон, солонгосын далайн түвшин 1 метрээр багасч байдаг юм байналээ. Тэгэхээр азийн усны зүрх болсон Хөвсгөл далайгаа хүмүүст таниулах зорилгоор бид энэ үзэсгэлэнд оролцож байна. Тиймээс Хөвсгөл далай болон түүний ойр орчмын амьдралыг дүрслэн харуулсан бичлэг, зурагнууд, мөн 13-р зууны үеийн монгол цэргүүдийн хэрэглэж байсан усны сав зэрэг устай холбоотой эртний эд зүйлүүдээр павильоноо чимэглэсэн.

-Үнэнийг хэлэхэд, манай павильон өмнөх үзэсгэлэнгүүдтэй харьцуулахад арай л даруухан, даржин харагдах юм. Хөрөнгө санхүүтэй холбоотой юу эсвэл ач холбогдол өгөхгүй байна уу?
-Нэгдүгээрт, цаг хугацаа давчуу байлаа, хоёрдугаарт хөрөнгө мөнгөний асуудал байна. Мөн холбогдох газрууд ач холбогдол, үр дүнг нь дутуу үнэлээд байгаатай холбоотой болов уу. Гэсэн хэдий ч манай баг нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, сайн ажиллаж байгаа гэж үзэж байна.

-Павильоны өртөг болон талбайн түрээсийг БНСУ-ын Засгийн газар дааж байгаа гэсэн. Ер нь зохион байгуулагч талаас болон манайхаас хэдий хэмжээний хөрөнгө зарцуулаад байгаа вэ?

-Энэ павильоныг засч тохижуулахад солонгосын талаас хэдий хэмжээний хөрөнгө гаргасныг би сайн мэдэхгүй байна. Манай талаас ажилчдын цалин болон нээлттэй өдөр зэрэг бусад зардлаа хариуцаж байгаа. Миний хувьд энд Монгол улсаа сайн сурталчлах, ирсэн үзэгч бүрийг танилцуулга, материалаар хангаж өгөх үүрэгтэй.

-Монголын павильоныг хэр их хүн үзэж сонирхож байна?
-Өдөрт дунджаар 40-50 мянган хүн экспог үздэг. Үүнээс 10 орчим хувь нь манай павильоноор зочилдог гэж үзвэл, өдөртөө 4000-5000 орчим хүн, өнөөдрийн байдлаар нийтдээ 250 мянга орчим хүн үзээд байна.

-Экспогоос хүсэн хүлээж байгаа үр дүн …?

-Бидний хүсэн хүлээж байгаа гол үр дүн бол монголыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх явдал юм. Манайд ирсэн жуулчдын 90 орчим хувь нь Хархориныг үздэг. Тэдгээр жуулчдын урсгалыг  цааш Хөвсгөл рүү сунгаж чиглүүлэх нь чухал.

-Манай нээлттэй өдрийн хүрээнд хийгдсэн Хүндэтгэлийн концерт үзэгчдийн сэтгэлийг нэлээд хөдөлгөж, павильоноосоо дутахааргүй том сурталчилгаа хийх шиг санагдсан …
-Тийм ээ, манай үндэсний өдрийн тоглолт үнэхээр сайхан болж өнгөрлөө. МУГЖ С.Эрдэнэцэцэг, “Хөсөгтөн” хамтлаг, “Үндэсний дуу бүжгийн чуулга”-бүжигчид, уран нугараач Цэцэглэн гээд манай урлагийн  төлөөллүүд монголынхоо ардын урлагийн гайхамшгийг үзэгчдэд мэдрүүлж, бишрүүлж чадсанд сэтгэл өндөр байгаа. Энэ сайхан тоглолтыг найруулж ажиласан Болд найруулагчдаа бас талархсанаа илэрхийлье. Үзэсгэлэнгийн турш оролцогч орон бүрт нэг өдрийг сонгож, соёл урлагаа сурталчлах боломжийг олгодог. Гэхдээ экспогийн энэ танхим ингэж дүүрч байхыг би анх удаа харлаа. Алга ташилт ч тасралтгүй нижигнэж байсан. Манай урлагийнхан ирснээрээ жижигхэн павильоныг маань том хэмжээнд харуулж чадлаа. Дараа дараагийн үзэсгэлэнгүүдэд урлагийн тоглолтыг нэг өдөр зохион байгуулаад өнгөрөх биш өдөр бүр их, бага хэмжээгээр хийгээд байх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Ер нь цаашид бид улс орноо дэлхийн олон оронд нэгэн зэрэг сурталчлах энэ том боломжийг томоор атгаж авах хэрэгтэй.

 

Д.БЯМБАХОРОЛ:  ЁСҮГИЙН ТЭНГЭРТ ОД ХАРАГДДАГ

Монголын нээлттэй өдөрлөгт солонгос улсад ажиллаж амьдарч байгаа 30 гаруй монгол ирж оролцов. Тэдний зарим нь Сөүлээс ирсэн бол зарим нь Ёсүд амьдардаг гэнэ. Монголчууд маань тоглолтын дараа тайзны өмнө цугларцгааж, зургаа авахуулж хэсэг бужигнав. Ёсүд суурьшсан Д.Бямбахорол гэх бүсгүйтэй цөөн хором хөөрөлдсөнөө сонирхуулъя.

-Та аль хотоос ирэв?
-Би Ёсүгийн иргэн. Энд амьдраад 9 жил болж байна.

-Тэгэхээр та солонгос хүнтэй гэр бүл болсон гэсэн үг үү?
-Тийм ээ, би монголд байхдаа нөхөртэйгээ танилцаж, түүнийг даган солонгост ирсэн. Бид 8-10 насны 2 хүүхэдтэй.

-Танай гэр бүлийнхэн хоорондоо монголоор ярьдаг уу?

-Нөхөр маань монголоор маш сайн ойлгодог, тэгээд солонгосоор хариулдаг. Харин хүүхдүүд маань монголоор “Хайртай шүү” гэдэг ганцхан үг мэднэ.

-Энд ирснээсээ хойш нутгаа эргэсэн үү?

-Би монголдоо гурван удаа, хүүхдүүд маань хоёр удаа очсон. Өнөөдөр монголынхоо тоглолтыг үзээд маш их сэтгэл хөдөлж, өөрийн эрхгүй нулимс асгараад байсан. Нутгаа санаж байгаагаа өнөөдөр илүү ихээр мэдэрлээ. Өмнө нь энэ экспод 5 удаа орж ирэхдээ дандаа монголоос экспог зорьж ирсэн хамаатан саднуудаа дагуулж ирсэн. Энэ удаа ганцаараа ирлээ.

-Тэгвэл яагаад гэр бүлээрээ монголдоо очиж амьдарч болохгүй гэж?

-Энэ бол манай гэр бүлийнхний мөрөөдөл. Бид хэзээ нэгэн цагт монголдоо очиж амьдарна.

-Ёсүд танаас гадна хичнээн монгол хүн амьдардаг юм бол?

-Энд албан ёсоор байнга амьдардаг 11 монгол гэр бүл байдаг. Мөн хараар ажилладаг 30 гаруй монгол байдаг.

-Хэр идээшиж байна даа?
-Манай хоёр улс нийгэм, соёл иргэншлийн хувьд нилээд ялгаатай. Монголчууд маш чөлөөтэй, задгай байдаг бол солонгосчууд хувцаслалтаас эхлээд л асар их нарийн дэглэмтэй. Нөхөр болон хадмууд маань эндхийн уугуул болохоор би энд ирсэн. Эхэндээ дадаж, сурахад хэцүү зүйл их байлаа. Харин одоо олон зүйлд дасчээ. Би өөр хотод очихоороо ерөөсөө унтаж чаддаггүй. Ёсү маань солонгосын хамгийн нам дор газар байрладаг болохоор үүгээрээ монголтой төстэй. Бас эндээс од харагддаг бол Сөүлд харагддаггүй.

-Хотынхоо тухай сонирхуулаач?
-Далайн хамгийн том боомтыг эзэлдэг. Том том үйлдвэрүүдтэй. Экспод зориулж асар их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийсэн. Бэлтгэл ажил нь гурван жилийн өмнөөс эхэлсэн. Энд байгаа Монголчууд биднийг хүртэл экспогийн талаар сургалтанд хамруулж, үнэмлэх олгосон. Орчуулга хийлгэх гээд. Өмнө нь Ёсүд жуулчид ийм олноороо ирдэггүй байсан. Цаг агаарын хувьд өвөлдөө цас бага ордог, зундаа хэт халуун биш, тун таатай газар.

-Ёсү хот амьжиргааны өртөг хэр өндөр вэ?
-Ёсүгийн амьдралын түвшин бусад хотоос нилээд дээгүүрт ордог. Учир нь олон үйлдвэртэй болохоор ажлын байр хангалттайн дээр өндөр цалин өгдөг. Гэхдээ төвөөсөө алслагдсан болохоор хувцас хунар, эд бараа нь маш үнэтэй, харин далайн гаралтай бүтээгдэхүүнүүд харьцангуй хямд.

-Та хоёр ямар ажил эрхэлдэг вэ?

-Би уг нь анагаахын сургууль төгссөн, уламжлалт эмчилгээний их эмч мэргэжилтэй. Гэсэн ч сургуулиа төгсмөгцөө шууд энд ирсэн болохоор мэргэжлээрээ ажиллаж чадаагүй. Бид хоёр эндхийн ихэнх иргэдийн нэгэн адил үйлдвэрт ажилладаг.

Баярлалаа. Танай гэр бүлийнхэнд сайн сайхныг хүсье.

ЛИ ЖОН ХИ: ЁСҮ ХОТЫГ ЦААШИД УСАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХӨГЖҮҮЛНЭ


1949 онд байгуулагдсан Ёсү хот одоогоор 300 мянга орчим  хүн амтай. Нийслэлээсээ онгоцоор 1 цаг, хурдны замаар 5 цаг орчим давхиад хүрэх далайн эргийн энэ жижигхэн хотод хөгжил авчрах гэж олон улсын экспог зохион байгуулах шийдвэр гарчээ. Экспо зохион байгуулах ажлын хэсгийн ерөнхий комиссар нь Ли Жон Хи. Монголд ирж үзээгүй ч татар, хүннү гэх мэт монголын түүхийг гадарлах энэ эрхэмтэй уулзаж, үзэсгэлэнгийн талаар ярилцсан юм.


-БНСУ-ын Засгийн газар экспог зохион байгуулахдаа чухам яагаад Ёсүг сонгосон юм бэ? Энэ хотын эдийн засаг, соёлынх нь онцлогийг сонирхуулаач?
-Манай улс энэ удаагийн Олон улсын экспог зохион байгуулах эрхийг авсны дараа юуны өмнө сэдвээ сонгох хэрэгтэй болсон. Ингээд “Далай ба далайн эргийн амьдрал” сэдвийг сонгосон. Үүний дараа хаана хийх вэ гэдгээ шийдэх хэрэгтэй болсон. Мэдээж, сэдэвтэйгээ уялдаж, далайн эрэг дээрх хот, тосгон байх нь зүйтэй гэж үзсэн. Үүнд улсын маань өмнөд хэсэгт орших далайн эргийн хотууд, тэр дундаа Ёсү хот байх нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Учир нь энэ хотын үүсэл хөгжил далайтай шууд холбоотой байдаг. Нэлээд аж үйлдвэржсэн хот.  LG, Sumsung зэрэг солонгостоо төдийгүй дэлхийд алдартай компаниудын үйлдвэрлэл, газрын тосны олборлолт, боловсруулалт энд явагддаг. Гэсэн хэдий ч хөгжлийн хувьд Сөүл, Пусан зэрэг хотуудтай харьцуулахад нэлээд хоцрогдож байсан болохоор энэ боломжийг ашиглан, Ёсүг хурдтай хөгжүүлэх зорилт тавьсан.

-Экспод зориулсан барилга байгууламжуудыг дараа нь үргэлжлүүлэн ашиглах  уу эсвэл нураах уу?
-Экспод зориулж гурван жилийн турш нэлээд бүтээн байгуулалтыг хийлээ. Яг экспо дотор 70 гаруй барилга шинээр барьсан. Тэдгээрээс үндсэн сэдвийн дагуу барьсан далайн эрэг дээрх нэг барилга, солонгосын павильон, олон улсын павильон зэрэг цөн хэдэн барилгыг үлдээнэ. Бусдыг нь нураана. Анхнаасаа түр зориулалтаар барьсан. Экспо зохион байгуулсан газрыг цаашид усан аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх юм. Сөүл хот болон ойр орчсын дүүргүүдээс 10 мянга орчим сайн дурын ажилтныг сонгон шалгаруулж, экспод ажилуулж байгаа. Тэдгээр түр ажилчдад зориулж барьсан орон сууцнуудыг нутгийн иргэдэд худалдаж борлуулахаар оршин суугчидтай гэрээ байгуулж байна. Зочид буудлын хувьд цашид ямар зорилгоор ашиглахыг барьсан компани нь шийднэ.

-Одоогийн байдлаар экспог хичнээн хүн үзээд байна вэ?

-Нээгдсэнээс хойш одоогийн байдлаар 2,8 сая орчим хүн экспог үзээд байна. Өдөрт дунджаар, 50 мянга орчим хүн үздэг. 8-р сарын 12 гэхэд экспог нийт 8 сая орчим хүн үзчих болов уу гэж тооцоолж байгаа.

-Гадаадын жуулчид хэр их зорин ирж байгаа бол?

-Гадаадын жуулчны тоог тусгайлан гаргах боломжгүй. Учир нь экспо уруу нэвтрэхэд бид бичиг баримтыг нь шалгадаггүй. Гэхдээ нийт үзэгчдийн 30 орчим хувь нь гадны жуулчид гэж таамаглаж байна.

-Манай хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Энэхүү экспогийн нөлөөгөөр манай хоёр орны соёлын харилцаа, ялангуяа аялал жуулчлалын салбарт ахиц гарна гэдэгт би итгэлтэй байна.

Танд баярлалаа

Сэтгүүлч миний бие Монголын нээлттэй өдрийг тохиолдуулан, Ёсүгийн экспогоор  хоёр өдөр аялахдаа зарим зүйлд сэтгэл дундуур байснаа нуух юун. Тус улсын Засгийн газар экспог угтаж ихээхэн бүтээн байгуулалтыг өрнүүлсэн ч гэлээ зохион байгуулалтын хувьд дутмаг зүйл нэлээд анзаарагдаж байлаа. Тухайлбал, экспод ажиллаж байгаа сайн дурын ажилтнууд англи хэлний мэдлэг маруухан, тэдний дунд төөрсөн хүний асуултанд хариулаад, зам заагаад өгчих чадваргүй залуус олон байв. Уг нь Сөүл болон ойр орчмын дүүргүүдээс 10 мянга орчим сайн дурын ажлтныг сонгон шалгаруулж авсан юм билээ. Нисэх буудал дахь худалдаа, ресторан гэх мэт үйлчилгээний ажилтнууд ч англи хэлээр муухан ойлгоно.

Мөн жуулчдад гарын авлага болох экспон газрын зургийг хэвлэмэлээр тарааж байсан ч гудамж талбайд, хүний нүдэнд ил харагдахуйц газар томоор байршуулсан нь тун ховор байлаа.

Гэсэн хэдий ч далай доторх амьдралыг 3D технологиор үзүүлэх дэлхийн хамгийн том дижитал галарей, “Big O show”, улс үндэстнүүдийн шоу тоглолт, үзэсгэлэнгүүд гээд үзэх, сонирхох зүйл ихтэй Ёсүгийн экспогоос санаа авах, суралцах зүйл их байна.  Үүнийг холбогдох албаны хүмүүс ч нүдээр үзэж, хүлээн зөвшөөрөн, цаашдынхаа ажилд тусгахаа илэрхийлж байгаа нь бидний хувьд ололт юм даа.

“Экспо 2012” үзэсгэлэн нийт 93 хоногийн турш үргэлжлэх бөгөөд ирэх наймдугаар сарын 12-нд хаалтаа хийнэ.

 Э.ИРЭХБАЯР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж