”Бүжиггүйгээр нэг ч хонохгүй, бас болохгүй”

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

”Бүжиггүйгээр нэг ч хонохгүй, бас болохгүй”

Бүжиг дэглээч С.Сүхбаатар Улсын филармонид найруулагчаар ажиллах болсон. Түүнийг бүжиггүйгээр төсөөлөхгүй байгаа тул зорьж очиж энэ тухай өөрөөс нь лавласан юм.


-Таны ажил сайн уу. Яагаад энд ажиллах болов оо?

-Яагаад болохгүй гэж?

-Болно л доо. Гэхдээ л Филармони гэдэг хөгжмийн урлаг давамгайлсан байгуул­лага. Гэтэл та бүжиггүйгээр нэг ч хонож чадахгүй хүн шүү дээ?

-Бүжиггүйгээр нэг ч хо­нож ча­дах­гүй гэдэг үнэн, бас болохгүй. Монгол Улсын бүжгийн чуулга гэж өнөөдөр бий болж амжаагүй байхад би зүгээр сууж чадахгүй. Тэгээд ч филармони гэдэг зөвхөн хөгжим тоглодог газар биш. Энэ бол урлагийн олон төрлийг хамарсан концертын байгууллага. Найруу­лагч заавал байх ёстой.

-ҮДБЭЧ-ын томоохон бү­рэл­дэхүүн хэсэг нь бүжиг. Үүнийг улсын чуулга гэж ойлгож болохгүй юу?

-Тэр бол ҮДБЭЧ гэдэг уран бүтээлийн байгууллагын л нэг хэсэг нь. Түүнээс биш улсын чуулга биш. Монгол Улсын бүжгийн чуулга өргөн бүрэлдэхүүнтэй, баялаг урын сантай, чанартай уран бүтээлтэй, сайн бүжигчидтэй улсын нэрийн хуудас болсон бүрэлдэхүүн байх ёстой.

-Морин хуурын чуулга шиг үү?

-Тийм.

-Таныг ийм чуулга бай­гуулах гэж байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Уран бүтээлээ нэг л өдөр үзүүлнэ.

-Та Филармонид найруу­лагчийн хувиар ямар ямар ажил амжуулахаар төлөвлөө вэ?

-Хүмүүс намайг бүжиг дэглээч гэдгээр хүлээж аваад сурчихаж. Би чинь бүжигчин, бүжиг дэглээч, концертын найруулагч хүн шүү дээ. Найруулагч мэргэжлээр сургуулийг нь төгссөн. Улсын филармонийн уран бүтээлчидтэй  анх удаа ажиллах гэж байгаа юм биш. Өмнө нь хийсэн бүтээлтэй. Харин найруулагчаар албан ёсоор ирсний хувьд гараас гаргах анхны ажил бол “Баян Монгол” чуулгын шинэ уран бүтээл байх болно. Улсын филармони байгуулагдсаны 40 жилийн ой ирэх намар болно. Бэлтгэл ажил эхлээд байна. Бид хэрхэн гар нийлж ажиллаж байгаагаа харуулах болно оо. Би өөр газар харьяалагдах болсон ч бүжгээ,  бүжгийн жүжгээ тавьсаар байх болно. “Чингисийн алтан ураг” бүжгийн жүжгээ дахин ҮДБЭЧ-ын тайзнаа тавихаар ерөнхий төлөвлөгөө гаргаад байгаа.  

-Гэхдээ л таныг хүмүүс бүжгийн орчноос холдлоо гэж хараад, хардаад байна даа…

-Би Монголын бүжгийн урлагийг дэлхийд гаргаж байж санаа амарна. Тэгэхээр энэ урлагаас холдоогүй байгаа биз дээ. Өнөөдрийнх шиг ийм бачуу давчуу нөхцөлд ажиллаж чадахгүй. Би уран бүтээлч хүн болохоос, авах идэхийн ч  юм уу, хожихын хэнээ туссан хүн биш.

-Чуулгад ажиллахаа больсон нарийн шалтгаан байна даа, юу юм?

-Филармонийн найруулагчийн хувиар анхны ажлуудаа гаргаадхая. Тэгж байгаад ярья. Сэвжидийн Сүхбаатар бүжгээ орхиод хаачих вэ дээ. Тэр чинь миний хувьд нууц амраг юм чинь.

Р.ОЮУНАА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж