С.Батцэцэгийг олимпод илгээхээр шийджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

С.Батцэцэгийг олимпод илгээхээр шийджээ

Лондонгийн зуны олимпийн наадам эхлэхэд гуравхан долоо хоногийн хугацаа үлдээд буй энэ цаг мөчид Монголын чөлөөт бөхийн холбооноос олимпийн наадамд зодоглох тамирчдаа албан ёсоор сонгон, баталжээ. 12 дахь олимпдоо оролцохоор бэлтгэл сургуулилтаа чамбайруулан буй Монголын үндэсний шигшээ багийн тамирчид чөлөөтийнхнийг эс тооцвол эцсийн байдлаар тодроод байсан юм. Харин МЧБХ-ны удирдлагууд өчигдөр орой хуралдаж, олимпийн багаа баталснаар “Лондон-2012”-т эх орноо төлөөлөх Монголын баг бүтэн боллоо.

Монголчуудын олимпийн түүхэнд арвин намтартай чөлөөтийнхөн “Лондон-2012” наадмын сонгон шалгаруулах тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд тамирчдаа сойх эрх авсан. Тодруулбал, эмэгтэйчүүдээс Д.Отгонцэцэг /48 кг/, С.Бямбацэрэн /55 кг/, О.Насанбурмаа /63 кг/, О.Бурмаа /72 кг/ нар, харин эрэгтэйчүүдээс Б.Наранбаатар /55 кг/, П.Өнөрбат /74 кг/, О.Үйтүмэн /84 кг/, Ж.Чулуунбат /120 кг/ нарын тамирчид олимпийн эрх олгох тэмцээнд амжилттай зодоглосноор Лондонг зорих эрхээ авсан билээ. Гэхдээ Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны дүрмийн дагуу аливаа тамирчны авсан эрх улсад нь хамаатай, тодруулбал, тамирчинд буюу улсад нь өгсөн эрх гэж ойлгож болох юм. Тиймээс тухайн жинд ямар тамирчнаа олимпийн дэвжээнд сойхыг улс нь шийдэх учиртай. Ингээд FILA-гийн дүрэмд олимпод оролцох улс орнууд багийн мэдүүлгээ долдугаар сарын 9-ний дотор ирүүлэх ёстой гэсний дагуу Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага өчигдөр хуралдаж, асуудлаа цэгцэлжээ.

Ингэхдээ ерөнхийд нь 2011 оны ДАШТ болон бусад эрх олгох тэмцээнээс олимпийн эрхээ өвөртөлсөн тамирчдыг тухайн жинд нь илгээхээр сонгосон байна. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн оронд Гавьяат тамирчин С.Батцэцэгийг олимпод явуулахаар болжээ. Монголын чөлөөтийн түүхэнд дэлхийн аварга анхны эмэгтэй болсон тэрбээр 2010 оны ДАШТ-д 59 кг-ын жинд барилдаж, дэлхийн аварга цол хүртэж байсан юм. Гэхдээ олимпийн наадмын хөтөлбөрт эмэгтэйчүүдийн 59 кг-ын жин багтдаггүй тул С.Батцэцэг жин өгсч, 63 кг-ын жинд зодоглох болж байгаа юм.

“Лондон-2012”-т зодоглох Монголын чөлөөт бөхийн тамирчид:

Эрэгтэй:

55 кг: Гавьяат тамирчин Б.Наранбаатар
74 кг: ОУХМ П.Өнөрбат
84 кг: ОУХМ О.Үйтүмэн
120 кг: ОУХМ Ж.Чулуунбат

Эмэгтэй:

48 кг: ОУХМ Д.Отгонцэцэг
55 кг: ОУХМ С.Бямбацэрэн
63 кг: Гавьяат тамирчин С.Батцэцэг
72 кг: Гавьяат тамирчин О.Бурмаа

Дашрамд, Монголын чөлөөт бөхийн холбооноос өгсөн мэдээлэлд дээрх тамирчдын нэрсээс гадна чөлөөтийн багийг ахлах албаны хүмүүс, багийн эмч, олимпийн наадмын тэмцээнийг дэнслэх шүүгч болоод дасгалжуулагчдын багийг танилцуулжээ.

“Лондон-2012” олимпийн наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн багийн даргаар МЧБХ-ны ерөнхийлөгч Л.Чинбат явах бол холбооны генсек Г.Бат-Эрдэнэ багаа ахлах гэнэ. Түүнчлэн МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж, Х.Бат-Эрдэнэ нар олимпийн багт багтжээ.

Дасгалжуулагчдын тухайд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Баярсайхан, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар олимпийн дэвжээнд тамирчдаа бэлтгэх юм. 

Түүнчлэн Олимпийн зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэр шүүгчээр ажиллах бол багийн эмчээр БТСГ-ын Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат, илээч М.Саранцацрал нар Лондонг зорихоор болсон байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж