Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатад холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнгөрсөн тавдугаар сарын 30-нд хянан хэлэлцээд, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгосон юм. Энэ шийдвэрийг улсын яллагч буюу прокурор Ц.Уртнасан эсэргүүцэж, УЕПГ-т эсэргүүцэл бичсэн байна. Тиймээс прокурорын эсэргүүцлийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.
Сануулахад, Тэрээр Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасч, 3.6 жил хорих ял оноосныг дараа нь хэрэгсэхгүй болгосон юм.
Д.ЖАРГАЛ