Бүү санаа зов, шар айраг хүрэлцээтэй

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Бүү санаа зов, шар айраг хүрэлцээтэй

Хөлбөмбөгийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ирж үзэх фэнүүд санаа зоволтгүй, бүгдэд шар айраг хүрэлцэх болно гэж Өмнөд Африкийн хамгийн том шар айраг үйлдвэрлэгч “South African Breweries” компанийн гүйцэтгэх захирал Norman Adami мэдэгдлээ. Тус компани нь олон улсад пиво үйлдвэрлэдэг “SABMiller” компанийн охин компани бөгөөд Өмнөд Африкт зарагдаж байгаа арван шил пиво тутмын есийг нь үйлдвэрлэдэг.

Дэлхийн аваргын үеэр пивоны эрэлт таван хувиар нэмэгдэж, 30 сая шил пиво нэмж хэрэглэгдэх болно гэж тус “South African Breweries” тооцоолж байна. Дэлхийн цомын аваргыг гадаадын 373,000 зочид төлөөлөгчид ирж үзэж сонирхох болно гэж зохион байгуулагчид одоогоор тооцоолж байгаа. Энэ нь 450,000 зочин ирэх болно гэж анха тооцоолж байснаар харьцангуй бага хэмжээ. Дэлхийн эдийн засгийн хямрал ирж үзэх зочдын тоо ийнхүү буурахад нөлөөлсөн бололтой. Түүнчлэн Өмнөд Африкийн баг сул багуудын нэг тул цомын тэмцээн зохион байгуулсан улсуудын багуудаас хамгийн түрүүлж тэмцээнээс хасагдсан баг болж рекорд тогтоож магадгүй гэж зарим зохион байгуулагч болгоомжилж байна.

“SABMiller” компанийн өрсөлдөгч “Anheuser-Busch” компанийн “Budweiser” пиво “FIFA”-гын албан ёсны түнш бөгөөд стадион дотор зарагдах зөвшөөрөлтэй цорын ганц пиво юм. Харин “SAB” дэлхийн цомын тэмцээн явуулах хотууд дахь “FIFA”-гын фэнийн үйлчилгээний паркуудад зарагдаж болно. Тэгэхдээ “FIFA”-гын хатуу шалгуурын дагуу ямар нэг таних тэмдэг, шошгогүй байх ёстой ажээ.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж