Л.Цог: Гурван гишүүн эвслийн шийдвэрээр түр хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Л.Цог: Гурван гишүүн эвслийн шийдвэрээр түр хүлээж байна

УИХ-ын анхдугаар чуулганаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтаар нэр дэвшин СЕХ-ноос гишүүний түр үнэмлэхээ авсан О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нарын бүрэн эрхийг баталгаажуулалгүй үлдээсэн юм. Яагаад ингэсний шалтгааныг тус эвслийн УИХ-ын гишүүн Л.Цогоос тодрууллаа.

-Юуны түрүүнд УИХ-ын гишүүн болсонд тань баяр хүргэе.

-Баярлалаа.

-Танай эвслээс нэр дэвшүүлж СЕХ-ноос гишүүний түр үнэмлэхээ авсан гурван хүний бүрэн эрхийг баталгаажуулсангүй. Энэ ямар шалтгаантай вэ?

-Тэр гурван гишүүнд түр үнэмлэх олгох  СЕХ-ны тогтоол бол гарчихсан. Шалтгаан нь гэвэл манай МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар нарыг СЕХ хассан асуудлаар эвсэл Үндсэн хуулийн Цэцэд сонгох, сонгогдох эрхийн асуудлаар гомдол гаргаад байгаа. Тэр гомдлын эцсийн хариуг авахаар эвслийн шийд гарсан учраас гурван гишүүний бүрэн эрхийн асуудал түр хойшлоод байна.

-Гурван гишүүний бүрэн эрхийг баталгаажуулаагүй нь танай намын л шийдвэр юм байна шүү дээ, тийм үү?

-Тийм. МАХН-ын шийдвэрээр түр хүлээгдэж байгаа.

-Намын шийдвэр үү, “Шударга ёс” эвслийн шийдвэр үү?

-Эвслийн шийдвэр л дээ.

-Цэц танай эвслийн гомдолд хариу өгсөн үү?

-Өгөөгүй. Хуралдаад шийдвэр гаргаагүй. Хүлээж байгаа.

-Хэрэв Цэцийн шийдвэр гараад Н.Энхбаяр нарыг татсан нь буруу байна гэчихвэл тэд орж ирнэ гэсэн үг үү?

-Хэрэв Цэц Н.Энхбаяр нарын сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан явдлыг үндэстэй гэж үзвэл О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нар УИХ-д орж ирнэ. Хэрэв Н.Энхбаяр нарын эрх зөрчигджээ гэвэл эрхээ зөрчүүлсэн гурван гишүүн орж ирнэ.

-Эрх нь зөрчигдсөн нь тогтоогдвол яг хэн гурав УИХ-д орж ирэх билээ?

-МАХН-ын дарга Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар гурав байна даа.

                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж