“Казань-2013” наадам эхлэхэд нэг жил үлдлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

“Казань-2013” наадам эхлэхэд нэг жил үлдлээ

Универсиад наадмын эрх авсан тухай
 
Олон улсын оюутны спортын холбооны /ОУОСХ/ Гүйцэтгэх хорооны 2008 оны тавдугаар сарын 31-нд Бельгийн нийслэл Брюссел хотноо болсон ээлжит хурлаар Дэлхийн оюутны спортын XXVII зуны “Универсиад” их наадмыг 2013 оны долдугаар сарын 6-17-нд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулах эрхийг олгосон юм. Өмнө нь 1973 онд ЗХУ-ын нийслэл Москва хот “Универсиад” наадмыг зохион байгуулж байсан ба ийнхүү 40 жилийн дараа эргэн шинэ ОХУ-д явагдахаар болжээ. Универсиад-2013 зуны их наадмын эрхэм зорилго бол тив дэлхийн оюутан, залуусыг нэг дор нэгтгэн цуглуулж, олон үндэстэн угсаатны өв соёлыг таниулах, эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх явдал юм. Энэхүү наадам ОУОСХ-ны ивээл дор явагдах ба 200 орчим орны 13,500 төлөөлөгчид 11 өдрийн турш,  351 багц медалийн төлөө хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөнө. Наадамд их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг 18-28 насны оюутан тамирчид оролцох юм. 

Наадмын спортын төрлүүд

Анхны зуны Универсиад 1959 онд Италийн Турин хотноо спортын долоон төрлөөр явагдаж байсан бол 54 жилийн дараа Казаньд хамгийн олон буюу спортын 23 төрлөөр зохион байгуулах гэж буй шинэ рекорд болж байна. Наадмын хөтөлбөрт хөнгөн атлетик, сагсан бөмбөг, туялзуур жад, хөлбөмбөг, гимнастик (спортын болон уран сайхны), жүдо, усан спорт (сэлэлт, усанд үсрэх, усны бөмбөг, уран сайхны сэлэлт), ширээний теннис, теннис, волейбол зэрэг Универсиадын албан ёсны 10 төрөл багтсанаас гадна Зохион байгуулах хорооны хүсэлтээр нэмж, 13 төрлийг шинээр оруулсан. Үүнд бокс, буудлага, сэлүүрт завь, каное завь, самбо бөх, чөлөөт бөх, бүстэй барилдаан, шатар, хүндийг өргөлт, регби-7, хоккей, бадминтон, элсний волейбол зэрэг 13 сонгомол төрлийг багтаасан байна. Уран сайхны сэлэлт, бүстэй барилдаан, регби-7, самбо бөх, бокс зэрэг спортын таван төрөл нь анх удаа Универсиад их наадмын хөтөлбөрт багтаж байгаа юм. Өмнө эдгээр төрлүүдээр зөвхөн оюутны дэлхийн аваргын тэмцээнүүд болдог байжээ.

Универсиадын таних тэмдэг ба бэлгэдэл

ОУОСХ-ны ивээл дор зохион байгуулагдаж буй аливаа оюутны спортын арга хэмжээний таних тэмдэг нь “U” үсгийг заавал багтаан оруулсан байдаг уламжлалтай.

Универсиад наадмын таних тэмдэг нь “Универсиад”, “Казань”, “ОХУ”, “2013” гэсэн бичлэг болон ОУОСХ-ны брэнд болсон таван таван хошуугаар алтан зул цэцгийг дүрслэн оруулж босоо тэгш өнцөгт хэлбэртэй байрлуулжээ. Цэцэг нь зун цагийн бэлгэдэл бөгөөд  оюутан залуучуудыг цэцэг шиг дэлбээлж байнга эрч хүчтэй, цог золбоотой болгож, хөгжил, цэцэглэлтийг бэлгэдэж байна. Энэ утгаараа ОХУ-ын Татар үндэстэнгүүдийн бэлэгдэл болсон алтан зул цэцгийн дүрсийг Универсиадын таних тэмдэгт шингээж өгчээ. Наадмын бэлэгдлээр Бүгд найрамдах Татарстан улсын үндэсний билэг тэмдэг болсон цагаан өнгийн барсын зулзагыг сонгон авчээ.  Сэргэлэн, цовоо, хөгжилтэй барсны гарт таван өнгийн галын дөл бадарч байгаа бамбарыг атгуулсан байна. Казанийн 2013 оны их наадмын уриа үг “You are the world” болжээ. Энэхүү үг нь “Чи бол дэлхий ертөнц” хэмээн орчуулагдах ба Универсиад бол дэлхий ертөнц гэсэн хоёр утгыг давхар илэрхийлжээ.

Казань хотын тухай

ОХУ-ын Казань хот нь Москва хотоос зүүн зүгт 800 км зайтай оршдог Бүгд найрамдах Татарстан улсын нийслэл хот юм. ОХУ-ын эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын томоохон төвүүдийн нэг болж сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна.  Казань хот үүсэн байгуулагдсаны түүхт 1000 жилийн ойг 2005 онд ОХУ-ын ард түмэн, тус БНУ, хотын иргэд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Түүнчлэн Казань хотод хэл ёс заншил, соёл, шашин шүтлэг зэргээрээ ялгаатай 100 гаруй үндэстний 1,2 сая хүн амьдардаг. Энэхүү хот нь ОХУ-ын хамгийн цэвэр цэмцгэр, ногоон хотуудын нэг юм.
Казань хотноо Москва хоттой адил Кремлийн ордон байдаг юм. Энхүү ордоны байгууламж нь  ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн сангийн жагсаалтанд багтан архелоги, архитектур, түүх дурсгалын үнэт зүйл болсон юм. Энэхүү цайз, ордон нь хотын хамгийн өндөрлөг хэсэгт байрлах ба үзэсгэлэнт голын эрэг дээр оршдог дэлхийн олон орны жуулчдын сонирхолыг татдаг газар юм.

Казань нь олон жилийн настай ахмад хот хэдий ч дэлхийн 67 улс орноос ирсэн 200,000 орчим оюутан залуучууд Казаны их сургуулиудад суралцдаг. Тухайн цаг үедээ Казаны их сургуулийг В.И.Ленин төгсч байжээ. Тус   хотын Холбооны их сургууль, Туполев судалгаа техникийн их сургууль, Казанийн технологийн их сургууль зэрэг ИДСургуулиуд нь бүс нутагтаа төдийгүй олон улсад алдартай юм.

Казан хотыг ОХУ-ын спортын нийслэл хот гэж зүй ёсоор нэрлэж байна. Учир нь тус хотын мөсний хоккейн “Ак Барс”, хөлбөмбөгийн “Рубин”, сагсан бөмбөгийн              “УНИКС“, волейболын “Динамо” зэрэг багууд нь ОХУ-ын лигийн тэмцээний удаа дараагийн аварга ба Европ, дэлхийн лигид амжилттай оролцдог юм. Эдгээр багуудыг ажиллуулах бүх талын нөхцлийг Татарстан улс хангаж чаддаг байна. Тус БНУ-ын нийгмийн бодлогод биеийн тамир, спортын асуудал хамгийн чухал үүрэгтэй.  Хүн амын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, хүүхэд залуучуудын хүмүүжлийн асуудлын талаархи  үзүүлэлтээрээ ОХУ- даа хамгийн дээгүүрт ордог ба олон улсын түвшиний үзүүлэлт ойртож яваа ажээ. Энэ хотод 2015 оны усны спортын ДАШТ, 2018 онд хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд явагдахаар төлөвлөгдсөн юм.

Тамирчдын тосгон

Казань 2013 Универсиад наадамд зориулж Зохион байгуулах хороо, холбооны болон БНУ-ын Засгийн газар нь хамтран баг тамирчдын байрлах тамирчдын тосгоныг шинээр 2011 онд барьж ашиглалт оруулсан одоо оюутнууд амьдарч байна. Энэхүү тосгон нь 274,000 кв.м талбайтай, 53 га газарт барьж байгуулжээ. Универсиад наадмын үеэр нэг дор 12,976 төлөөлөгчдыг зэрэг байрлуулах 28 байшин байгаа юм. Тосгонд бүх төрлийн үйлчилгээний газрууд байрласан. Наадмын дараагаар Казаны их сургуулиудын оюутнуудын амьдрах хотхон нь болно. Мөн  Вольга бүс нутгийн Биеийн тамир, спорт, аялал жуулчлалын их сургуулийн оюутны хотхон болон тус тус ашиглагдахаар төлөвлөгджээ. Тамирчдын тосгон нь Казань хотын Приволски дүүргийн Париний гудамж дагуу байрлалтай ба автобус, Проспект Победи метроны буудалтай ажээ.  

Бэлтгэл ажил, спортын  барилга байгууламж

Универсиадын бэлтгэл ажлыг ЗБХ-ны дарга, ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игорь Шувайлов, орлогч дарга ОХУ-ын спортын сайд Виталий Мутко нар удирдан ажиллаж байгаа ба орон нутагт “Наадамд бэлтгэх гүйцэтгэх хороо” байгуулагдан өдөр тутмын ажлыг хийж байна. ОУОСХ-ны ерөнхийлөгч Клода Луи Галльена болон хянан шалгагч, мэргэжлийн хүмүүс хуваарийн дагуу шалгалт үзлэгээ байнга явуулж байгаа юм. Наадмын тэмцээнийг 2500 шүүгч, үүнээс 1598 нь ОХУ-ын шүүгчид шүүн явуулах ажээ. Спортын 64 барилга байгууламж наадмын үйл ажиллагаанд шаардлагатай ба үүнээс 30 барилгыг шинээр барьж байгуулж, зарим спортын ордон заалыг засч, тохижуулжээ. Спортын 3 том байгууламжид ихээхэн ач холбогдол өгч байгаа үүнээс гимнастикийн төв, усын спортын төв, төв цэнгэлдэх хүрээлэн юм. Эдгээр барилгуудын ажил төгсгөлийн шатандаа оржээ. Нээлт болон хаалтын ёслолын ажиллагаа болох төв цэнгэлдэх хүрээлэн нь 45,000 хүний суудалтай ба 2013 оны 4 сард ашиглалтанд орно. Энэ цэнгэлдэхийн залгаа олон улсын хэвлэл мэдээллийн төв, телевизийн дамжуулах төвүүдийн барилга баригдаж байна.

Гадаадаас ирэх тамирчдыг 2013 оны 6 сарын 25-7 сарын 25-ны хүртэл нэг сарын хугацаанд визгүйгээр зорчуулах арга хэмжээг ОХУ-ын ерөнхийлөгчийн зарилгаар 2012 оны 3 сард шийдвэрлэсэн юм. Гадаадын тамирчдын Москвагийн 3 нисэх буудлаар дамжуулан авах ба Казаны нисэх буудал, төмөр замын буудал, усан онгоцоор хүлээн авахаар төлөвлөжээ. Наадмын үеэр тамирчид, зохион байгуулагч 81,500 хүнийг нэг өдөр хооллохоор зохион байгуулалтыг хийсэн байна.

Нээлт, хаалтын ёслолын ажиллагааг ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч Игорь Крутой, алдартай найруулагч Алексей Сеченов нарын удирдсан менежментийн баг зохион байгуулахаар эрхээ авч, 90 орчим хамтран зохион байгуулагчдыг сонгон авч ажиллуулж байна. Универсиад наадмын албан ёсны харилцаа холбооны түнш байгууллагаар Мегафон компани, банкны үйлчилгээг АК БАРС банк, тээвэр зохион байгуулалтыг Хьюндай Моторс компани, Waterhouse усны компани зэрэг ОХУ-ын хэд хэдэн томоохон байгууллагууд хамтран ажиллаж байна. Наадмын үйл ажиллагааг ОХУ-ын ОРТ, РТ зэрэг томоохон сувгууд шууд дамжуулахаар гэрээ байгуулжээ.

Сайн дурын ажилтан

Универсиад наадамд 20,000 сайн дурын ажилтангуудыг ажиллуулахаар бүртгэлийг онлайнаар хийж эхний шатанд тэнцсэн хүмүүсийг ярилцлагад дуудан бүртгэж байгаа юм. Одоогоор дэлхийн 40 гаруй орны болон ОХУ-ны 60 гаруй мужаас 19,000 хүн оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлэн анкетаа ЗБХ-д ирүүлжээ. Универсиад наадмын Гүйцэтгэх хорооны дэргэд Сайн дурын ажилтан нарыг бүртгэж авах хороо 2012 оны 5 сарын 18-ны өдөр байгуулагдаж 1 сар гаруй хугацаанд 500 гаруй оюутан залуучууд ярилцлаганд тэнцэн ажиллах боломжтой болжээ. Сайн дурын ажилтанууд 40 гаруй чиглэлийн ажил, үйл ажиллагаанд оролцохоор хуваарилагдна. Үүнд: баг тамирчдтай ажиллах, тосч аван үдэн гаргах, хүндэт зочид, тамирчдын тосгон, нээлт хаалтын ажиллагаа, мандат бүртгэл, хэвлэл мэдээлэл зэрэг олон хэсэгт хуваагдан ажиллах юм. Олон арван сонгогдсон сайн дурын ажилтанууд 2009 -2011 оны өвөл, зуны Универсиад,  2010 оны өвлийн олимп зэрэг бусад томоохон наадмууд дээр ажиллаж туршлага судлан, дадлага хийж байгаа ажээ.   

Монголын баг тамирчид

Энэхүү наадамд Монголын баг тамирчид хөнгөн атлетик, спортын гимнастик, усанд сэлэлт, теннис, волейбол, жудо бөх, ширээний теннис, бадминтон, элсний волейбол, бүст барилдаан, бокс, шатар, самбо бөх, буудлага, хүндийн өргөлт, чөлөөт бөх зэрэг спортын 16 төрөлд эмэгтэй 79, эрэгтэй 74 тамирчин, албаны хүн 77, олон улсын шүүгч 6 нийт 236 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоно. Монголын оюутны спортын ”Универсиад” их наадмаас шалгарсан тамирчид Казан 2013 Универсиад наадамд оролцох эрхтэй болох юм. Үндэсний Универсиад наадам волейбол, бокс, буудлага, самбо бөх, бүстэй барилдаан, хөнгөн атлетик, чөлөөт бөх, шатар, ширээний теннис, зэрэг спортын 15 төрлөөр 2013 оны 2 сараас эхлэн 5 сар хүртэл зохион байгуулагдана.

Наадмын талаархи дэлгэрэнүй мэдээллийг http://www.kazan2013.com болон www.mssf.mn  хаягаар орж үзнэ үү.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж