Ажиглагчид сонгуулийг ингэж дүгнэв

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Ажиглагчид сонгуулийг ингэж дүгнэв

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ” УИХ-ын сонгуулийн бүхий л явцад хийсэн хяналтынхаа дүнг өчигдөр танилцууллаа. Тус сүлжээний  гишүүн болох долоон байгууллагын нийт 200 гаруй ажиглагч нар ийнхүү хяналт хийхдээ таван чиглэлд хуваагдан ажилласан байна.

Нэрсийн жагсаалт будилсанд бүртгэлийн байгууллага буруутай гэв

Нэгдүгээрт, сонгогчдын нэрсийн жагсаалтыг “Филантропи хөгжлийн төлөө төв” хянасан бөгөөд их, дунд, бага сонгогчтой хэсгийн хороодыг тэнцвэртэйгээр түүвэрлэсний дүнд нийт 45330 сонгогчтой хэсгийн хороодыг шалгажээ. Ингэхдээ сонгогчдын нэрсийн жагсаалтыг  тулгах, Цагдан хорих 461 дүгээр анги, Албадан саатуулах, баривчлах төв буюу дэнжийн мянгын 111-ийн зөөврийн хайрцгаар санал өгөх сонгогчдын жагсаалтыг хянах хэсгүүдээс бүрдсэн аж. Нийт 20 хэсгийн хороо ажигласнаас найм нь зохих журмыг дагуу ажилласан гэж дүгнэсэн байна. Сонгогчдын бүртгэлийг хянаж байхад долоон хүний регистрийн дугаар, гурван хүний нэр буруу, 12 хүн нас барсан, нэг сонгогч хорих ял авсан, 88 сонгогч хаяг дээрээ байдаггүй, 29 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй зөрчил илэрчээ. Тиймээс 53 сонгогчийн бүртгэлийг шалгаж өгөхийг хүсч,  Нийслэлийн бүртгэлийн газрын Хяналтын хэлтэс , Сонгуулийн ерөнхий хороонд хандан, албан тоот хүргүүлжээ.

Үүний хариуд, “шилжилт хөдөлгөөнөө цаг тухайд нь бүртгүүлээгүй, сонгогчдын жагсаалтад давхар бүртгэгдээгүй байна” гэсэн тайлбарыг өгчээ.

Иргэдээс өөрийнх нь хаяган дээр олон хүний нэрс давхар явж байна гэсэн түгээмэл гомдлын дагуу мониторинг хийж үзжээ. “Филантропи хөгжлийн төлөө төв”-ийн мэргэжилтэн Ч.Мөнхцэцэг:

-Иргэдийн хаяган дээр өөр олон хүмүүсийн нэр байна гэсэн гомдол маш их байсан. БЗД-ийн нэг хэсгийн хороонд нэг хаяган дээр 169 хүний нэр байсан тухай гомдол нэгэн иргэнээс ирсэн. Энэ дагуу бид Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлахад,  тус газар нутагт айл бүрийн хаяг байхгүй учраас нэг хаягт бүртгэгдсэн байна гэсэн тайлбарыг өгсөн. Үнэн хэрэгтээ, 20 дугаар хорооны айл бүр тусдаа хаягтай байсныг шалгалтын баг тогтоосон. Энэ мэт нэрсийн жагсаалт зөрсөн зөрчлөөс дүгнэхэд Бүртгэлийг хариуцсан байгууллага хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон.

Нийт саналын хуудсын 45 хувийг дахин хэвлэжээ

Хоёрдугаарт, саналын хуудсыг хэвлэх, хадгалах, хамгаалах явцад “Сонгогчдын боловсрол төв” мониторинг хийсэн байна. Саналын хуудсыг хэвлэх компанийг зөвхөн техникийн хүчин чадлаас нь хамаарч шалгаруулсан. Хэвлэх ажлыг “Мөнхийн үсэг групп” ХХК гүйцэтгэсэн бөгөөд компанийн Удирдах зөвлөлийн дарга нь УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшсэн ажээ. Тиймээс сонгуульд оролцож буй талуудын сонгуулийн шударга байх зарчимд итгэх итгэлийг алдрахад хүргэж болзошгүй талаар ажиглагч нар дүгнэжээ. Саналын хуудас нугаларах, норох зэрэг гаднын нөлөөллөөс болж гэмтвэл автомат машин уншихгүй гацаж байсан. Энэ удаагийн сонгуулиар саналын хуудсанд баглаа, савалгаанаас хамаарсан эрсдэл гараагүй ч битүүмжлэл хангалтгүй байсан гэнэ. Энэ үеэр илэрсэн зөрчлөөс дурдвал, 19 дүгээр тойрогт саналын хуудсыг хүлээн авсаны дараа хэсгийн хороодод хүргүүлэх үед цагдаагийн газрын хамгаалалтгүйгээр тухайн дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтнууд хамгаалалтанд авч явсан байна. Чингэлтэй дүүргийн хувьд 24 дүгээр тойргийн хорооны саналын хуудасны зарцуулалт тайлан сонгуулийн өдөр газар дээр нь ажилласан хөндлөнгийн ажиглагч нарын тайлангаас зөрсөн байна. Тиймээс зөрчил гарсан энэ тайланг эргэн нятлахыг хөндлөнгийн ажиглагчид зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 3-ны өдрүүдэд удаа дараа хүссэн боловч төрийн бус байгууллагууд тайлантай танилцах эрхгүй гэсэн тайлбарыг тус дүүргээс өгчээ.

“Сонгогчдын боловсрол” төвийн мэргэжилтэн С.Оюунтуяа:

-Бид үндсэндээ саналын хуудсыг хэвлэх, хадгалах, хэсгийн хороодод хүлгүүлэх хүртэлх хугацаанд хамт байлцаж, ажиглалт хийсэн. Харин саналын хуудсыг хэсгийн хороодод хүлээлгэн өгсөн буюу саналын хуудсыг хуваарилах явцад ажиглалт хийхийг хүссэн ч энэ боломжийг олгоогүй юм. Одоогоор саналын хуудсыг архивлах ажил эхлээгүй байгаа бөгөөд мониторингийг үргэлжлүүлнэ.

-Нийт саналын хуудасны 45 хувийг дахин хэвлэсэн гэсэн. Ямар шалтгаантай юм бол?

-Хэд хэдэн шалтгаантай. Нийслэлийн сонгогч 5526-аар нэмэгдсэн болохоор саналын хуудсыг ч энэ дагуу нэмж хэвлэх шаардлагатай болсон. Саналын хуудсанд үс наалдсан байсан учир Орхон, Сэлэнгэ, Дорнод аймгуудын нийт 28,346 ширхэгийг дахин хэвлэсэн. Мөн буруу кодтой саналын хуудас 736 гаруй мянга хэвлэгдсэн байсан учир алдааг залруулсаныг тогтоосон.

Санал авах байр стандартын бус байсан гэв

Санал хураах, тоолох явцад “Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд” ТББ хяналт тавин ажиллажээ. Нийслэлийн зургаан тойргийн нийт 359 хэсгийн хорооны 31 хувь буюу 112 хэсгийн хороонд ажилласан ажиглагчдын мэдээлэлд үндэслэн “санал хураах, тоолох үйл явц нь сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй” хэмээн тус байгууллагаас дүгнэж байна. Зарим зөрчлөөс дурдвал, Санал авах байран дахь сонгогчдын ширээ, бүхээг хоорондоо хэт ойр байсан нь нэгний санал нөгөөд нөлөөлөх боломжтой байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам байгаагүй. Шатаар гардаг санал авах байрнууд их байсан гэнэ. Санал өгөх явцад иргэдийн хувьд  багагүй чирэгдэл учирсан нь аль хэсэгтээ санал өгөхөө, саналын хуудсыг хэрхэн бөглөхийг мэдэхгүй байсан аж. Нийт хэсгийн хороодын 80 хувь нь санал авахыг цагт нь эхлүүлсэн. Бусад хэсгийн хороонд автомат машиныг буруу угсарсан, ажиллуулах горимыг сайн мэдэхгүй шалтгаанаар цагаасаа хожимдож санал авч эхэлжээ.

Давхар санал авах гэсэн зөрчлийг илрүүлжээ

Дөрөвдүгээрт, автоматжуулсан сис­­темийн мониторингийг “Мидас” ТББ гүйцэтгэжээ. Тус байгууллагаас “Сонгуу­лийн автоматжуулсан системийн эхний шалгалтаа  Б үнэлгээтэй өгсөн. Хүмүүсийн нөлөөллийг багасгаж, сонгууль шударга явагдахад зохих үр дүнгээ өгсөн” гэж дүгнэлээ. Нийт 2446 санал тоолох машин санал хураалтын үед ажилласнаас 10-аад машин гацаж, гар ажиллагаанд шилжсэн ч харьцангуй болом­жийн ажилласан гэнэ. Автомат машин гацсан нь ихэвчлэн сонгогчийн үйлдлээс болсон аж. Тухайлбал, саналын хууд­­саа нугалж , норгосон болон буруу талаар нь хийснээс болж гацаж байсан гэнэ.

Мөн бүртгэлийн хэсэгт сонгогчийн хурууны хээг танихгүй байх, хэвлэх машин гацах, компьютер гацах, мэдээллийн баазад бүртгэлгүй хүмүүс олноор байх зэрэг зөрчил гарсаныг хяналтыг хийсэн тус байгууллагаас дүгнэжээ. Хурууны хээний машин бохирдсноос уншихгүй байх тохиолдол 22 дугаар тойрогт гарсан байна. Бүртгэлийн автомат системийг бий болгосноор дахинг санал өгөх болон хүүхдийнхээ өмнөөс санал өгөхийг газар дээр нь илрүүлж, зогсоосон байна.

“Мидас” ТББ-ын мэргэжилтэн С.Энхжаргал:

-Сонгууль орой 20 цагт дуусах байтал санал хураах машинд 21 цагийн үед саналыг бүртгэж авсан мэдээлэл ирсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ талаарх мэдээллийг иргэд ташаа ойлгосон байсан. Сонгуулийн өдөр зөөврийн хайрцгаар авсан саналуудыг 21 цагийн орчимд автомат машинд уншуулж, бүртгүүлсэн юм. Сонгууль авах хугацаа цагтаа дууссан. Учир нь санал хураах автомат машин программынхаа дагуу 20.00 цаг гэхэд ажиллагаагүй болж байсан бөгөөд зориулалтын аргаар зөөврийн хайрцгаах авсан саналыг уншуулж байсан.  

Сонгогчдын боловсролд шаардлагатай мэдээллийг хангалтгүй өгсөн гэв

Сонгуулийн үеэр хэвлэл мэдээлийн хэрэгсэл дэх мониторингийг “Глоб интернэйшнл” ТББ хийжээ. Ингэхдээ зургадугаар сарын 06-27-ныг хүртэл “МҮОНТ”, “UBS” “ТВ5”, “ТВ9”, “МN25” суваг телевизүүдэд мониторинг хийсэн аж. Судалгаанаас үзэхэд, эдгээр телевиз бүгд сурталчилгааны хугацаанд тэнцвэргүй мэдээллэсэн байна. МҮОНТ-ын тухайд, сонгуультай холбоотой мэдээллийн 23 хувийг МАН, 18 хувийг АН-ын мэдээлэл эзэлжээ. Харин бусад телевизийн тухайд, МАН-ын тухай мэдээлэл 43 хувиар давамгайлсан гэнэ. Телевизүүдийн мэдээ­­­­­ний хөтөлбөрт сонгуулийн суртал­чилгаа давамгайлсан нь харагдаж байгаа бөгөөд МҮОНТ-ийн мэдээлийн хөтөлбөрөөр нийт 9 цаг 42 минутын далд сурталчилгааг цацсан байна. Бусад телевизийн хувьд ТВ9 телевиз хамгийн өндөр буюу 17 цаг 14 минутын хугацаатай далд сурталчилгааг явуулсныг хяналтын багиийнхан тогтоожээ.

Ийнхүү ажиглагч нар нь  сонгуулийн явцыг хянахдаа улс төрийн нам, эвслийн нөлөөллөөс ангид ажилласан гэдгээ мониторингийн дүнг танилцуулах үеэрээ онцоллоо.

У.БОЛОРМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж