”Европын үнэ” гэж ярих нь Германых гэсэн ойлголт

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

”Европын үнэ” гэж ярих нь Германых гэсэн ойлголт

Европын бөөнийн үнийн хэлбэлзэл асар их. Евро бүсийн дундаж үзүүлэлтэд хамгийн ойр нь Герман, Италийн хэрэглээний сагсны үнэ ханш юм. Европын холбооны хамгийн хямд үнэтэй орнууд нь Болгар, Унгар, Польш.

Зөвлөлтийн дараах орон зайд тогтмол шахуу хэрэглэгддэг “Европын үнэ” гэсэн хэллэг нь олон талаар утгагүй. Европын холбооны 27 оронд бөөнийн үнийн хэлбэлзэл асар их.

Европын холбоо даяар дундаж үзүүлэлтэд нь Их Британи, Итали, Испанийн хэрэглээний сагсны стандарт үнэ нь хамгийын ойр байна. Харин евро бүсийн дотроо үнийн байдлыг Германы зах зээл илүү нарийн харуулдаг ажээ.

Герман, Итали хоёр евро бүс дотроо амьжиргааны төвшин арай хямд

Германд хүнсний бүтээгдэхүүний үнэ ЕХ-ныхоос дунджаар 10 дахин үнэтэй

ХБНГУ-ын Холбооны статистикийн алба Destatis-ийн шинжээчид ийм дүгнэлт хийжээ. Eurostat-ийн шинжээчдийн 2011 оны мэдээнээс үндэслэн тэд янз бүрийн валютын худалдан авах чадварын тэнцвэрийг тооцон Европын холбооны үнийн төвшинг 100 гэсэн үзүүлэлтээр үндэс болгон гаргасан байна. Тухайлбал, Их Британид хэрэглээний сагсны үнэ 1,7 хувиар өндөр, Италид 3,1 хувиар илүү, Испанид  2,6 хувиар доогуур байх жишээтэй. Ийм маягаар эдгээр орны үнийг европ маягийн гэж үзэх үндэс байна.

Ер нь бол европ үнэ гэдгээр евро валютаар наймаалагдах үнийг хэлэх нь их. Хэрэв  евро бүсийн 17 орны дундаж үзүүлэлтийг тооцвол тэр нь Европын холбооны бүх орныхоос дөрвөн хувиар илүү байгаа. Нэг үгээр евро бүсэд амьжиргаа арай үнэтэй байна. Евро бүсийн дундаж үзүүлэлтэд Германы үнэ хамгийн ойр. Тэр нь ЕХ-ныхоос 3,4 хувиар илүү. Гэхдээ Германд хүнсний бүтээгдэхүүний үнэ холбооныхоос 10 дахин их байна.

Германы үнийн нийт төвшин нь евро бүс дэх хөрш орнуудынхаас доогуур. Австрид тэр нь холбооныхоос 6,7 хувиар их бол Нидерландад найман хувиар, Франц, Бельгид тус тус 10,7 ба 11,8, Люксембургт бүр 21,9 хувиар илүү ажээ.

Дани, Норвеги, Швейцарид бүгд л үнэтэй байна

Европын холбооны хамгийн үнэтэй орон нь Дани. Тэнд үнэ нийт холбооныхоос 42,2 хувиар өндөр. Судалгаанд хамрагдсан нийт 37 орныг аваад үзвэл Швейцарт хамгийн өндөр үнэ байна.  Бараа үйлчилгээний стандартын багц, тэдний тоонд хүнс, буудал, ресторан зэргийг оруулахад тэнд Европын холбооны орнуудынхаас 61,8 хувиар илүү төлөх хэрэгтэй болж байна. Харин шатахууны үнэ тэнд уламжлал ёсоор хөршүүдээс нь хямд ажээ.

Мөн Норвегид амьдрал үнэтэй (+ 50,7 хувь). Энэ бүгдийг шар айраг, тамхи, хатуу дарснаас үл татгалзах жуулчид сайн мэдэрдэг. Энэ ангиллын барааны үнэ Норвегид холбооны бусад орнуудынхаас 2,5 дахин их (!) байна.

Хямд амьдарч амрах гэвэл Балканд очих ёстой

Европын холбооны хамгийн хямд орон нь Болгар. Тэнд амьдарч амрах нь ЕХ-ны дунджаас тал хувиар бага (- 49 хувь). Тэндээс л хүнсний бараа авах хэрэгтэй. Европын нутаг дэвсгэрт ерөнхий үнэ хамгийн бага орон нь Албани (- 49,1 хувь),  Македони (- 54,8 хувь) хоёр юм.

Жуулчны нүдээр харвал хамгийн тааламжтай чиглэл нь Польш ба судалгаанд хамруулсан Турк, Унгар болно. Эдгээр оронд үнэ ханш ЕХ-ныхоос 35-40 хувиар бага. Унгарт бол буудал, зоогийн газрууд болон архины үнэ ханш хамгийн ашигтай. Туркийн дэлгүүрүүдэд Европын хамгийн хямд хувцас байдаг.

Эдгээр оронтой харьцуулахад Чех үнэтэй ч ЕХ-ныхоос 23,3 хувиар доогуур. Грект үнийн төвшин өнгөрсөн онд европынхоос дөнгөж таван хувиар бага байсан нь энэ улсын жуулчны салбарын өрсөлдөх чадварыг буулгасан байв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж