
УИХ-ын сонгуульд нийт 76 гишүүн сонгогдохоос 72 гишүүний нэрийг өргөн мэдүүлсэн бөгөөд хоёр тойрогт дахин санал хураалт болох бол нэг тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэхийг шалгаж байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган мэдүүлэх боломжгүй гэсэн шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэдорж “СЕХ-оос өргөн мэдүүлж байгаа 72 гишүүний нэрийг хүлээн авлаа. Бусад намын төлөөлөлтэй уулзаж, танилцуулсан байгаа. СЕХ хуулийн дагуу ажиллаж, 72 гишүүнийг танилцуулж байгаа байх гэж бодож байна. Энэ удаагийн сонгууль ард түмний хүсэл байсан. Дахин санал хураалтыг зохион байгуулж, дараагийн УИХ-ын гишүүд бүрэн эрхийн дагуу тангараг өргөнө” гэлээ. Мөн тэрээр хэлэхдээ “Манай иргэд энэ сонгууль ямар зохион байгуулалттай, ямар дэвшилтэй, ямар байдалтай болсон бэ гэдгийг өөрсдөө оролцон, хуруугаа таниулахаас авахуулаад саналын хуудсаа авч саналаа өгөх хүртэл гараараа мэдэрч үзэцгээсэн. Энэ удаагийн сонгуулиар гарсан дэвшил, хуулиар зохицуулсан асуудлуудыг өөрсдөө харж мэдэрсэн учраас би олон зүйлийг тайлбарлах шаардлагагүй болов уу гэж бодож байна.
Бид нэг зарчим барьж байгаа. Монголын ард түмний, манай сонгогчдын шийдэл бол хамгийн дээд шийдвэр юм гэсэн зарчим. Ажиглаж байхад олон удаа сонгууль явуулсан туршлага маань Монголыг илүү нээлттэй, илүү ардчилсан эрх зүйт нийгэм рүү аваачихад УИХ-ын сонгуулиуд, түүгээр бүрэлдсэн бүрэлдэхүүн тодорхой нөлөө, түлхэц үзүүлдэг нь харагдсан. Дээр нь олон мянган төрийн албан хаагчид маань энэ сонгуулийг хуулийн дагуу хичээнгүйлэн зохион байгуулсныг тэмдэглэн хэлэх ёстой” гэдгийг онцолсон юм.
Нэр дэвшигчийн нэрийг өргөн мэдүүлээгүй нэг тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар нь архи болон эд бараа тараасан нь баримт нотолгоотойгоор шүүхэд шилжсэн. Сонгуулийн хуулийн 35.15.1-дүгээрт “Сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах…” зэрэг нь хуулиар хориотой. Мөн эл заалтыг зөрчсөн бол уг хуулийн 35.35-д зааснаар нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасахаар заасан байдаг. Тэгвэл Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс иргэдэд архи, хайрцагтай чихэр тараасан нь дүрс бичлэг болон бусад баримтаар нотлогдсон байна. Тухайлбал, тус аймгийн Баянгол сумын нэг, хоёрдугаар багт улсын заан Б.Сайнбаярын төрсөн ах Б.Жаргалсайхан, дөрөвдүгээр багт аймгийн арслан Б.Батдорж нараар дамжуулан иргэдэд “МАН-аас нэр дэвшигчдэд санал өгөөрэй…” гэж “Chinggis” архи, бусад эд зүйл тараасан байна. “Энэ үйлдлийг хөдлөшгүй бармтаар нотлоод байгаа гэдгийг Хан-Уул дүүргийн шүүх шалгаж, хууль зөрчсөнийг нь тогтоосон. Одоо энэ асуудлыг тойрогт нь шилжүүлж, асуудлыг шийдвэрлэнэ. Тиймээс СЕХ-оос тэдний нэрийг Ерөнхийлөгчид айлтгах боломжгүй гэж үзсэн” гэж СЕХ-ны дарга Н.Лувсанжав хэллээ.
Харин үлдсэн хоёр гишүүн нь сонгогчдоос УИХ-ын гишүүн болох санал аваагүй юм. Гурван мандаттай Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид юм. “Нэр дэвшигч нь нийт 28 хувиас дээш санал авсан тохиолдолд сонгогдох эрхтэй болно” гэж хуулинд заасны дагуу дээрхи хоёр тойрогт дахин санал хураалт зохион байгуулна. Сонгинохайрхан дүүрэгт үлдэж буй нэг мандатын төлөө бусад нэр дэвшигчдээс өндөр хувь авсан буюу Ардчилсан намаас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар, харин Баянзүрх дүүргээс МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг, Д.Арвин нар өрсөлдөх юм. Дахин санал хураалтыг хуулийн дагуу тойргийн хороод шийдвэрлэх бөгөөд энэ сарын 8-нд дахин сонгууль явуулах шийдвэрийг тойргийн хороод гаргасан боловч ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар наадмын дараа дахин санал хураалтыг зохион байгуулахаар болсон байна. Харин дахин санал авах товыг хэзээ зохион байгуулахыг СЕХ шийдвэрлээгүй байгаа аж.
Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар Ардчилсан намаас 10, МАН-аас ес, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс долоо, ИЗНН-аас хоёр гишүүн УИХ-ын гишүүн болох эрхтэй болсон байна. Ингэснээр ирэх дөрвөн жилд төрийн эрх барих парламентийн бүрэлдэхүүнд Ардчилсан намаас 31, МАН-аас 25, ИЗНН-аас хоёр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, гурван бие даагч багтаад байна.
Ийнхүү СЕХ-оос 72 гишүүний нэрсийг өргөн барьснаар дараагийн парламент өнөөдөр тангараг өргөх шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан юм. Шинэ парламент тангараг өргөхийн өмнө хуучин парламент хуралдаж, хаалтаа хийх ёстой. Гэвч МАН-аас зарим нэг шаардлагыг тавьсан учраас одоогийн УИХ хаалтын чуулганаа хуралдуулж чадсангүй. Гэсэн хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн өнөөдөр зарлиг гаргаж, шинээр сонгогдсон Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг өнөөдөр хуралдуулахаар товлон зарлалаа. Тус зарлигт “Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг долдугаар сарын сарын 6-ны өдөр буюу өнөөдөр 10.00 цагт товлон зарласугай” гэсэн юм.