Эмч, сувилагчдын цалинг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Эмч, сувилагчдын цалинг нэмнэ

Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 04-ны хуралдаанаар “Эрүүл мэндийн зарим байгууллагын нэрийг өөрчлөх тухай”, хэлэлцэн баталж, төмөр замын дөрвөн эмнэлгийг эрүүл мэндийн салбарт шилжүүлэх шийдвэр гарсан байна. Мөн “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай”, “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгох  тухай”, “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай”  Засгийн газрын тогтоолууд батлагдсан байна. Дээрх тогтоолууд ирэх 2013 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлэхэд  жилд дунджаар 16,8 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардагдах юм байна. Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өчигдөр харъяа байгууллагын удирдлагатай уулзаж, үүрэг даалгавар, мэдээлэл өгсөн юм. 

Эрүүл мэндийн ажилтнууд дараах нэмэгдэл, мөнгөн урамшууллыг хүртэх боломжууд бүрдсэн байна. Тодруулбал,

  • Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй бүх албан тушаалтнууд улирлын ажлын үр дүнгийн үнэлгээнээс хамааран улиралд 108000-309000 төгрөгийн мөнгөн урамшуулал,

  • НХХ-ийн сайдын тушаалаар баталсан хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаарах албан тушаал эрхэлдэг эрүүл мэндийн ажилтанууд болон эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагч нь үндсэн цалингийн хэмжээнээс хамааран сар бүр 38000-55000 төгрөгийн нэмэгдэл,
  • Алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлаганд явж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтан алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлагад явах тухай бүртээ тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 15 хувь буюу 21060 төгрөгийн нэмэгдэл хөлс,
  • Тасгийн эрхлэгч эмчийн үндсэн цалинг бусад эмч нарын үндсэн цалингаас 1 зэрэглэлээр ахиулсанаар тасгийн эрхлэгч эмчийн үндсэн цалин  дунджаар 40 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэх юм байна.

Төв эмнэлгүүдийн нэрийг өөрчиллөө

Монгол Улсын засгийн хурал­даанаар “Эрүүл мэндийн зарим байгууллагын нэрийг өөрчлөх тухай” хэлэлцэн баталсан байна. Тодруулбал,

  • Эрүүл мэндийн яамны харъяа Улсын клиникийн төв эмнэлэгийг “Улсын нэгдүгээр эмнэлэг”
  • Клиникийн нэгдсэн II эмнэлгийг “Улсын хоёрдугаар эмнэлэг”
  • П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийг “Улсын гуравдугаар эмнэлэг”
  • Эх, нялхсын эрдэм шинжил­гээ­ний үндэсний төвийг “Эх, хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төв”
  • Арьсны өвчин судлалын төвийг “Арьсны өвчин судлалын үндэсний төв”
  • Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийг “Зоонозын өвчин судлалын үндэсний төв”
  • Герантологийн төв эмнэлгийг “Герантологийн үндэсний төв”
  • Эмгэг судлалын төвийг “Эмгэг судлалын үндэсний төв”
  • Эх нялхсын клиник сувиллыг “Хүүхдийн төв сувилал”
  • Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болгон тус тус өөрчилжээ.

Төмөр замын эмнэлгүүдийг ЭМЯ-ны харьяанд шилжүүллээ

Сэлэнгэ аймгийн Мандал, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Говьсүмбэр аймгийн Чойр өртөөний төмөр замын нэгдсэн эмнэлэгүүдийг орон нутгийн нэгдсэн эмнэлэгүүдтэй нэгтгэн ажиллуулах шийдвэр гарсан байна. Энэхүү шийдвэр гарсанаар төмөр замын эмнэлгүү­дийн эмч, ажилтан алба хаагчид, эмнэлгийн тоног төхөөрөмж, ба­рилга байгууламж Эрүүл мэндийн яамны харьяанд шилжсэн байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр ЭМ-ийн сайд Н.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Эмнэлгүүдийн нэрийг өөрчилсөн нь ямар ач холбогдолтой вэ?

-Эрүүл мэндийн тухай хуульд нийцүүлж нэрийг өөрчилж байна. Хуулинд  төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн эмнэлэг гэж заасан байгаа. Тусгай мэргэжлийн төвүүдийг үндэсний төв болгон өөрчилж байна. Үндэсний гэдэг нэрийг  яагаад нэмсэн гэхээр Монгол Улсын хэмжээнд мэргэжил арга зүйн хэмжээнд эдгээр эмнэлгүүд удирдаж ажиллах юм. Арьсны өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвүүд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Мөн  шинэ технологийг Монголд нутагшуулах, ЭМЯ-ны харьяа  үндэсний төвүүд сургалтын үйл ажиллагааг удирдана. Мөн нийслэлийн эмнэлгүүдийн ачаалал буурна. Манай улсын иргэд эрүүл мэндийн асуудлаар гадаад улс руу явж байна. Энэ урсгалыг тогтоох алхам хийж байгаагийн нэг ажил нь энэ юм.

-Эмнэлгүүдийн нэр өөрчлөг­дсөнөөр эмч, мэргэжилтнүүдийн орон тоонд өөрчлөлт орох уу?

-Эмч, эмнэлгийн ажилтнуудын орон тоонд ямар ч өөрчлөлт орохгүй. Харин эмнэлгийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж байна. Гуравдугаар шатлалын буюу ЭМЯ-ны харьяа эмнэлгүүдэд дэлхийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна. Жишээ нь  элэг, бөөр шилжүүлэн суулгаж байна. Одоо чөмөг шилжүүлэн суулгана.

-Төмөр замын эмнэлгийг  ЭМЯ-ны харьяа болгосноор ямар өөрчлөлт орох вэ?

-Зүүнхараагийн нутагт оршин сууж байгаа ямар ч  иргэн нэгдсэн тогтолцоогоор үзүүлнэ. Эрх зүйн хувьд шийдвэрлэлээ. Одоо нэг захиралтай, нэг менежменттэй болсон. Эмч, эмнэлгийн мэргэж­лийн нэгдсэн баг болгоно гэсэн үг.

-Эмнэлгүүд хэзээнээс шилжилтээ хийх вэ?

-Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд шилжилт хийх тушаал гаргаж, ЭМЯ-ны бүх харьяа эмнэлгийн захирал дарга, газрын дарга нарт үүрэг болгосон. Ирэх даваа гаригаас шилжиж эхэлнэ.

-Өрхийн эмнэлгүүдийн нэг хүнд оногдох санхүүжилтийг нэмсэн гэлээ. Хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ? 

-Сангийн сайдын  хамтран Өрхийн эмнэлэгийн нэг иргэнд оногдож байгаа бодит өртгийг нэмэгдүүлэх тушаал гаргасан.  Өмнө нь нэг иргэнд оногдох бодит өртөг дунджаар 9000 төгрөг байсан. Одоо бол 11-16 мянган төгрөг болон нэмэгдэнэ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж