Монгол наадмын монолог

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Монгол наадмын монолог

Хэдхэн хоногийн дараа Монголын төрт ёсны эрийн гурван наадам болно. Хуушуураа идэж, хорхогоо зооглон, айргаа шимж, морио уралдуулан бөхөө барилдуулсан шигээ “зугаацна”. Энэхүү  зугаа цэнгэлд улсын төсвөөс 800 сая төгрөгийг зарцуулахаар болсон гэж байгаа.  Аймаг, сумын наадам, ой гээд тоочвол нэлээд хэмжээний хөрөнгийг ард иргэд нь ч, төр улс нь ч наадамд үрчихдэг нь худлаа биш. Ядаж байхад монголчууд ямар их нэрэлхүү юм, бусдаас дутахгүй гэсэндээ байгаа мөнгөө шавхаж баярлачихаад дараа нь барайсан царайтай хүмүүс явдаг. Гэсэн хэдий ч монгол хүн, амьтны цусанд нь шингэсэн нэг ген байдаг бололтой, наадам болохоор л хүн малгүй сортолзоод эхэлнэ. Уяан дээрээ морьд нь эргэцээд л уралдах хүүхдүүд нь гийнгоолоод л.

Тэрний хүрэн азарга, энэний гоё халиун, гого шарга гээд л бараг л манай ангийн Балдан, Дорж, Долгормаа байна гэх нь холгүй морио зүслэхийг нь яана аа. Монголчууд өнө эртнээс мориндоо хүүхдээсээ илүү хайртай хүмүүс юм билээ. Яагаад гэж гайхах  байх л даа. Морио аймаар үнэтэй байлдаг хэрнээ морийг нь уралдуулж түрүүлсэн хүүхдэд ном, сурах бичиг төдийхнөөр урамшуулаад өнгөрнө. Уг нь морийг нь уралдуулж түрүүлсэн хүүхэд нь мориноосоо өндөр шагнал авах ёстой баймаар. Хүүхдээ унагачихаад ирсэн морийг тав ухрааж байлна. Уг нь бол барианы газраа өөрөө олоод давхиад ирсэн тэр морины байрыг нь харин ч урагшлуулж,  олны баясгасан, оюунлаг морь гэж цол өгмөөр санагддаг юм. Наадамчин олноос нүүрээ бууруулж, хөдөө тийшээ хөөрч давхиагүй ирсэн амьтан шүү дээ.

Манайхан ч бас их сонин сэтгэлгээтэй улс шүү. Морийг нь  унаад уралдаад түрүүлээд ирсэн хүүхдийг үнсэхээсээ өмнө мориных нь хөлсийг долоох нь холгүй дайрчихна. За тэгээд, улсын ажил хийж явах ёстой нөхдүүд морины уяан дээр зүүдэлж хонох нь холгүй ажиллах. Зөвхөн морь нь төрүүлж байвал бусад нь хамаагүй дэг ээ.  Уг нь тэдэнд морь уяахаас илүү их төрийн  ажил зөндөө л баймаар санагддаг юм. Бүр зарим нь морио хөтлөөд аймаг сумдын “хурд”-аас “хурд” дамжаад алга болно. Албаны ажил энэ тэр бол чухал биш. Цаашлаад  алдарт уяач цол хүртчихээд ичих ч үгүй иргэдийг доромжлоод байгаа ч юм шиг, даапаалаад байгаа ч юм шиг түүнийгээ рекламдана. Энэ улстөрчдийг наадмаар харахаар нэг бол баян Равсал панз шиг, нөгөө бол загвар үзүүлэгч шиг харагдаад байдаг юм. Өмнө нь монгол үндэсний дээлийн загварыг бөхчүүд тодорхойлдог байсан бол өдгөө улстөрчид тодорхойлох болсоор удаж байгаа шүү. Манай эрчүүд чинь загварын ямар ч торгон мэдрэмжтэй болчихсон юм бэ гэж атаархмаар.

За ямар ч байсан зарим нь загвар үзүүлж, зарим нь хуушууранд оочерлож, зарим нь морь харуулдаж, зарим нь хөлсөө гартал зодоглож, зарим нь нум сумаа эвшээлгэж наадам болдгоороо болоод өнгөрөх байх. Харин наадмын дараа намар гэдэг. Намрын дараа өвөл болдгийг наадамчин улстөрчид маань битгий л мартчихаасай билээ.

Ш.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж