Хэлний тухай хууль Украиныг хагалж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Хэлний тухай хууль Украиныг хагалж магадгүй

Украины Дээд радын баталсан Хэлний тухай хууль нь эсэргүүцэл, мөргөлдөөн, дургүйцлийг дагуулав. Гэлээ ч эрх баригчид нь буулт хийх бодолгүй байна.

Дээд радын депутатуудын олонхийн саналаар долдугаар сарын 3-нд баталсан Улсын хэлний бодлогын үндсийн тухай хууль нийгмийн олонхийн дургүйцэл ба гудамжны эсэргүүцлийг дэгдээн, улмаар хууль хяналтынхантай мөргөлджээ. Шинэ хуулийн эсрэг байгаа хүмүүс тэр нь улс орныг хагаралд түлхэн Украины тусгаар тогтнолд хор нөлөө үзүүлнэ гэдэгт итгэл төгс байгаа аж. Харин хуулийн талынхан түүнийг коммунистууд болон Бүс нутгийн намынхан сонгуулийн амлалтаа биелүүлж байгаа гэж үзэв.

Орос хэл л үлдэнэ

Шинэ хуулийн дагуу украин хэл нь төрийн хэл байна. Гэхдээ хууль орон нутгийн зөвлөлүүдэд “ажил болон баримт бичиг үйлдэхдээ Украины нутагт амьдарч байгаа хүн амын 10 хүрэхгүй хувь болох үндэсний цөөнхийн хэлийг ашиглах” эрхийг өгч байна. Урьдчилсан тооцоогоор орос хэл нь Украины 13 орчим мужид бүс нутгийн хэл болж магадгүй ажээ.

Парламентын Бүс нутгийн намын жигүүрийн тэргүүн Александр Ефремов хэлний хуулийг сонгуулийн амлалтаа биелүүлж буй хэрэг хэмээн нэрлэв. Хуулийг санаагчлагчдын нэг Вадим Колесниченко, түүнийг “Украины Европ сонголт” гэлээ. Харин энэ хуулийг Европын зөвлөлийн “Эрх зүйгээр дамжин ардчилал руу” гэх шинжээчдийн комисс (Венецийн комисс) сөргөөр дүгнэн үнэлсэн байв.

Бүс нутгийнхнаас ялгаатайгаар Харьковын хүний эрхийн группын дарга нарын нэг Евгений Захаров DW агентлагт ярилцлага өгөхдөө хэлний хууль нь Европын үндэсний цөөнхийн хэлний тухай хартийг буруугаар авч үзсэн хэрэг гэжээ. Үнэн хэрэгтээ энэ хууль нь украин хэлийг үл тоон зөвхөн орос хэлийг ашиглах зорилгоор хэрэглэгдэх бөгөөд “орос хэл нь мөхөж буй биш, мөхөх аюул ч заналхийлээгүй” хэмээн тэр хэлжээ. Крым-татарын ард түмний межлисийн орлогч дарга бөгөөд Бүх Украины үндэсний хэлийг хамгаалах хорооны гишүүн Рефат Чубаров мэдэгдэхдээ хэлний тухай хууль журам нь өөрийн гэсэн улсгүй Крымын татар, ромууд, гагауз, крымчаков, караймов зэрэг яс үндэсний соёл, хэлийг хамгаалахад чиглэгдсэн байх ёстой гэж хэлсэн байна.

"Бутархай зоос"

Шинэ хуулийн маргаан нь депутатуудыг зодолдоход хүргэв. 2012 оны тавдугаар сар

Хэлний хууль татвар төлөгчдийн 17 тэрбум гривен буюу 1,7 тэрбум еврог үрж байж хэрэгжинэ хэмээн депутатууд тооцоолсон байна. Үүнээс үүдэн шинэ хуулийг хэрэгжүүлжи чадахгүй хэмээн Евгений Захаров үзэв. Улсын төсөвт бүсийн хэлд шилжих албан ёсны заалт байхгүй хэмээн тэр өгүүлэв. Харин Вадим Колесниченко мэдэгдэхдээ Украины ерөнхийлөгчийн дэргэдэх Үндсэн хуулийн ассамблейн ажлын хүрээнд гол хуулиндаа орос хэлийг хоёрдагч төрийн хэл хэмээн оруулах ёстой гэсэн байв.

БЮТ-"Батькивщина" сөрөг намын жигүүрийн орлогч дарга Сергей Соболев өнөөгийн эрх баригчдын “хэлний” санаачлагыг “улс орныг бутаргах эхний алхам” хэмээн нэрлэжээ. “Тэд хэлээр ч, шашин шүтлэгээр ч бусад шинж чанараар ч улс орныг бутаргах болно” хэмээн тэр хэлэв. Шинэ хуулиар орос хэлнээс өөр бүс нутгийн хэлний хөгжилд ахиц гарна гэж хүлээсний хэрэггүйг тэр сануулжээ.
Киевын улс төр судлаач Александр Палий ярихдаа “Бүс нутгийн намын зорилго нь нийгэмд дайсагнал ба хуваагдлыг өдөөн хоёр хэсэгт нь “хуваа тэгээд захир” гэсэн зарчмаар дээрмээ үргэлжлүүлэх явдал” гэсэн байв. Мөн тэр сануулахдаа Оростой хийж байгаа байгалийн хийн хэлэлцээрт дэвшил гарлаа хэмээн ерөнхий сайд Николай Азаровын хэлсэнтэй хууль баталсан нь давхцлаа гэв. Түүний хэлснээр хэлний хууль нь Москватай хийж буй наймааны бутархай мөнгө болжээ.
 

Аюултай давралт

Сөрөг хүчний жигүүрийнхэн энэ чуулганы хаалт хүртэл парламентын хуралдаанд оролцохгүйг зарлав. Сөрөг хүчний есөн депутат Европын талбай дахь “Украины ордон” соёлын төвийн үүдэнд өлсгөлөн зарлаад байна. Тэд ерөнхийлөгч Януковичаас уг хуулийг батлан гарын үсгээ зурахгүй байхыг шаардаж байна. Хожим тэдний дэргэд эх оронч намууд, нийгмийн хөдөлгөөний идэвхтнүүд цугларан дэмжив. Цагдаагийн "Беркут"гэх  тусгай ангийнхан тэднийг тараахыг оролдсон байна. Үндсэрхэг үзэлтнүүдийн “Эрх чөлөө намынхан улс орон даяар эсэргүүцлийн ажиллагаа явуулна гэжээ. Эрх баригчид хил хязгаараа алдсан учир бид хувьсгал хийх бэлтгэлээ хийнэ хэмээн уг намын Киев хотын салбарын тэргүүн  Андрей Ильенко мэдэгджээ. “Бүс нутгийн нам өөрсдийн бүдүүлэг үйлдлээр нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас эсэргүүцэл амжилт олж болох юм хэмээн улс төр судлаач Александр Палий хэлжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж