Баяр наадмын нээлт, хаалт болон соёолон морины уралдааны үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Ачаалал нэмэгдэхээр жолооч нар урсгал сөрөх, хайс хашлага давах, явган хүний замаар явах зэрэг зөрчлүүдийг гаргадаг. Наадамчин олон замын түгжрэлд орж бухимдахгүйн тулд цагаа тооцоолж гэрээсээ гарах, баярын үйл ажиллагаа эхлэхээс өмнө байраа эзэлсэн байхыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна. Энэ өдрүүдэд “Авторадио” 96.3 ФМ Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран жолооч, зорчигчдод замын ачаалал, нягтрал, сонгож явах боломж бүхий сийрэг замын мэдээллийг таван минут тутамд мэдээлэх юм байна.
“А”, “Б”, “Д”, “Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрний урд уулзвараар баруун тийш эргэх, эсвэл Замын цагдаагийн газрын урд уулзвараар гарч, Гандигийн гудамжаар тус тусын зогсоолд хүрч байрлана.
“Ү”, “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Зайсангийн гүүрээр зүүн эргэж, Их тэнгэрийн замаар, эсвэл “Нарантуул” ОУХТ-ийн урд уулзвараар “Дүнжингарав”-ын урд талын шинэ замаар чигээрээ нэвтэрч тус тусын зогсоолд хүрч байрлах юм байна. “М” зөвшөөрөл хоёр төрөл байгаа бөгөөд зөвхөн хурдан морины барианы газар очно.
Дээрх найман төрлийн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд хурдан морины барианы газарт очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсч, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж тус тусын зогсоолд хүрч байрлана. Дашрамд дурьдахад, баяр наадмын хамгаалалт орчимд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг оруулахгүй юм байна.
Өнгөрсөн 2011 оны баяр наадмын өдрүүдээр Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын дуудлага 324 бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 85 хүн хүнд, хөнгөн гэмтэж, гурван хүн нас барсан байдаг. Иймд ард иргэдийг хөдөлгөөний дүрмээ баримтлан, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, цагдаа зохицуулагчийн тавьсан шаардлагыг биелүүлж, хөдөлгөөндөө соёлтой оролцохыг анхааруулахад илүүдэхгүй болов уу.
Хурлын үеэр Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, Үндэсний баяр наадмыг тэмдэглэх хорооны хэвлэл мэдээллийн салбар хорооны дарга М.Оюунчимэгээс цөөн асуултыг тодрууллаа.
-Баяр наадмыг хичнээн сэтгүүлч сурвалжлах вэ?
-Энэ жилийн баяр наадмыг өнөөдрийн байдлаар хэвлэл, мэдээллийн 53 байгууллагын 820 гаруй ажилтан наадмын үйл ажиллагааг сурвалжлах хүсэлт ирүүлсэн. Харин ногоон талбайн сурвалжлагыг хийх хүсэлт 130-аад сэтгүүлчээс ирсэн. Гэвч өнгөрсөн жилийн жишгээр 90-ээд сэтгүүлчийг оруулна.
-Наадмыг аль телевизүүд шууд дамжуулах вэ?
-Баяр наадмыг шууд дамжуулах эрхийг нийт долоон телевизэд өгсөн. Тодруулбал, “МҮОНРТ”, “Монгол телевиз”, “MN25”, “ТВ9”, “ТВ5”, “UBS”, “ETV” телевизүүдэд юм. Хүүхдийн бөхийн барилдааныг “ЗА” телевиз шууд дамжуулна.
-Бөхийн барилдаан, хурдан морь тайлбарчид сургалтад сууж байгаа гэсэн?
-Хурдан морь болон бөхийн барилдааныг тайлбарлагчдад анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг иргэд ихээр хэлдэг. Энэ жилийн наадмыг Монгол ёс заншил, морины зүсийг маш сайн мэддэг хүмүүс тайлбарлахаар болсон. Мөн Бөхийн хорооноос тайлбарлагчид сургалтад сууж байгаа.