Робин ван Перси “Арсенал”-аас явна

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Робин ван Перси “Арсенал”-аас явна

Робин ван Перси “Арсенал”-тай байгуулсан гэрээгээ сунгахгүй хэмээн мэдэгдлээ. Нидерланд довтлогчийн “Их буучид”-тай байгуулсан гэрээ ирэх зун дуусгавар болох юм. “Евро-2012” тэмцээн эхлэхийн өмнө клубын удирдлага түүнтэй шинэ гэрээний талаар ярилцахыг хүссэн боловч Ван Перси энэ асуудлыг түр хойшлуулсан юм. Улмаар Польш, Украйнаас эргэж ирснийхээ дараа тэрбээр өөрийн шийдвэрээ танилцуулсан байна. Тэрбээр "Энэ шийдвэрийг гаргахад надад амар байсангүй. “Арсенал”-тай хамт би гайхалтайон жилүүдийг үдсэн. Гэхдээ бүх зүйлд ээлж дараа гэж байдаг. Та бүхэн миний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Бас шүүмжлэх ч эрхтэй. Яагаад гэвэл би энэ багийн ачаар өдий зэрэгтэй болсон. Би үргэлж “Арсенал”-ын үнэнч дэмжигч байх болно. Ийм гайхалтай багт найман жил хүчин зүтгэсэндээ баяртай байна" хэмээснийг “Арсенал” клуб албан ёсны сайтдаа мэдээлжээ.

Клубын удирдлагууд энэ тухай мэдээллийг баталсан байна. Ван Перси өнгөрсөн улиралд нийт 37  гоол оруулж, мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны шилдэг тоглогчоор тодорсон юм. Түүнийг багаасаа явах тухай асуудал яригдаж эхэлсний дараа “Ювентус”, “Реал Мадрид”, “Барселона” болон “Манчестер Сити” зэрэг буурал тивийн “акулууд” түүнийг эгнээндээ нэгтгэхээр хөдөлж эхэлсэн гэх мэдээлэл байна. Харин Ван Персиг алдсанаар “Арсенал”-ын хүч улам бүр суларна гэдгийг экспертүүд хэлж байгаа юм.

Өнгөрсөн зун “Их буучид”-ыг Сеск Фабрегас, Самир Насри нар орхисон бол түүний өмнө Адебайор, Коло Туре нар “Эмират” цэнгэлдэхийг орхисон билээ. Энэ зуны наймааны цонхоор Арсень Венгер Лукас Подолски, Оливье Жиру гэсэн довтлогчдыг аваад байгаа. Харин клубын удирдлага Ван Персиг энэ зун их мөнгөөр зарах уу эсвэл ирэх зун үнэгүй явуулах уу гэсэн асуудлыг одоохондоо шийдээгүй байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж