Рианна: Тэр зурагнуудыг дэлгэсэн нь үнэхээр аймшигтай байсан

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Рианна: Тэр зурагнуудыг дэлгэсэн нь үнэхээр аймшигтай байсан

 Дэлхийн
топ 10 сэтгүүлийн тоонд зүй ёсоор багтдаг Америкийн “Glamour” сэтгүүл
2009 оны шилдгүүдийг нэрлэжээ. 1939 оноос хойш тасралтгүй олон нийтэд
хүрч буй тус сэтгүүлийн шоу бизнесийн салбарын 2009 оны шилдэг
эмэгтэйгээр дуучин Рианна тодорсон байна. Өдгөө 21 настай Робин Рианна
Фенти 2005 онд алдарт реппер, продюсер Жей-Зигийн тусламжтайгаар “Def
Jam Recordings” студитэй гэрээ байгуулснаар дэлхийн хэмжээний од болох
замналаа эхлүүлжээ. Түүний дөрвөн сингль нь номер нэг хитээр шалгарч,
12 сая хувь цомог борлуулсан бөгөөд саяхан түүний “Rated R” нэртэй
шинэхэн цомог худалдаанд гараад байгаа юм. Найз залуу Крис Браунд
зодуулж, багагүй хугацаанд урлагийн тайзнаас хөндийрсөн Рианна шоу
бизнест эргэн иржээ. Түүний “Glamour” сэтгүүлд өгсөн илэн далангуй
ярилцлагыг хүргэе.

-Ярилцлагаа таны өмнөх амьдралын талаар эхлүүлье гэж бодлоо. Арлын улсаас гаралтай өнөө цагийн цөөн хэдэн оддын нэг бол та…

-Би
хэзээ ч өөрийгөө өнөөдрийн энэ амжилтад хүрнэ гэж төсөөлж байгаагүй. Би
Барбадост энгийн нэгэн дундаж амьдралтай гэр бүлд өссөн. Манай хөршүүд
тийм ч сайн хүмүүс байгаагүй юм. Гэхдээ би хэзээ ч өөрийгөө ядуу гэж
голж байгаагүй, миний ээж намайг тэгж сургасан. Тэр намайг үргэлж
хайрладаг. Болохгүй, бүтэхгүй зүйл гэж байдаггүй гэдгийг, бас өөртөө
итгэх итгэлтэй байхыг тэр л бидэнд өгсөн.

-Жаахан байхдаа та дуулдаг байсан уу?

-Тийм
ээ, үргэлж. Усанд орж байхдаа, орон дотроо, бас амьтдад, үеэлүүддээ
зориулж дуулдаг байсан. Гэхдээ миний дуулахыг хорвоо дэлхий тэр
чигээрээ сонсоосой гэж үргэлж хүсдэг байлаа. Энэ л миний мөрөөдөл
байсан. Амралт болгоноороо би ямар нэг шалгаруулалт, уралдаанд орохыг
зорьдог байсан, тэр үед ээж маань намайг “Гэрээ байгуулаагүй цагт
сургуулиа орхиж огтхон ч болохгүй” гэж захидаг байлаа. Гэтэл одоо би
студитэй гэрээ байгуулчихсан, харин ээж намайг сургуульд сургасаар л
байгаа.

-Чи “Def Jam” студид Жей-Зигийн өмнө шалгаруулалтад орсон. Ямаршуухан байв даа?

-Аймшигтай
их сандарч байсан. Өмнөх шөнө нь бүр унтаж ч чадаагүй. Янз бүрийн
хувцас өмсч үзээд, янз бүрээр нүүрээ будаж туршсан. Жей-Зиг анх хараад
чичирч байснаа санадаг юм. Түүнийг костьюм өмсчихсөн, ширээний ард
навчин тамхи татаад сууж байгаагаар төсөөлж байлаа. Гэтэл эсрэгээрээ
Жей-Зи пүүз, футболктой сууж байдаг юм байна. Тэгээд л би
шалгаруулалтын горимд шилжсэн. Нэг бол би амжилтад хүрнэ, эсвэл хоосон
буцна гэдгийг маш сайн мэдэж байсан л даа. Харин тэр үед “Def Jam”-ын
хүмүүс надад “Эндээс явах хэрэггүй шүү” гэж хэлсэн. Тэгээд л тэд
хаалгаа хаагаад харин “Def Jam”-ын хуульчид гэрээг боловсруулах гэж
шөнийн нэг, хоёр цаг хүртэл суусан даа.

-Нэг шөнийн амжилт гэж л энэ байх даа!

-Хэдэн
долоо хоногийн дараа миний анхны сингль [Pon de Replay] радиогоор
цацагдсан. Тэгээд видео клипний зураг авахуулж, дуу маань гайхалтай
амжилт олсон. Би шүтээн болсон алдартай дуучдын хамт топ 10-т багтсан
байлаа. Тэр үед Жей-Зи надад “Үргэлж ийм зүйл тохиолдохгүй. Тиймээс
дандаа ийм байна гэж бодох хэрэггүй” гэж хэлж байсан.

-Жей-Зигийн чамд хандаж хэлсэн хамгийн үнэтэй зөвлөгөө юу вэ?

-Эхэн
үедээ тэр надад “Чи сэтгэл сайтай байх хэрэгтэй. Учир нь чамд сайн
сайхан зүйл тохиож байна. Хэдий тийм боловч төлөв даруу байх ёстой” гэж
хэлж байсан. Намайг хамгийн ихээр гайхшруулдаг зүйл бол тэр алдартай,
агуу уран бүтээлч, бас үнэхээр мэдлэгтэй, мэдрэмжтэй гайхалтай хүн. Тэр
хэлсэн л бол зайлшгүй бүтэх ёстой юм шиг л санагддаг шүү.

-Хоёулаа
өнгөрсөн жилийн талаар ярилцъя. Чиний хувьд хүнд хэцүү үе байсан байх.
Эргэн тойрны хүмүүс чинь энэ хүнд үеийг даван туулахад хэрхэн тусалсан
бэ?

-Миний найзууд, гэр бүлийнхэн надад
тусалж, дэмжиж, үргэлж миний дэргэд байсан. Гэхдээ зарим нэгэн зүйл
дээр цор ганцаараа юм шиг санагдах үе байсан. Хэн ч ойлгохгүй, тийм л
ганцаардмал. Энэ үед бурхан л хамгийн ойр байдаг юм билээ.

 -Чи Крис Браунтай холбоотой асуудлын талаар яриад байна уу?

-Грэмми
болохын өмнөх үдэш, түүнээс хойшхи асуудлын тухай хэлсэн юм /2009 оны
Грэмми болохын өмнөх өдөр Рианна найз залуу Крис Браунд зодуулж, улмаар
Грэммийн тайзнаа дуулах байсан хуваариа цуцалсан билээ/. Гэхдээ энэ
явдал өнгөрсөн жил надад тохиолдсон цорын ганц хүнд асуудал биш л дээ.
Тэр зурагнууд… үнэхээр аймшигтай.

-Цагдаа нарын
үзүүлсэн тэр гэрэл зургийн тухай ярьж байна уу? /Рианнаг Крис Браунд
зодуулсны дараа цагдаа нарын авсан гэрэл зургийг удалгүй цагдаагийнхан
олон нийтэд дэлгэсэн юм/. Харин чиний зүгээс хэвлэлийнхэнд хаалттай
байж, энэ асуудалд ул суурьтай хандсан гэж бодож байна.

-Намайг
үнэхээр доромжилсон хэрэг болсон. Учир нь хэнд ч үзүүлэхийг хүсэхгүй
тийм зураг байсан шүү дээ. Намайг дэндүү элэг барьж байна гэж бодож
байлаа. Интернэтээр миний зургийг цацаж, хөгжилтэй, ярианы сэдэв болгож
байсан, гэтэл энэ чинь миний амьдрал шүү дээ. Ялангуяа эмэгтэй хүн
миний зургийг олны өмнө дэлгэсэнд үнэхээр урам хугарсан.

-Хувь хүний үүднээс, эмэгтэй хүний хувьд энэ явдал танд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Илүү ухаажиж, тэсвэр хатуужилтай болсон гэж бодож байна.

-Ээж тань чамайг хүчирхэг эмэгтэй болгосон гэж боддог уу?

-Тэгэлгүй
яахав. Ээж минь бидэнд тэсвэр хатуужилтай байх тэр л зэр зэвсгийг
өгсөн. Намайг найм, есөн настай байхад эцэг, эх маань салж, ээж маань
намайг, бас дүүг маань өсгөх гэж өдрийн турш цуцталаа ажилладаг байсан.
Харин би чадлынхаа хэрээр ээждээ тусалдаг байлаа.

-Чиний шинэ цомгийн талаар ярилцъя гэж бодлоо. Чиний зүгээс цомгийнхоо талаар хэлэх зүйл юу байна?

-Ихэнх
дууныхаа аяыг бичихэд би өөрөө биечлэн оролцсон. Өнгөрсөн найман сарын
амьдралаа өөрийн хөгжмөөр, дуугаараа илэрхийлэхийг хүссэн юм. Дуунууд
маань хувийн чанартай болсон гэж болно. Рок ‘н ролл, бас хип-хоп. Lil’
Wayne-д, бас Kings of Leon-д миний цомог таалагдвал би үнэхээр баяртай
байх болно. Хүмүүст миний цомог, миний дуунууд таалагдахгүй байлаа гэж
бодоход надад харамсах зүйл байхгүй ээ. Учир нь би өөрийн хийхийг
хүссэн зүйлээ бий болгосон шүү дээ. Айж, сандрах зүйл огтхон ч байхгүй.

-Жастин Тимберлейк чиний цомгийг “өсч торнисон” гэж тодорхойлсон байсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байна уу?

-Тийм
ээ. Сүүлийн цомгоо гаргаснаас хойш би хувь хүний үүднээс ч тэр, уран
бүтээлчийн хувиар ч тэр өсч торнисон. Шинэ цомог маань миний яг
одоогийн байдлыг илэрхийлсэн гэж хэлж болно.

-Загварын
ертөнцөд олсон чиний амжилтын талаар ярилцвал ямар вэ? Ганцхан шөнийн
дотор та загварын бэлгэ тэмдэг болж чадсан шүү дээ?

-Миний
хувьд загвар гэдэг өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх бас нэгэн арга зам
гэж боддог. Миний хийх дуртай зугаатай зүйлсийн нэг. Янз бүрийн хувцас
сольж өмсч тоглоод, өөр өөр гадуур хувцас, өнгө төрхийг бий болгоно
гэдэг сонирхолтой. Би бол уран бүтээлч хүн, тэгэхээр аливааг
өөрийнхөөрөө бий болгох ёстой. Гутал бол миний хамгийн дуртай зүйлс.

-Чамд тэгвэл хэдэн хос гутал байдаг вэ?

-Өө, мэдэхгүй. Ёстой дэндүү олон байдаг шүү. /Инээв/

-Чиний гадаад төрх анх олны танил болж байх үеэс эрс өөрчлөгдсөн?

-Уран
бүтээлээ туурвиж эхэлсэн эхний хоёр жил миний хийхийг хүссэн олон зүйлд
хязгаар тавьдаг байсан. Бүдэг ягаан, тод ягаан, улаан зэрэг тод өнгөөр
уруулаа будахгүй, натураль хэвээр нь байлгахыг шаарддаг байсан юм.
Эцэст нь, тэдгээр хэсэг хүмүүстэй харилцахаа больсноор өөрийнхөө
хүссэнийг хийх боломжтой болсон. Тэгээд л би үсээ тайрч, хар өнгөөр
будуулаад, стилиэ өөрчилж, дуугаа ч өөрчилсөн. Зөвхөн өөрийгөө
илэрхийлэхийн тулд шүү дээ.

-Чиний алдартай үсний засалтын талаар… Одоо үсчний салонд “Рианна” гэдэг нэртэй загвар “мода”-нд ороод байна шүү?

-Тийм
ээ, анх “Good Girl Gone Bad” цомгийн хавтасны зураг авахуулахын өмнө би
үсээ тайруулсан. Харин дараа нь 2008 оны нэгдүгээр сард болсон NRJ
Music Awards-ын өмнө дахиад үсээ тайрчихсан. Үсчин маань надад “Чиний
үсийг янзалж суух төвөгтэй юм. Хоёулаа үсийг чинь тайръя” гэж хэлсэн.
Тэгээд л ийм жижигхэн болчихсон.

-Чиний үүсгэн байгуулсан хүмүүнлэгийн байгууллагын талаар яривал, чухам ямар учраас “Believe” санг үүсгэн байгуулсан юм бэ?

-Би
хүүхдэд маш их хайртай. Тэд бол дэндүү өөрсдийнхөөрөө, бяцхан томчууд л
гэсэн үг. Тэдэнтэй ажиллах үргэлж сайхан байдаг. Тиймээс ч би хичээлийн
хэрэгсэл, шаардлагатай эм тан хандивлаж, ясны чөмөг шилжүүлэн суулгахад
шаардагдах донер олж өгсөн. Би зүгээр л тэдэнд туслахыг хүссэн юм.

 -Чи
нэг бяцхан охинд, бас хоёр хүүхдийн ээж эмэгтэйд тусалсан. Тэр хоёр
хоёулаа ясны чөмөгний хорт хадвартай, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс
засал хийлгэх зайлшгүй шаардлагатай байсан шүү дээ. Ер нь юу болсон юм
бэ?

-Миний менежер надад нэг видео бичлэг
үзүүлсэн юм. Тэр бичлэгийг нэгэн бяцхан охин хамгийн сайн найздаа
зориулж хийсэн байсан. Изабель охин камер руу хараад, “Энэ бол миний
найз Жасмин, харин та ДНК шинжилгээ өгөхийн тулд амаа хөвөнгөөр арчаад,
тэгээд тэр хөвөнгөө дугтуйнд хийгээд илгээгээрэй. Та түүнд тус болж
чадах ч юм билүү” гэж хэлдэг. Тэр хоёр охин хоёулаа өргөмөл, бас
үнэхээр дотно харилцаатай, хагацашгүй сайн найзууд. Тэр бичлэг надад
гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж, өөрийгөө түүнд туслах ёстой гэж бодсон
юм. Тэгээд л би донер хайх эрэлд гарсан. Эрэл мухардаж, бидэнд үнэхээр
донер олдохгүй нь гэж сэтгэлээр унаад байж байтал бидэнд аз тохиож,
донер олдсон юм. Харин хоёр хүүхдийн ээж эмэгтэйн тухайд түүнийг Лиза
гэдэг. Тэр ясны чөмөгний хорт хавдартай, шилжүүлэн суулгах мэс засал
хийлгэхгүй бол хоёр бяцхан хүүхдээ үлдээгээд хорвоог орхихоос өөр
аргагүй болох байлаа. Тухайн үед хүүхдүүдийг ингээд орхиж болохгүй шүү
дээ гэсэн бодол л миний толгойд эргэлдэж байсан. Тэгээд л бид донер
эрчимтэй хайж, хагалгаа ч амжилттай болсон. Тэр өвчнөөсөө болоод маш их
шаналж, зовиуртай байдаг байсан бол одоо хүчирхэг, өөртөө итгэл дүүрэн
эмэгтэй болж хувирсан шүү.

-Үнэхээр
гайхалтай. Одоо та 21 настай, гэтэл хийж, бүтээсэн зүйл маш их байна.
Таван жилийн дараах амьдралаа хэрхэн төсөөлж байна?

-Өнгөрсөн
таван жилийн хугацаанд маш их зүйл болж өнгөрсөн болохоор ирээдүйн
таван жилийн талаар урьдчилж хэлэх хэцүү байна. Миний хүсч буй зүйл бол
өсч дэвжих. Учир нь би хэзээ ч сэтгэл ханадаггүй, үргэлж илүү том зүйл
рүү тэмүүлж байдаг юм. Үргэлж ахиж дэвжиж, сайжирч, нэг шат урагшаа
алхахыг зорьдог.

-Хайрлаж, дурлаж, гэр бүлтэй болох талаар бодоход хэтэрхий эрт байна уу?

-10
жилийн дотор би жинхэнэ хайртайгаа учирна гэж найдаж байна. Гэхдээ тэр
үед 31 настай, бас хайрлаж дурлаж үзээгүй гэхээр инээдтэй санагдах
байх. Хувийн амьдралдаа ч тэр, карьертаа ч тэр сэтгэл хангалуун
амьдрахыг хүсч байна. Өөрийн дуртай зүйлээ л хиймээр байна. 10 жилийн
хугацаанд юу болж өнгөрөхийг үнэхээр мэдэхгүй юм.

-Эцэст нь, “Glamour” сэтгүүлийн оны шилдэг эмэгтэйгээр тодорсонд баяр хүргэе!

-Үнэхээр
нэр төрийн хэрэг боллоо. Оны шилдэг эмэгтэйгээр тодорсон эмэгтэйчүүд
бүгд намайг зоригжуулдаг. Тэднээс суралцах зүйл их бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж