СЕХ хуулиа дээдэлдэг эсэхийг сонгогчид харж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

СЕХ хуулиа дээдэлдэг эсэхийг сонгогчид харж байна

УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрлөө. Хууль зөрчсөн, их хуралд сонгогдохын тулд яахаас ч буцахгүйгээ харуулсан үйлдэл өчнөөн гарлаа. Төрөө дээдэлдэг ард түмний сонголтыг дээрэмдсэн, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэргүүд эхнээсээ хуулийн байгууллагад очиж байна.

Харин Сонгуулийн ерөнхий хороо таг чиг. Хууль зөрчсөн буруутай нөхдүүдэд хариуцлага тооцох эсэхийг нь сонгогчид харж, хүлээсээр.

УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог, Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар мөн л сонгогчдын саналыг татах зорилгоор архи, эд зүйл, бэлэн мөнгө тараасан нь баримтаар нотлогдсон. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд л Өвөрхангай аймгийн бүх сумдад айл бүрт архи, эд зүйл өгч, сонгуулийн санал хураах өдөр иргэдэд бэлэн мөнгө тараасан нь дүрс бичлэгт үлджээ. Мөн залуу сонгогчдод 150 мянган төгрөг тараасан нь дүрс бичлэг болон бусад баримтаар нотлогдож байгаа юм. Сонгогчдод тараасан архи, ундаа, чихэр сэлтийг “Өндөр буянт” компанийн менежер, Н.Төмөрхүүгийн шадар туслах нь “Спирт бал бурам” компаниас бөөндөж авсан баримт ч байна. Өвөрхангайчуудын саналыг нэг шил архи, чихэр мэтхэнээр үнэлсэн МАН-ын нэр дэвшигчид мөнөөх тараах зүйлсээ 20 тоннын чингэлгээр зөөж аваачсан байдаг. Энэ чингэлгийг Өвөрхангай аймгийн цагдаа, прокурорын ажилтнууд илрүүлж, үлдэгдэл архийг хурааж битүүмжилсэн юм. Сонгуулийн санал хураах өдрийн өглөө автобус автобусаар хүн зөөж, сонгогчдод 20 мянган төгрөг тараасан нь мөн л үйлдэл дээрээ баригдсан. 

Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын энэхүү төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан хэргийг сонгуулийн байгууллага хуулийн хүрээнд шийдэхийг сонгогчид хүлээж байна.

УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог, Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар мөн иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор 100 мянган төгрөг тараасан нь баримтаар нотлогдоод буй. Энэ хэргийг Тагнуулийн ерөнхий газар “төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын байнгын хорооны рефрент, төрийн жинхэнэ албан хаагч Ш.Чинбат нарыг “Хархираа” амралтын газраас баривчлан хориод байгаа. Ийнхүү их хуралд сонгогдохын тулд хууль зөрчсөн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын “ач”-аар хоёр хүн торны цаана суух болоод байна. Эрхэм “гишүүд” ч өөрсдөө “аав”-ын хаалга татаж мэдэх юм.

Дахиад л МАН-ын нэр дэвшигч Б.Батзориг, Д.Арвин нартай холбоотой хэрэг олны анхаарлын төвд байгаа. Тэд санал хураалт дуусчихаад байхад шөнө дөл болтол саналын хуудас уншуулсан нь илэрсэн гэсэн мэдээлэл бий.

Энэ мэтчилэн сонгуулийг будлиантуулж, сонгогчдын саналыг худалдаж авсан, хууль зөрчсөн үйлдлүүд хаа сайгүй. Ард түмний төр барих эрхэд бүдүүлгээр халдсан, төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан, хууль зөрчин байж хууль тогтоогч болох гэсэн ийм үйлдлийн хажуугаар Сонгуулийн ерөнхий хороо дуугүй өнгөрөхгүй нь лавтай байх. Гэхдээ л цаг хугацаа алдаж байгааг сануулахад илүүдэхгүй болов уу.  Товчхондоо, Сонгуулийн ерөнхий хороо эдгээр сонгуулийн луйвар, хууль зөрчсөн асуудлыг хэрхэн шийдэхийг харах л үлджээ.

/Төлбөртэй нийтлэв/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж