Хурлаар УИХ-ын сонгуулиас хойш үүссэн нөхцөл байдлын талаар ярилцаад хуучин УИХ-ын хаалт, шинэ УИХ-ын анхдугаар чуулганд МАН-ын бүлгийн гишүүд оролцох боломжгүй гэж үзсэн байна.
Ө.Энхтүвшин дарга мэдээлэлдээ “Сонгуулийн тойргийн хороод ялсныг нь хүлээн зөвшөөрч УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь гардуулсан нэр дэвшигчдийг бүгдийг СЕХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгах ёстой. МАН-аас 27 гишүүн тойрогтоо ялалт байгуулсан. Гэтэл СЕХ өчигдөр орой хуралдаж, МАН-ын таван хүнийг хассан. Өвөрхангайд ялсан Н.Төмөрхүү, С.Чинзориг, Увсад ялсан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Орхонд ялсан О.Содбилэг нарыг хасаад байсан. Энэ бол илт хууль зөрчсөн явдал. Дээрх хүмүүс дэндүү олон саналаар ялж тойргийн хорооноосоо УИХ-ын сонгуульд ялсан гэж түр үнэмлэхээ аваад байсан.
Өвөрхангайн асуудлаар нийслэлийн Хан-Уул дүүргийн нэг шүүгч шийдвэр гаргасан байна. Өвөрхангайн асуудлыг Хан-Уул дүүргийн шүүх авч үзсэн нь харьяалал буруу. Шүүхийн эцсийн шийдвэр ч гараагүй, давж заалдах, хяналтын шатны шүүх дээр нь байна. Эцсийн шийдвэр гараагүй байхад ингэж хасах эрх байхгүй. О.Содбилэг, Б.Чойжилдсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын талаар прокуророос асуудал гарсан. Шүүх биш прокурор асуудал гаргасан.
Өнөөдөр СЕХ энэ таван хүнээс гурвыг үлдээж, Өвөрхангайн хоёрыг хасч Ерөнхийлөгчид айлтгасан байна. Тэр хоёрыг ч айлтгах ёстой. Үүнийг МАН-ын бүлэг шаардаж байгаа. СЕХ хэтэрхий нэг талд үйлчилж байна. МАН-аас ч тойрог бүр дээр асуудал гаргаж 20 гаруй гомдол тавьсан. Баянхонгор аймагт гэхэд АН-аас нэр дэвшигчид архи тараасан. Гэтэл үүнийг дурдалгүй өнгөрөөсөн. Эдгээрээс нэгийг ч хэлэлцээгүй. Дүйвүүлж хугацаа хожиж байна. Гэтэл АН-ын асуудалд хөнгөн шуурхай хандаж байна. АН ч гэсэн гар тооллого хийвэл хийе гэсэн. Ялангуяа нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Орхон, Хэнтий, Архангай аймагт гар тооллого явуулах хүсэлтийг МАН гаргасан. Бидний тавьсан асуудлыг авч хэлэлцэхгүй байна.
Нийслэлийн хоёр тойрогт дахин санал хураалт болно. Түүнийг энэ сарын 8-нд хийнэ гэж ойлгож байсан ч техникийн шалтгаанаар хойшилж байгаа бололтой” гэлээ. Ингээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-УИХ-ын 2008 оны сонгуулиар дутуу тойргуудыг орхиод тангараг өргөж байсан. Одоо тэгж болохгүй юү?
-Энэ удаа 2008 онтой адилтгах, жиших зүйлгүй. 2008 онд дутуу байсан нэр дэвшигчид бол түр үнэмлэхээ аваагүй, тойргийн хороо нь тогтоол гаргаагүй байсан. Гэтэл энэ удаа ялалтыг нь хүлээн зөвшөөрсөн, түр үнэмлэхээ авсан гишүүдийн дундаас сугалж татсан нь хууль бус гэж үзэж байна.
-Хууль зарчсөн нь илэрхий гэж шүүхийн шийдвэр гарсан байхад МАН-ын бүлэг яагаад хамгаалаад байна?
-Нэг л шүүгч тийм шийдвэр гаргасан. Гэхдээ Өвөрхангайн асуудлаар нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх шийдвэр гаргасан нь буруу.
-Монгол Улсын Ерөнхийлөгч маргааш 10.00 цагаас шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулъя гэсэн. МАН-ын бүлэггүйгээр бусад нам, эвслээс сонгогдсон гишүүд, бие даагчид тангаргаа өргөвөл энэ УИХ-ын бүрэн эрх дуусгавар болох уу?
-Анхдугаар чуулган 57-гоос дээш гишүүний ирцтэйгээр хүчин төгөлдөр болдог. Үүнийг Үндсэн хуульд заасан тул МАН-ын бүлэггүйгээр тангараг өргөх боломжгүй.