Овоотын чиглэлд барих төмөр замыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Овоотын чиглэлд барих төмөр замыг эсэргүүцэв

“Миний монголын газар шороо” хөдөлгөөнөөс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлд 628 км төмөр зам барихыг хэлэлцэн баталсныг эсэргүүцэн, мэдээлэл хийв.

Байгалийн үзэсгэлэнт газар болох Хөвсгөл нуурыг тойроод олон орд байдаг ч түүнийг ашиглах нь байгалийн баялаг болсон усын ундаргыг сүйрүүлж болох аюултай байтал үүнийг дэмжиж Овоотын орд хүртэл төмөр зам барих гэж байгаа нь буруу гэж үзэж буйгаа илэрхийллээ. “Хэрэв үнэхээр аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор төмөр зам барьж байгаа юм бол Мөрөн хот хүртэл үргэжлүүлж болох байсан. Харин орд газар ихтэй байршил руу төмөр зам тавьж байгаа нь цэвэр ашиг хонжоо харсан хэрэг болно” гэж хөдөлгөөний гишүүд хэллээ. 

Хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаарх хууль, эрх зүйн талаар танилцуулсан юм. “УИХ-аас төмөр замын салбарт баримтлах бодлогыг боловсруулсан. Засгийн газар энэ дагуу ажлуудыг гүйцэтгэхийн тулд тогтоол баталдаг байх учиртай. Гэтэл УИХ-ын тогтоолд заагаагүй зүйлийг Засгийн газраас боловсрууллаа” хэмээн хөдөлгөөнийхөн үзэж байна.

Төмөр зам барих чиглэл дэх Овоот бол коксжих нүүрсний орд. Энэ чиглэлд төмөр зам тавьж байгаа нь үндсэндээ фосфорит, молибден, нүүрсний ордыг ашиглан, түүнээс гарах уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх далд санаа өвөртөлсөн хэрэг хэмээн үзэж буй учир Засгийн газраас гаргасан тогтоолоо өөрсдөө хүчингүй болгох эсвэл УИХ хүчингүй болгохыг хүсэв. Хэрэв УИХ болон Засгийн газар байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалахын эсрэг тогтоолыг хүчингүй болгохгүй бол иргэний нийгмийн төлөөллөөс Үндсэн хуулийн цэцэд хандаж болох тухай мэдээллээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж