Дархан-Уул аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болжээ. Хурлаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хотхон байгуулах асуудлыг хэлэлцэж, дахин төлөвлөлтөд буцаажээ. Энэ ажлыг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК хариуцан ажиллаж, төлөвлөлтөд 30 сая төгрөг зарцуулсан байсан ч хурлаар дэмжлэг авч чадаагүй гэнэ. Тэд аймгийн ерөнхий архитектурын зөвлөмжийн дагуу 46,5 га газрын хэсэгчилсэн төлөвлөгөөг гаргаж, 100 айлын амины орон сууц, 100 хүүхдийн хоёр цэцэрлэг, 960 хүүхдийн хоёр давхар сургууль, өрхийн эмнэлэг, цагдаагийн тасаг, хоёр давхар спорт цогцолбор, найман давхар 56 айлын найман байр, нийт 448 айлын байрыг барихаар тусгасан байна. Харин аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн үзэж буйгаар тэрхүү хэсэгт илүү өндөр барилга баригдах учиртай гэжээ.
Э.САРАА