Алжир тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Алжир тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна

Алжир улс Францын эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо зарласны түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож буй ажээ. Энэхүү  баярынхаа ойгоор Алжир улс орон даяар галт наадам хийж байна. Өнөөдөр болж буй баярын албан ёсны үйл ажиллагаа нь өчигдөр  Сиди фрэдж хотын далайн эргийн амралтын газрын тайзан дээр тавигдсан "The Hero" хэмээх бүжгэн жүжгийн тоглолтоор эхэлсэн байна. Алжирын Ерөнхийлөгч Абдель Бутефлика энэхүү түүхэн бүжгийг үзсэн бол ард түмэн олон нийтийн телевизээр шууд хүлээн авч, үзжээ. Бүжгэн жүжгийг Ливаны бүжиг дэглээч  Абдел Халим Каракалла дэглэсэн бөгөөд тэрбээр 800 жүжигчин, дуучин, балетын бүжигчдийг оролцуулсан байна. Бүжгэн жүжиг галт наадмаар үргэлжилж, Хятадын компани сүрт гал наадмыг 47 муж болон хотын тэнгэрт нарийн зохион байгуулалттайгаар үзүүлсэн байна. Галт наадамд есөн сая ам.доллар зарцуулжээ. Баярын албан ёсны ёслолын ажиллагаагаар 10 мянган залуу Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд тусгаар тогтнолын тэмцлийг дүрсэлсэн шоу тоглох юм байна. Мөн Ерөнхийлөгч Абдель Бутефлика Сиди Фрэдж хотод орших  тусгаар тогтнолын төлөөх дайнд оролцсон цэрэг болон иргэдийн бунханы хөшөөнд  хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ажээ. Энэхүү баярын үйл ажиллагаа хурал, чуулга уулзалтаар үргэлжлэх юм байна.

Алжир улс Францаас тусгаар тогтнохын тулд хагас зууны турш цуст тэмцэл өрнүүлсний  эцэст ялалт байгуулсан ажээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж