Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай, Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгох тухай, Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн, баталсны дагуу эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалин, урамшуулал тодорхой хэмжээгээр нэмэгдэх боломжтой болж байна. Дээрх тогтоолын хэрэгжилт 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх бөгөөд нэг жилд 16,8 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай гэнэ.
Тогтоолууд хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн салбарын ажилтнууд дараах нэмэгдэл, мөнгөн урамшууллыг хүртэх боломж бүрдэж байгаа юм. Үүнд:
- Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй бүх албан тушаалтнууд улирлын ажлын үр дүнгийн үнэлгээнээс хамааран улиралд 108000-309000 төгрөгийн мөнгөн урамшууллыг авна.
- НХХСайдын тушаалаар баталсан хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаарах албан тушаал эрхэлдэг эрүүл мэндийн ажилтнууд болон эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагч нь үндсэн цалингийн хэмжээнээс хамааран сар бүр 38000-55000 төгрөгийн нэмэгдэл авна.
- Алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлаганд явж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтан алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлагад явах тухай бүртээ тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 15 хувь буюу 21060 төгрөгийн нэмэгдэл хөлсийг авна.
- Тасгийн эрхлэгч эмчийн үндсэн цалинг бусад эмч нарын үндсэн цалингаас нэг зэрэглэлээр ахиуллаа. Ингэснээр тасгийн эрхлэгч эмчийн үндсэн цалин дунджаар 40 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэх юм байна.
Д.ЖАРГАЛ