Сонгуулийн дүнд нөлөөлөхүйц зөрчил гараагүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Сонгуулийн дүнд нөлөөлөхүйц зөрчил гараагүй гэв

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-нээс УИХ-ын 2012 оны сонгуулийн бүхий л явцад хийсэн хяналтынхаа дүнг өнөөдөр танилцууллаа. Тус сүлжээний гишүүн долоон байгууллагын нийт 200 гаруй ажиглагч таван чиглэлд хуваагдаж, сонгуулийн үйл явцад хяналт тавин ажиллажээ.

Нэгдүгээрт, сонгогчдын нэрсийн жагсаалтыг “Филантропи хөгжлийн төлөө төв” хянасан бөгөөд их, дунд, бага сонгогчтой хэсгийн хороодыг тэнцвэртэйгээр түүвэрлэсний дүнд нийт 45330 сонгогчтой хэсгийн хороодыг шалгажээ. Ингэхдээ сонгогчдын нэрсийн жагсаалтыг тулгах, Цагдан хорих 461 дүгээр анги, Дэнжийн мянга дахь 111 буюу Албадан саатуулах, баривчлах төвд зөөврийн хайрцгаар санал өгөх сонгогчдын жагсаалтыг хянах багийг тус тусад нь бүрдүүлж, ажилласан байна. Тэд 20 хэсгийн хороонд мониторинг хийснээс найм нь зохих журмын дагуу ажилласан гэж дүгнэсэн байна. Сонгогчдын бүртгэлийг хянаж байхад долоон хүний регистрийн дугаар, гурван хүний нэр буруу, 12 хүн нас барсан, нэг сонгогч хорих ял авсан, 88 сонгогч тухайн хэсгийн хороонд байх ёсгүй, 29 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй гэсэн зөрчил илэрчээ. Тиймээс зөрчил бүхий 53 сонгогчийн бүртгэлийг шалгаж өгөхийг хүсч, Нийслэлийн бүртгэлийн газрын Хяналтын хэлтэс, Сонгуулийн ерөнхий хороонд хандан, албан тоот хүргүүлжээ. Үүний хариуд, “Шилжилт хөдөлгөөнөө цаг тухайд нь бүртгүүлээгүй, сонгогчдын жагсаалтад давхар бүртгэгдээгүй байна” гэсэн тайлбарыг албан тайлбарыг албаны хүмүүс өгсөн гэнэ.

Түүнчлэн иргэдээс өөрийнх нь хаяг дээр олон хүний нэрс давхар явж байна гэсэн түгээмэл гомдлын дагуу мониторинг хийж үзжээ. Тухайлбал, БЗД-ийн 20 дугаар хорооны иргэнээс нэг хаяг дээр 169 сонгогч бүртгэгдсэн талаарх гомдлын дагуу шалгаж үзэхэд, Бүртгэлийн байгууллагаас тус газар нутагт айл бүрийн хаяг байхгүй учраас нэг хаягт бүртгэгдсэн байна гэсэн тайлбар өгсөн гэнэ. Үнэн хэрэгтээ, 20 дугаар хорооны айл бүр тусдаа хаягтай байсныг шалгалтын баг тогтоожээ. Үүнээс дүгнэхэд бүртгэл хариуцсан байгууллага хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн болохыг тогтоожээ.

Хоёрдугаарт, саналын хуудсыг хэвлэх, хадгалах, хамгаалах явцад “Сонгогчдын боловсрол төв” мониторинг хийсэн байна. Саналын хуудсыг хэвлэх компанийг сонгохдоо зөвхөн техникийн хүчин чадлыг харгалзан үзсэн. Хэвлэх ажлыг “Мөнхийн үсэг групп” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус компанийн Удирдах зөвлөлийн дарга нь УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшсэн ажээ. Тиймээс сонгуульд оролцож буй талуудын сонгуулийн шударга байх зарчимд итгэх итгэл алдрахад хүргэж болзошгүй талаар хяналтыг ажиглагч нар дүгнэжээ. Саналын хуудас нугарах, норох зэрэг гадны нөлөөллөөс болж гэмтвэл автомат машин уншихгүй гацаж байсан. Энэ удаагийн сонгуулиар саналын хуудсанд баглаа, савлагаанаас хамаарсан эрсдэл гараагүй ч битүүмжлэл хангалтгүй байсан гэнэ. Энэ үеэр илэрсэн зөрчлөөс дурдвал, УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт саналын хуудсыг хүлээн авсны дараа хэсгийн хороодод хүргүүлэх үед цагдаагийн байгууллагын хамгаалалтгүйгээр тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хамгаалалтад авч явсан байна. Мөн 24 дүгээр тойрог буюу нийслэлийн Чингэлтэй дүүрэгт саналын хуудасны зарцуулалт тайлан сонгуулийн өдөр газар дээр нь ажилласан хөндлөнгийн ажиглагч нарын тайлангаас зөрсөн байна. Тиймээс зөрчил гарсан энэ тайланг эргэн нягтлахыг хөндлөнгийн ажиглагчид зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 3-ны өдрүүдэд удаа дараа хүссэн боловч төрийн бус байгууллагууд тайлантай танилцах эрхгүй гэсэн тайлбарыг тус дүүргээс өгчээ. Саналын хуудсыг архивлах ажил эхлээгүй байгаа бөгөөд мониторингийг үргэлжлүүлэх юм байна.

Гуравдугаарт, санал хураах, тоолох явцад “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ хяналт тавин ажиллажээ. Нийслэлийн зургаан тойргийн нийт 359 хэсгийн хорооны 31 хувь буюу 112 хэсгийн хороонд ажилласан ажиглагчдын мэдээлэлд үндэслэн “Санал хураах, тоолох үйл явцад сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй” хэмээн тус байгууллагаас дүгнэж байна. Зарим зөрчлөөс дурдвал, санал авах байран дахь сонгогчдын ширээ, бүхээг хоорондоо хэт ойр байсан нь нэгний санал нөгөөд нөлөөлөх боломжтой байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам байгаагүй. Шатаар гардаг санал авах байрнууд их байсан гэнэ. Хөндлөнгийн ажиглагч нарт зориулсан сандал, ширээ дутмаг байсан нь хяналт хийхэд бэрхшээлтэй байсан гэнэ. Санал өгөх явцад иргэдийн хувьд  багагүй чирэгдэл учирсан нь аль хэсэгтээ санал өгөхөө, саналын хуудсыг хэрхэн бөглөхийг мэдэхгүй байсан аж.

Дөрөвдүгээрт, автоматжуулсан системийн мониторингийг “Мидас” ТББ гүйцэтгэжээ. Тус байгууллагаас “Сонгуулийн автоматжуулсан систем эхний шалгалтаа Б үнэлгээтэй өгсөн. Хүмүүсийн нөлөөллийг багасгаж, сонгууль шударга явагдахад зохих үр дүнгээ өгсөн” гэж дүгнэлээ. Нийт 2446 санал тоолох машин санал хураалтын үед ажилласнаас 10-аад машин гацаж, гар ажиллагаанд шилжсэн нь харьцангуй боломжийн ажилласан гэнэ. Автомат машин гацсан нь ихэвчлэн сонгогчийн үйлдлээс болсон аж. Тухайлбал, саналын хуудсаа нугалж, норгосон болон буруу талаар нь хийснээс болж гацаж байсан гэнэ.

Тавдугаарт, Сонгуулийн үеэр хэвлэл, мэдээлийн хэрэгсэл дэх мониторингийг “Глоб интернэйшнл” ТББ хийжээ. Ингэхдээ зургадугаар сарын 6-27-ныг хүртэл МҮОНТ, “UBS” “ТВ5”, “ТВ9”, “МN25” суваг телевизүүдэд мониторинг хийсэн аж. Судалгаанаас үзэхэд, эдгээр телевиз бүгд сурталчилгааны хугацаанд тэнцвэргүй мэдээлсэн байна. МҮОНТ-ийн тухайд, сонгуультай холбоотой мэдээллийн 23 хувийг МАН, 18 хувийг АН-ын мэдээлэл эзэлжээ. Харин бусад телевизийн тухайд, МАН-ын тухай мэдээлэл 43 хувиар давамгайлсан гэнэ. Арилжааны телевизүүд сонгогчдын боловсролд чиглэсэн мэдээллийг маш бага цацсан гэж дүгнэсэн байна. Телевизүүдийн мэдээний хөтөлбөрт сонгуулийн сурталчилгаа давамгайлсан нь харагдаж байсан бөгөөд МҮОНТ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр нийт есөн цаг 42 минутын далд сурталчилгааг цацсан байна. Бусад телевизийн хувьд ТВ9 телевиз хамгийн өндөр буюу 17 цаг 14 минутын хугацаатай далд сурталчилгаа явуулсныг хяналтын багийнхан тогтоожээ.

Ийнхүү ажиглагч нар нь  сонгуулийн үйл явцыг хянахдаа улс төрийн нам, эвслийн нөлөөллөөс ангид ажилласан гэдгээ мониторингийн дүнг танилцуулах үеэр онцоллоо.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж