Тэгвэл өнөөдөр Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газраас Монгол Улсад үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулах асуудлаар олон улсын семинар зохион байгуулж байна. Семинарын хүрээнд БНСУ-ын 20 мэргэжилтэн Монголд ирж, туршлага солилцох юм. Энэхүү семинарын ач холбогдлын талаар Монголын геодизи фотокрометр, зураг зүйн холбооны мэргэжилтэн Б. Эрдэнэбаатар “Уг семинарын ач холбогдол нь геодезийн салбар өндөр хөгжсөн БНСУ-ын мэргэжилтнүүд өөрийн орны туршлагаас хуваалцаж байгаа явдал юм. Манай орны хувьд энэ төрлийн судалгаанд өндөр ач холбогдол өгдөггүй. Иймдээ ч геодезийн судалгааны ач холбогдлыг таниулах зорилготой зохион байгуулж байна. Өмнө нь манай улс энэ төрлийн судалгааг цаасан дээр хийдэг байсан бол одоо цахим хэлбэрт шилжиж байна. Гурван хэмжээст цахим хэлбэрт шилжиж байгаа нь судалгааны үр дүнг илүү бодитой гаргах боломж олгож байна” хэмээн ярилаа.
“Орон зайн мэдээлэл” гэдэг нь газрын гадарга, усны дээр болоод доор орших байгалийн ба хүний үйл ажиллагаагаар бүтээгдсэн биет зүйлсийн байршлын мэдээлэл юм. Эдгээрийг нарийн зөв тодорхойлсноор барилга байгууламжийн насжилтад эерэгээр нөлөөлөхөөс гадна ундны ус зэрэг байгалийн хязгаарлагдмал нөөцийг төлөвлөгөөтэй хэрэглэх боломжтой болох юм. Монгол Улсын хувьд техник технологи хоцрогдсон, мөн энэ талын судалгаанд ач холбогдол бага өгдөг зэргээс олон хүндрэлтэй асуудал үүсдэг байна.