УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Ганхуяг сонгуулийн сурталчилгаанд нь ажилласан иргэн Ц.Эрдэнэсайханы хөдөлмөрийн хөлсийг өгөөгүй тухай “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэн Ц.Эрдэнэсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр яруу найрагч, чөлөөт уран бүтээлч аж. Түүний ээж нь хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, долдугаар сарын 2-нд мэс засал хийлгэх байсан тул Ч.Ганхуягийн сонгуулийн сурталчилгаанд ажиллахдаа мэс заслаас өмнө амжиж хөлс, мөнгөө авна хэмээн тохирсон байжээ. Гэтэл Ч.Ганхуяг нь 500 мянган төгрөгийн хөлс өгөөд, үлдсэн мөнгө болох хоёр сая 300 мянган төгрөгийг одоо болтол өгөөгүй байгаа аж. Сүүлдээ утсаа унтраах, элдэв мессеж явуулах зэргээр бултаж байгаа тухай иргэн Ц.Эрдэнэсайхан ярьж байлаа. Тэрбээр “Би МАН-ын гишүүн биш, жирийн нэг иргэн. Энэ сонгуулийн үеэр над шиг энэ мэт хохирсон сэтгүүлч, сурвалжлагч, ажилчид олон байгаа байх. Тэгвэл зоригтой ил гарч, тэмцэхийг уриалж байна” гэв.
Э.САР