My Dog Sighs хэмээх маш жигтэй нууц нэртэй британи зураач төрөлх Дортмунддаа гудамж цэвэрлэдэг тохижолтын компанийхны хайр талархлыг аль хэдийн татсан бололтой. Учир нь уран бүтээлч бээр газар хэвтэх нөөшний лаазны хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй нэгэн. Тэр нь бүтэн ч бай, шалчийсан ч бай, гялгар ч бай, зэвтэй ч бай хамаагүй. Зураач маань маань заавал лаазыг аваад цүнхэндээ хямгадна. Удахгүй энэ лааз урлагийн бүтээл болж, зураачийн Can Man Series арт төслийн хөгжилтэй баатарт хувирна.
Гудамжны зураач, эр нөхөр, эцэг, багш My Dog Sighs өөрийнхөө тухай “урлагийг олон түмэнд нэвтрүүлэх өвчин туссан” гэдэг бөгөөд бүр энэ үзлээ сурталчилдаг FreeArtFriday олон нийтийн хөдөлгөөн үүсгэн байгуулжээ. Хичнээн хүн энэ номлолыг нь дагаж байгааг зураач мэдэхгүй өөрийнхөөрөө зүтгэсээр л байгаа юм. Гудамжнаас олсон лаазаа урландаа аваачиж будан, хогийг урлаг болгочихоод, зураач түүнийгээ дахиад л гудамжинд тавьж хүмүүсийг гайхшруулах дуртай. Гайхах нь бол лавтай. Бүр аваад явбал орчин үеийн стрит арт-тай нэгэн цул боллоо гэсэн үг.
Лаазан дээр янз бүрийн царай зурснаар зураач тэдэнд өмнөхөөс нь хамаагүй илүү сонирхолтой, таатай хоёр дахь амьдралыг нь бэлэглэнэ. Эр, эм, алиалагч, хорон санаат, бурхан, чөтгөр, ууртай, уяхан гэхчлэн лаазан баатрууд түмэн янз учраас уран бүтээлчийн онгод ямар баялаг, хүн төрөлхтний мүдэг амьдралыг гэрэлтүүлэх хүсэл нь юутай ирмүүн юм бэ гэдэгт гайхширмаар.
Can Man Series арт төсөл нь Британийн гудамжуудаар хэрэгжиж байгаа бөгөөд аль нэг хотын хаана нь ч хамаагүй хөгжилтэй баатруудтай таарч болно шүү. Зураачийн уран бүтээлийн санг бүрэн эхээр нь интернэт хуудсаас нь хараарай.