Салах нөхцлөө тохиролцов

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Салах нөхцлөө тохиролцов

Вероника Ларио ба Сильвио Берлускони. Гэрэл зургийг  ©AFP

Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони ба түүний хоёр дахь эхнэр, жүжигчин асан Вероника Ларио хоёр салах нөхцлөө тохиролцсон тухай “The Times” сонин бичжээ.
Тэдний салах гэрээний талаар зарлагдаагүй ч уг сонин хэд, хэдэн мэдээлэл олж авсан байна. Жишээлбэл, Милан хотоос холгүй Бельведер дэх 80 сая еврогийн үнэтэй шилтгээнээ Ларио хадгалан үлдсэн байна. Харин сар бүр нөхрөөсөө 3,5 сая евро авна гэж байсан Лариогийн шаардлага бүтээгүй бололтой. Өмнө нь Берлускони эхнэртээ салсан тохиолдолд сар бүр 300 мянган евро төлнө гэж байсан юм. Харин тэдний тохиролцоо ямар болсон талаар уг сонинд мэдээлсэнгүй. Миланы шүүх дэх уг сонины эх сурвалж мэдээлснээр хосууд таван цагийн хэлэлцээр явуулсны дараа хүйтэндүү гар барилцаад салжээ.
Тэдний салах шалтгаан нь  Берлусконийн секс дуулиан болсон юм. Өнгөрсөн жилийн тавдугаар сард Берлускони насанд хүрээгүй модель Ноэми Летициятай холбогдсон. Үүний дараа ерөнхий сайд өөрийн нэгэн өргөөнд биеэ үнэлэгч нар оролцсон эскорт үйлчилгээ хийлгэдэг байсан гэж яригдах болсон.
Берлускони өөрөө тэр бүгдийг үгүйсгэн энэ бүгдийг медиа салбарын өөрийн гол өрсөлдөгч  магнат Руперт Мердок зохион байгуулсан гэж байв. Гэсэн ч насанд хүрээгүй хүнийг уруу татсан хүнтэй амьдрахгүй гэдгээ 20 жил ханилсан Ларио хэлээд салах өргөдлөө өгсөн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж