23-хан хоногийн дараа олимп эхэлнэ. Лондонгийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулах чин хүсэлт Монголын шигшээ багийн тамирчид Орхон аймагт бэлтгэлээ базааж буй. “topmedee” сайтын сурвалжлах хэсэг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн харъяа “Сэлэнгэ” амралтын баазыг зорьж, боксын шигшээ багийн тамирчидтай уулзсан юм. 400 гаруй километрийн алсаас очсон бид орой нар жаргахын алдад очсон бөгөөд Бээжингийн олимпийн мөнгөн медальт, МУГТ П.Сэрдамба газарчлан, шигшээ багийн тамирчидтай уулзууллаа.
-Гавьяат өнгөлөг харагдаж байх чинь. Бэлтгэл сургуулилт хэр байна даа?
-Дажгүй ээ. Хугацаа дөхчихсөн учраас бэлтгэлээ нэлээд эрчимжүүлж байгаа. Өнөөдөр бидэнтэй бэлтгэл хийхээр Буриад, Казакстаны тамирчид хүрэлцэн ирсэн. Маргаашнаас хамтарсан бэлтгэл хийх байх.
-Нэлээд өндөрлөг газар байна шүү? Бэлтгэл сургуулилтанд орчин чухал уу?
-Мэдээж. Бид долоо дахь жилдээ энд бэлтгэлд гарч байна. Өндөрлөг далайн түвшинтэй ойролцоо газар бэлтгэл сургуулилт хийх нь тэмцээний үеэр цуцалт багатай байдаг.Тэгээд ч битүү нарсан энэ ой хүчилтөрөгчөөр баялаг. Энд бэлтгэл базаах нь энэ мэт байгал орчны нөлөөнөөс гадна хувь хүний төвлөрөлтөнд чухал үүрэгтэй. Хотод ойролцоо бол гэр орон, ажил төрөл гээд асуудал мундахгүй шүү дээ.
-Танай жинд өөрчлөлт гарсан гэсэн. Гавьяат энэ удаа ямар жинд зодоглох вэ?
-Сонирхогчдын боксод жингийн өөрчлөлт гарсан. 48 кг нь 49 кг , 57кг нь 56кг, 51кг 52кг болж өөрчлөгдсөн. Миний хувьд энэ удаа 49 килограммын жинд тоглоно.
-Бадар-Ууган Гавьяат энэ удаагийн олимпид оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Олон хүн Сэрдамбад итгэл хүлээлгэж байгаа?
-/инээв.сурв/ Ард түмнийхээ итгэл, сэтгэлийг алдахгүйг хичээж, бэлтгэл сургуулилтаа сайн базааж байна. Бид олимпоос ес хоногийн өмнө бид Лондонд очно.
-Өмнөх олимпид бэртлээс болоод мөнгөн медаль хүртэж байсан. Бэртэл гэмтэл тань бүрэн эдгэрсэн үү?
-Үгүй ээ, одоо ч бэртэлтэй байгаа. Хөндчихгүйг хичээж байна.
-Өрсөлдөгчдөө судалсан байх. Танай жингийн ширүүн өрсөлдөгчид аль улсын тамирчид байгаа вэ?
-Манай жинд 26 тамирчин өрсөлдөнө. Сүүлийн үед боксын спорт дэлхий нийтийн хэмжээнд жигдхэн сайн хөгжиж байгаа учраас тэр улсын тамирчин сайн, тэр нь муу гэж хэлэх аргагүй юм. Нэг үе Куб улсын тамирчид давамгайлах хандлагатай дэлхийн аваргаас 7-8 алт авдаг байсан байсан бол одоо бүх улсын тамирчид жигдхэн сайн болсон. Тэгэхээр манай жингийн өрсөлдөгчид бүгд л ширүүхэн учраанууд.
-Хэдхэн хоногийн өмнө МУ-ын Ерөнхийлөгч олимпод оролцох тамирчдаа албан ёсоор гаргасан.
-Тиймээ, нэг үеэ бодвол манайхан тамирчдаа сайн дэмждэг болоод байгаа. Энэ жил урьд урьдынхаасаа илүү байна. Анх олимпийн бэлтгэлд нэг тэрбум төгрөг төсөвлөдөг байсан одоо 3-4 тэрбум төгрөг төсөвлөж байна. Дээр нь манай холбоо тамирчдаа их сайн харж үздэг. Энэ дашрамд холбооны Ерөнхийлөгч Ч.Ганзориг, дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нартаа нийт тамирчдынхаа өмнөөс баярлаж явдгаа дуулгамаар байна.
-2008 оны олимпийн үеэр амласан олон амлалтууд хэдэн хувийн биелэлтэй байгаа вэ?
-Хэн юу амласныг би өөрөө чихээрээ сонсож, нүдээрээ үзээгүй учраас төдөн хувь биелэсэн гэж хэлэх зохимжгүй байна. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэж үг байдаг шүү дээ. Хүмүүсийн ярьдаг шиг их зүйл аваагүй ч би сэтгэл хангалуун байгаа. Томоохон байгууллагууд өгөх юмаа өгсөн. Жишээлбэл Дүнжингарав худалдааны төв нэг сая доллар өгөхөөр амласан. Түүнийгээ өгч байгаа. Олимпоос өмнө өгөөд дуусгачих байх. Гадуур өгөхгүй байж амлалаа гэдэг яриа гарсан учраас зориуд хэлж байгаа юм шүү.
-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа. Аваргын алтан медаль энгэрт тань гялалзах баярт мөчид дахин уулзаж, тухтай хуучилъя.
-Ард түмнийхээ итгэлийг алдахгүйн төлөө чадах бүхнээ дайчилж, медалийнхаа өнгийг алт болгон өөрчлөхийг хичээнээ.
-Амжилт хүсье.
-Эх орноо төлөөлөн олимпийн наадамд явах нь. Бэлтгэл сургуулилт хэр хангагдаж байна вэ?
-Олон
хүн итгэл хүлээлгэж байгаа учраас чадлынхаа хэрээр сайн тоглоно доо.
Энд ирээд сар боллоо. Бэлтгэлийн хувьд нэлээд ачаалалтай байна. Дараа
долоо хоногоос бүр ч их ачаалалтай болох байх. Ард түмнийхээ итгэл
найдвар, сайн бэлтгэлийн эрч хүчээр олимпийн наадамд орно гэсэн бодолтой
байна даа.
– Б.Түвшинбатын хувьд анхны олимпдоо оролцох гэж байна. Ямар тэмцээнээс олимпид оролцох эрхээ авсан бэ?
-Тиймээ. Анхны удаа болохоор бүхий л зүрх сэтгэлээ бэлтгэлдээ зориулж байна даа. Азийн аваргаас олимпийн эрх авсан.
-69 кг-д хичнээн тамирчин тоглох болоо? Өрсөлдөгчдөө судалж амжсан уу?
–
Манай жинд нийтдээ 24 тамирчин өрсөлдөнө. Мэдээж өрсөлдөгчдөө тодорхой
хэмжээгээр судалсан. Дэлхийн аваргын медалтнууд, рейтингээрээ дээгүүр
бичигдэж байгаа тамирчид манай жинд өрсөлдөнө. Дэлхийн аваргын хэд хэдэн
удаагийн аварга болох Казакстаны тамирчин энэ жиндээ рейтэнгээрээ
нэлээд дээгүүүр бичигддэг. Мөн Укрианы тамирчид байна. Ер нь өрсөлдөөн
ширүүн байна байх.
– Анзаараад байхад 2008 оны олимпын
наадмын дараагаас боксоор хичээллэх хүүхэд залуусын тоо нэмэгдсэн. Ер нь
энэ спортоор хичээллэсэний давуу тал юу вэ? Өөрийн чинь хувьд энэ
спортоор хэр удаан хичээллэсэн бэ?
-Анх намайг боксоор
хиччээллэж эхлэхэд тархи толгойдоо гэмтэл авна гээд хориглодог байсан.
Тухайн үед хамгаалалтгүй тоглодог байсан юм. Одоо бол тийм зүйлгүй л
дээ. Цохилтын хүчийг бууруулах бээлий нь зузаан, толгойны хамгаалалт нь
сайжирсан гээд дэвшилтэт зүйл олон байгаа. Тиймээс боксоор хичээллэж
эхэлж байгаа, сонирхож байгаа хүмүүст харьцангуй амар болсон. Нөгөө
талаараа энэ бол эр хүний эр зоригийн спорт. Хүнд тэвчээр, хатуужил эх
зах гэдгийг хувь хүнд суулгаж өгдөг. Ер нь хүнийг эр хүн ямар байх
ёстой, яг тэгж л хүмүүжүүлдэг спорт л доо. Миний хувьд 11 настайгаасаа
өдийг хүртэл хичээллэж байна. Тэгэхээр 14 жил болчихсон байна.
-14
жил гэдэг бол багагүй хугацаа. Энэ хугацаанд гаргасан амжилтууд,
тэмцээн наадмаасаа сонирхуулбал? Тэр дундаа хамгийн сэтгэл хөдлгөж,
өөрөөрөө омогших сэтгэгдэл төрүүлсэн тэмцээнийхээ тухай?
-2010
онд Пакистанд болсон ОУ-ын чанартай тэмцээн юмуу даа. Тэр тэмцээнд 20
гаруй орны 100 гаруй тамирчид оролцсон тэр тэмцээнд би Узбекстан,
Хятадын тамирчинг ялан аваргалснаас гадна шилдэг тамирчнаар нь
шалгарсан. Энэ миний амьдралын хамгийн баяр жаргалтай мөчүүдийн нэг
байсан даа. Тэр үед аливаа зүйлд тууштай байвал үр дүнд хүрдэгийг
мэдэрсэн. Боксын спортоор хичээллэж эхэлсэнээс хойш гаргасан томоохон
амжилтууд гэвэл Монголд болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний 64 кг-ын жинд алтан медаль , Ази тивийн аваргаас мөнгө, хүрэл
медаль хүртсэн.
-Түвшинбат хуульч болохоор зэхэж байгаа гэсэн үү?
-Тиймээ,
би “Мон- Алтиус” дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр,
ИЗИС-ийн эрх зүйн ангийг эрх зүйч мэргэжилээр төгссөн. Одоо магистрт
суралцаж байгаа. Энэ өвөл төгсөнө дөө.
-Ярилцсанд баярлалаа. Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, энгэртээ медальтай ирэхийн ерөөл өргөе.
-Хоёр удаагийн олимпод явчихсан туршлагатай тамирчин учраас бэлтгэлээ хэрхэн хийхийг хэнээс ч илүү мэдэж байгаа байхаа?
-Тиймээ. Ер нь бол байнгын бэлтгэлтэй байдаг л даа. Одоо олимп ойртсон болохоор хамгийн чухал хариуцлагатай үе шүү дээ. Бэлтгэл хэвийн сайн явагдаж байна. Аливаа бэлтгэл цаг хугацааны хувьд тэмцээн ойртож, холдсоноосоо шалтгаалаад ачаалал өндөр эсэх, түргэн дуусах, эрчим өндөр байх гэх мэтээр янз бүр байдаг л даа. Яг одоо бол ачаалал өндөр, хугацааны хувьд богино руугаа орж байгаа.
-Өмнөх олимпиудад хэдэн килограммын жинд тоглож байсан бэ? Энэ жилийн хувьд жин өөрчлөгдсөн байх?
-Тиймээ. Миний хувьд олимпийн эрхээ аваад оролцох гэж байгаа гурав дахь наадам маань энэ. Өмнө нь Бээжингийн олимпод 64 кг-д, Афинд 60 кг-д тоглосон. 2008 оны дэлхийн аваргын хамгийн анхны эрх олгох тэмцээнээс олимпийн эрхээ авч байсан. Өмнөх наадмуудад алдаж оносон зүйл мэдээж байсан. Тэр алдаанаасаа суралцаад дахин давтахгүйн төлөө би их хичээдэг. Бээжинд хоёр сайн боксчинг ялаад, медалийн төлөө тоглох шөвгийн наймд хоцорч байсан. Афинд бас нэлээн ойрхон тоглоод ялагдаж байсан л даа.
-Танай жинд хичнээн тамирчин тоглох вэ? Жингийнхээ тамирчдыг хэр судалсан бэ?
-Миний жин бол дундаж жин. Энэ жингийн онцлог нь маш олон тамирчин тоглодог. Энэ удаагийн олимпид 28 тамирчин буюу хамгийн олон хүн оролцоно. Дэлхийн аваргаар 69 тамирчин тоглож, хамгийн олон хүн оролцсон гэсэн рекорд тогтоож байсан л даа. Олимпийн наадам учраас хамгийн сайн боксчид тоглодог. Тэр дундаа онцгойроод гарчихсан 20 хэдэн боксчин байгаа. Латин Америк, Европ, Америкийн боксчид хүчтэй. Мөн Африк тивээс хүчтэй тамирчин гарч ирдэг. Хүнд жинд бие томтой европын боксчид давамгайлдаг бол хөнгөн жинд азийн боксчид илүү. Миний жин яг дундаж нь учраас бүх тивийн боксчид жигдхэн сайн байдаг л даа. Тэгэхээр хүчтэй өрсөлдөгч олонтой гэсэн үг.
-Энэ удаагийн олимп юугаараа онцлог гэж бодож байна вэ?
-Англичууд олимпийн наадмыг Грекээс үүсэлтэй гэж ярьдаг. Англи улс, англи хэл бол дэлхийн олон улс орныг холбож өгдөг. Тэр утгаараа Англи бол дэлхийн спортын суурь болсон орон. Олон спорт Англиас гаралтай. Энэ удаагийн олимп дэлхийн хэмжээнд өндөр хөгжилтэй, өндөр зэрэглэлийн газар болж байгаагаараа онцлогтой.
-Рингэн дээр гарахын өмнө яг юу бодогддог вэ? Залбирдаг уу?
– Би шүтлэгтэй л дээ. Томоохон шашнуудын сургаалыг бүгдийг нь зөв гэж боддог. Тэр сургаалиудад нь хүнтэй болон байгаль дэлхийтэйгээ зөв харьцах тухай сургасан байдаг юм билээ. Бүхий л шашин хүний төлөө байдаг. Зөв соёлтой амьдрах арга ухаан тэнд бий. Монголчуудын нэгэн адилаар би бурхны шашин шүтдэг юм. Тэмцээнд явахынхаа өмнө ном уншуулдаг. Гэхдээ рингэн дээр гарахдаа тэмцээнийхээ талаар, хэрхэн тоглох тухайгаа л бодно. Рингэн дээр гараад энэ хүнтэй яаж тоглох уу гэдэгт анхаарлаа төвлөрүүлнэ. Бурхандаа өмнө нь мэдээж залбирчихсан учраас тухайн үед тоглолтынхоо талаар л боддог доо.
-Хамгийн их сэтгэл догдлуулсан тэмцээнийхээ талаар?
-Санасан зорьсондоо хүрнэ гэдэг бол мэдээж хамгийн сайхан зүйл шүү дээ. Би багаасаа зорьсон зүйлдээ хүрэхээр хичээж яваа. Бүхий л тэмцээнүүд маань сэтгэл догдлуулж, сайхан дурсамж үлдээсэн байдаг.
-Сонирхоод асуухад хичнээн бээлий элээсэн бэ? Тамирчдын хувьд бэлтгэлийн хувцас их чухал байдаг?
-Олон бээлий элээсэн дээ. Хичнээн сайн бээлий байсан ч хөлсөндөө идэгдээд дорхноо муудчихдаг. Нэг бээлий хэдэн сар л болдог доо.
-Тамирчдын хувьд хоол хүнс маш чухал байх. Юу идэж байгаа вэ?
– Хоол хүнс чухал шүү. Бидний хувьд аль болох их тэжээл өгч, хурдан шингэх хоол хүнсийг хэрэглэдэг. Сүүлийн хэд хоног хүнсний төвөөс тамирчдад зориулсан тусгай меню гаргаж өгсөн тэр дагуу хооллож байна. Удаан бэлтгэл хийсэн туршлагатай болохоор өөрсдөө жингээ барихад ямар хүнс зүгээр вэ гэдгийг мэднэ.
-Өдөрт хичнээн цагийн ачаалал авдаг вэ? Ер нь чиний нэг өдөр хэрхэн өнгөрч байна?
-Өглөө 7 гэж босоод зарети хийнэ. 10-аас бэлтгэл хийнэ. Тараад хоолондоо ордог. Тэгээд гэртээ ирээд хувцасаа усанд базаад унтаж амарна. Үдээс хойш 4 цагаас дахин бэлтгэлдээ ороод, мөн л хоолондоо ороод, хувцасаа базаад, мөр хөндүүрийнхээ эмчилгээг хийлгэнэ. Тэгээд 11 гээд унтана даа.
-Их бэлтгэлийнхээ хажуугаар цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Олимпийн дэвжээнээс медальтай ирж элэг нэгтэн монголчуудаа баярлуулаарай.
-Бэлтгэл сургуулилт хэр байна?
-Тэмцээний чанар чансаа ахих тусам үүрэг хариуцлага нэмэгддэг. Тиймээс олон түмнийхээ итгэлийг алдахгүй сайн тоглоод, амжилт гаргаад ирэх юмсан гэсэн бодлоор дүүрэн байна. Олимп болоход хорин хэдхэн хоног үлдээд байгаа учраас энэ өдрүүдэд ачаалалтай бэлтгэлд гарчихсан байна. Одоо ерөнхийдөө жин дээрээ анхаарч ажиллаж байгаа.
-Жин дээр чинь асуудал гарсан юмуу? Бас ачаалалтай бэлтгэл гэдгийг тодруулбал?
-Үгүй ээ, Би 52 кг-ын жинд тоглодог. Тэмцээнээс өмнө жингээ барих ёстой байдаг л даа. Би ер нь их жингээ хасдаг юм. Ачаалалтай бэлтгэл гэдэг маань бэлтгэлийнхээ хамгийн оргил хэсэгтээ явж байна гэсэн үг.
-Та бүхний нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?
-Өглөө 6.30-6.40 хооронд босоод хувцсаа сольж, нүүр гараа угаана. Тэгээд сүүгээ уучихаад л бэлтгэлдээ гарна даа. Одоохондоо өглөөний бэлтгэлийг сэргээх маягаар хөнгөн хийж байна. Тэгээд амарч байгаад 10 цагаас дараагийн бэлтгэлдээ гарна. Хоёр цагийн ачаалалтай бэлтгэлийн дараа хоолондоо орно. Тэгээд жаахан амарч байгаад дараагийнхаа бэлтгэлд ордог.
-52 кг-ын жинд хичнээн ширэн бээлийтнүүд тулах болоо?
-32-28 тамирчин байх ёстой. Тамирчдаа ерөнхийдөө судалж байгаа. Голдуу мэддэг тамирчид байгаа. Тийм болохоор тэдний арга техникийг ер нь мэднээ.
-Боксын спортоор хэр олон жил хичээллэж байна. Энэ хичээллэх хугацаандаа олон амжилтууд гаргасан байх?
– Би зургаа дахь жилдээ бокс тоглож байна. Юу ч мэдэхгүй жаахан хүүхэд л анх секцэнд нь очиж бүртгүүлээд, орж байсан. Тэр үед 14 настай байсан л даа. Дунд сургуульд байхдаа дандаа л улсын аваргад оролцдог байсан. Ганц нэгэн нэрэмжит тэмцээнд ордог байлаа. Томоохон амжилтаас гэвэл 2009 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль авч байсан. Өмнө нь олимпийн эрх олгох тэмцээнд ороод авч чадалгүй хасагдсан юм. Тэрнээс хойш томоохон тэмцээнд оролгүй байж байгаад саяхан Казакстанд болсон эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль авч, олимпийн бэлтгэлдээ гараад байна. Одоо бол анхныхаа олимпод орох гээд бэлтгэл сургуулилтаа хангаж байна даа.
-Олон улсын тэмцээнүүдэд хэр их ордог вэ? Ер нь тэмцээнээс тэмцээний хооронд тамирчид их зүйлийг сурдаг юм шигээ?
-.Би ер нь олон улсын тэмцээнд бага оролцдог юм. Учир нь тэмцээнүүд давхцаад, нэг тэмцээндээ бэлдсээр байтал нөгөө тэмцээн нь болчихдог болохоор бараг таардаггүй. ОУ-ын тэмцээнд хоёр удаа ороод нэг алт, нэг мөнгө авсан. Би дундуур нь нэг жил гадаадад өнгөрөөсөн юм.
-Аливаа тэмцээнд амжилт гаргах гол үндсийг чи юу гэж боддог вэ?
-Сэтгэл зүйн хувьд бэлтгэл сайтай байх, авдаг ачааллаа авах ёстой, байгаа газартаа дасан зохицох хэрэгтэй. Мөн олон хүний итгэлийг тээж яваа болохоор хичээх хэрэгтэй л гэж боддог доо.
-Н.Төгсцогтыг цагдаа болохоор шийдсэн гэж сонссон?
-Цагдаагийн академийн үндсэн ангид сурдаг. Төгсөхөөрөө болох байх аа.
–Ярилцсанд баярлалаа. Лондонгийн тэнгэрт Монгол улсынхаа далбааг мандуулаарай гэж ерөөе. Сайн яваад ирээрэй?
-Баярлалаа. Дашрамд хэлэхэд олимпийн эрх авсан тамирчдыг бэлтгэл хийх таатай орчин, хоол хүнс гээд бүхий л зүйлээр нь хангаж байгаа Монголын боксын холбооны тэргүүн Ганзориг, дэд тэргүүн Бат-Энх нартаа баярлалаа гэж хэлмээр байна.