Хип хоп хослол Outcast-ын дуучин Андре 3000 (жинхэнэ нэр нь Андре Бенжамин) “All Is My Side” кинонд The Beatles болон Мадди Уотерсын дуунуудын кавер хувилбарыг дуулах тухай Rolling Stone мэдээллээ.
Кинонд Жими Хендрикс Британиар аялсан тухай өгүүлнэ. Чухам түүний дүрд Андре 3000 тоглох билээ. Ингэхдээ Хендриксийн өөрийнх нь дуунууд кинонд гарахгүй юм байна. Энэ нь Жимигийн хөгжмийн өвийн эрхийг эзэмшдэг Experience Hendrix LLC компани төслийг дэмжихээс татгалзсантай холбоотой юм.
Ийм учраас Андре 3000 битлүүдийн “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band" (Хендрикс үнэхээр энэ дууг Лондонгийн клубт дуулсан байсан бөгөөд Пол Маккартни, Жорж Харрисон хоёр хамт байсан гэдэг), Мадди Уотерсын "Mannish Boy", Элмор Жеймсийн "Bleeding Heart", Чип Тэйлорын "Wild Thing" зохиомжуудыг дуулах юм.
“All Is My Side” киноны зураг авалт одоогоор Ирландад үргэлжилж байна. Киноны продюсерүүдийн мэдэгдэж байгаагаар “Дублинд 1967 оны Лондонгийн уур амьсгалыг бүтээх нь илүү дөхөмтэй” байжээ. Бүтээлийн зохиогч, найруулагчаар Жон Ридли ажиллаж байна.
Эх сурвалж: rollingstone.com