УИХ-ын сонгуульд нийт 76 гишүүн сонгогдохоос 72 гишүүний нэрийг өргөн мэдүүлсэн бөгөөд хоёр тойрогт дахин санал хураалт болох бол нэг тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэхийг шалгаж байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган мэдүүлэх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэдорж “СЕХ-оос өргөн мэдүүлж байгаа 72 гишүүний нэрийг хүлээн авлаа. Бусад намын төлөөлөлтэй уулзаж, танилцуулсан байгаа. СЕХ хуулийн дагуу ажиллаж, 72 гишүүнийг танилцуулж байгаа байх гэж бодож байна. Энэ удаагийн сонгууль ард түмний хүсэл байсан. Дахин санал хураалтыг зохион байгуулж, дараагийн УИХ-ын гишүүд бүрэн эрхийн дагуу тангараг өргөнө” гэлээ.
УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар Ардчилсан намаас 10, МАН-аас ес, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс долоо, ИЗНН-аас хоёр гишүүн УИХ-ын гишүүн болох эрхтэй болсон байна. Ингэснээр ирэх дөрвөн жилд төрийн эрхийг барих парламентийн бүрэлдэхүүнд Ардчилсан намаас 31, МАН-аас 25, ИЗНН-ас хоёр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, гурван бие даагч багтаад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар маргааш 10.00 цагт шинэ УИХ-ын гишүүд тангараг өргөх юм. Гэхдээ маргааш 72 гишүүн тангараг өргөх бөгөөд үлдсэн дөрвөн гишүүний хоёр нь шалгагдаж байгаа, харин хоёрыг нь дахин санал хураалтын дараа тодруулах юм.