Францын “Agence France-Presse” /AFP/ мэдээллийн агентлаг Тайванийн төв мэдээллийн агентлагтай хамтран олимпийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Уг үзэсгэлэн Тайванийн нийслэл Тайпей хотод орших дэлхийн хоёр дахь өндөр барилгын нэг Tower 101 цамхгийн 89 дүгээр давхарт нээлтээ хийсэн байна. Олимпийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнд 165 гэрэл зураг дэлгэгдсэнээс 120 нь Францын “Agence France-Presse” агентлагийн гэрэл зургууд бөгөөд 1896 онд болсон Афины олимпоос эхлээд 2008 оны Бээжингийн олимп хүртэлх түүхэн агшнууд багтжээ. Үзэсгэлэнд спортын талбар дахь сэтгэл догдлуулсан ялалт, ялагдлын мөчийг харуулсан төдийгүй улс төрийн шалтгаанаар олимпийг үймүүлэх гэсэн башир оролдлогыг харуулсан гэрэл зураг ч багтсан тухай AFP мэдээллийн агентлагийн бүс нутаг хариуцсан захирал Мервин Намбьяр мэдэгджээ. Үзэсгэлэн долдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх аж.
AFP агентлагийн гэрэл зургийн баг Лондонгийн олимпийн дараа Хонконгт уг үзэсгэлэнгээ гаргах аж. Тус агентлагийн албаныхны мэдээлснээр агентлагийн спортын сэтгүүлч, гэрэл зурагчид гээд 200 хүний бүрэлдэхүүнтэй баг олимпийг сурвалжлах гэнэ.
Э.АНХТУЯА