
Ихэнх хүмүүс амарч байдаг шөнийн 00:00-06:00 цагийн хооронд бааран дотор бол амьдрал жинхэнэ буцалж байдаг юм билээ. Нүцгэн шалдан шахуу охид хөвгүүд гуйвж дайвсаар бөөгнөрөлдөн бүжиглэнэ. Чимээ шуугиан, тамхины утаа, архи пиво, эмх замбраагүй байдал гээд л эрүүл хүн байхын аргагүй энэ орчинд согтуу байхаас өөр арга ч үгүй гэмээр. Энд бас нэгэн эмгэнэлтэй санагдсан зүйл нь оюутан залуусаас илүү насанд хүрээгүй хүүхэд олон байснаас Монголд хууль байдаггүй, байсан ч уландаа гишгээд хаячихсан гэдэг нь илэрхий харагдаж байлаа. Шүүх цагдаагийнхан мэддэггүй юм болов уу гэхээр урдуур хойгуур нь эргүүлийн машин хоёр гурван ч удаа эргэлдээд өнгөрчихөж байх юм. Эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлдэг юм болов уу. Энэ мэтээр дархлагдсан шөнийн цэнгээний газрууд Улаанбаатарт цөөн биш бололтой юм. Өмнө нь нэгэн танилтайгаа ярилцаж байхад “нэлээд сайн арын хаалга эсвэл гайгүйхэн шиг хээл хахууль өгч байж шөнө ажиллах эрхтэй болдог” гэж сонсч байсан маань үе үе санаанд бууж байлаа. Энэ зөвхөн бааран дотор л байдаг асуудлууд. Ингээд л тасартлаа ууж, ядартлаа бүжиглэсний дараа согтуу ууртай залуус нэг нэгэн рүүгээ зандарч зодоон цохион болж гарна. Энэ мэтчилэн шөнийн цагаар Улаанбаатар хотод насанд хүрээгүй согтуу өч төчнөөн таарч байгаа нь гэмт хэрэг улам залуужих болсны нэг жишээ. Ирээдүйн эзэд болох үр хүүхдээ томчууд бид иймэрхүү янзаар архины замд хөтөлж байх шиг санагдана. Архи уусан залуус даврахыг харин нэг үзүүлж өгнө. Баарнаас гармагцаа дахин архидахаар шөнийн цагт хууль бусаар архи худалдаалдаг дэлгүүр рүү такси хөлөглөн давхих аж. Тэднийг дагаж явсаар XIII хорооллын ойролцоо байх нэгэн дэлгүүрт очиход хотын өнцөг булан бүрээс ирсэн байх гэмээр хэдэн арван охид залуус архинд дугаарлаж байх аж. Өрсч архи авахын тулд хоолоо булаалцалдсан адгуус шиг авирлахыг харахад өр өвдмөөр. Архи авсандаа тэд баяртай гэдэг нь жигтэйхэн. Энэ байдлыг ажигласан таксины жолооч О.Жавхлан сэтгэл нь өвдсөн бололтой, “Энэ хүүхдүүд хар нялхаасаа энэ муу усанд ингэтлээ дурлах гэж. Эцэг эх нь энд ингээд явж байгааг нь мэдэхгүй л байгаа даа. За яахав хөвгүүд нь ч хамаа алга гэхэд энэ охидууд согтчихоод л хэнтэй ч хамаагүй унтаад өгнө. Ирээдүйд хүний эхнэр, хүүхдийн ээж болно гэдгээ мартчихдаг л юм байхдаа” хэмээн санаа алдаж байх юм.
Хууль дүрэм нь ийн хөсөр гээгдэж, төрдөө тангараг өргөсөн цагдаа нар нь хүртэл хууль зөрчсөн үйлдлээс нүүрээ буруулж байгаа нь сэтгэл өвтгөж, зүрх шимшрүүлэх ажээ. Саяхан 14-15 насны хэдэн хүүхэд архи уун танхайрч байхтай хөдөлгөөнт эргүүлийнхэн таарчээ. Тэдгээр хүүхдийн нэг нь “Манай аав дарга хүн байдаг. Та нарт намайг байцаах эрх байхгүй. Архи ууж байгаа нь ганцхан бид хэд ч биш, бидний үеийнхэн бүгд л уудаг шүү дээ” хэмээн ярьж байсан.
Түүнчлэн эцэг эхийн анхааралгүй байдал, хараа хяналтгүй орхисноос болж өнөөдөр та бидний хүүхэд бусдад уруу татагдаж, мөнгө л байвал нас хамаагүй болсон энэ хүнд хэцүү нийгэмд хаана, юу хийж байгааг бид мэдэхгүй явсаар олон жилийг үдлээ. Одоо эргэж харах цаг нь болсон. Баян ядуу, хөгшин залуу хамаагүй хэний ч ходоод руу урсаад орчихдог, манайх шиг баяр ёслол ойр ойрхон давхацсан ийм улс оронд архи гэгч энэ хар ус хэтэрхий ноёрхоод байгаа юм биш үү гэлтэй.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН"
