Сургалт маргааш үргэлжлэх бөгөөд сургалтанд Италийн “АИФО” ТББ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн төслийн зохицуулагч Клара Ди Дио, тус байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын менежер Л.Энхбуянт, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, ЭМШУИС-ийн сэтгэцийн тэнхимийн багш нар оролцлоо. Ингэхдээ дүүргүүдийн өрхийн эмч, “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн зохицуулагчдад сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн өвчтэй хүний эрх, хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын талаар хичээл зааж, зөвлөгөө өгсөн юм.
Энэ удаагийн сургалтад Баянгол дүүргийн уналт, таталттай иргэдийн өөртөө туслах “Амьдралын чанар” бүлгийн гишүүд оролцож, илэн далангүй яриа өрнүүлсэн. Хэдийгээр ийм өвчтэй боловч хамтран бүлэг байгуулснаар тэд өөрсдийн хүчээ нэгтгэн гар урлалын бүтээгдэхүүн хийж, борлуулж, хамт олны дунд орсноор амьдрал ахуйгаа өөд татан, цаашид сайн сайхан амьдрах итгэлтэй болсон тухайгаа хэлж байлаа.
Дэлхий дээр дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа туршид ямар нэгэн байдлаар сэтгэцийн хямралд өртөж, хөдөлмөрийн чадвараа алдаж буй нь дэлхий нийтийн анхаарал хандуулах асуудал болж байгаа аж. Монгол Улсын Засгийн газраас Сэтгэцийн эрүүл мэндийн талаар Үндэсний хөтөлбөр боловсруулан тодорхой зорилтууд тусган хэрэгжүүлдэг юм байна. Сэтгэцийн өвчтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах нь бие даан амьдрах, өөртөө итгэх итгэлийг бий болгодог гэнэ.