Иран пуужингийн туршилт хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Иран пуужингийн туршилт хийлээ

Исламын хувьсгалын манаа корпус Ираны Семаны цөлд “Агуу зөнч-7” гэх өргөн цар хүрээтэй хээрийн сургууль хийж байна. Энэ нь Ираны нефтийн хоригийг Европ хэрэгжүүлж эхэлсэн мөн исламын бүгд найрамдах улсын цөмийн хөтөлбөрөөр ээлжит ярилцлага явуулахын өмнөтэй давхцаж байна.

Хээрийн сургуулийн зорилго нь корпусын пуужинт ангийн бэлэн байдал, пуужингийн шинэ системийн болон Ираны үйлдвдэрлэлийн нисгэгчгүй аппаратын туршилтыг хийх юм. Хээрийн сургуулиар хэдэн арван сургуулийн байг 100 гаруй пуужингаар буудна.

Fars агентлагийн мэдээгээр хээрийн сургуулийн хүрээнд “Шихаб-1”, “Шихаб-2”, “Шихаб-3”, “Фатех”, “Зильзаль” болон бусад ангиллын пуужинг буудах ажээ. Ирээдүйн өрсөлдөгч болох Америкийн цэргийн баазуудын хуулбараар бай хийн буудлагыг хийж байна. “Корпус нь Ираныг айлгахын эсрэг зогсч, манай ард түмнийг түрэмгийллээс хамгаална гэдгийг хөөрүү хутган үймүүлэгчдэд ойлгуулж өгнө” хэмээн ИХМКорпусын Нисэхийн болон сансрын хүчний командлагч Али Амир Хажизаде мэдэгдэв. 

Бригадын генерал Хажизадегийн хэлснээр боломжийн дайсныхаа радарын системтэй тэмцэх зориулалтын пуужинг  турших бөгөөд энэ нь Туркийн нутаг дахь НАТО-гийн байгууламжуудад цохилт өгөхөөс гадна Персийн булан дахь Америкийн хөлөг онгоцнууд ба Израилийн “төмөр дээвэр” цогцолборыг устгах чадвартай гэнэ.

ИХМКорпусын хуурай замын цэргийн ко­манд­лагчийг орлогч дэслэгч генерал Мортаза Ми­риян үүнээс ч илүү дайсангасан мэдэгдэл хий­лээ. “Өнөөдөр пуужингууд манай дайснуудын баа­зыг онилсон байгаа. Эх орон болон хувилгаан удир­дагчдаа хамгаалахын тулд бид 30 мянган км-ийн цаана цохилт хийж чадна” хэмээн тэрээр мэдээлэв.

Долдугаар сарын 3-ны өглөө хээрийн сургууль дээр 2000 км-ийн тусгалтай “Шихаб-3” пуужинг харван Израиль ийм пуужингийн цохилт дор байгаа гэж харууллаа. Уг пуужинг өмнөх “Агуу зөнч-6” хээрийн сургуулийн үеэр туршсан юм. 2011 оны арваннэгдүгээр сард Тегераны ойролцоох пуужингийн үйлдвэрлэл явуулдаг цэргийн баазад маш хүчтэй дэлбэрэлт болж, Ираны пуужингийн хөтөлбөрийг толгойлдог Хасан Техрани Мокаддам амиа алджээ.

Энэ бүгдийн зэрэгцээ Иран Европын холбоонд нийлүүлэх нефтийн тээвэрлэлтэд саад тавихаар шийдэж байна. Ираны парламентын Гадаад хэрэг, үндэсний аюулгүй байдлын хороо Ормузын буланг хаах хуулийн төсөл боловсруулжээ. Уг төслөөр Ираны эсрэг хориг арга хэмжээнд оролцож байгаа орнуудын нефть зөөгч онгоцнуудыг Ормузын хоолойд оруулахгүй байх арга хэмжээг авах гэнэ.

Энэ долоо хоногт Стамбул хотноо Ираны цөмийн асуудлаар “5+1” томьёоллын хэлэлцээр хийгдэх юм. Ээлжит хэлэлцээр хийгдэхийн өмнө Ираны Гадаад хэргийн сайд  Али Акбар Салехи олон улсын хамтын нийгэмлэгт хандан Ираныг буланд шахаас сэргэмжлүүлжээ.

“Тэдэнд өөр гарц байхгүй. Бидэнтэй л тохи­ролцох болно. Эс тэгвээс духаараа мөргөлдөхөөс өөр аргагүй. Би үүнийг талуудын сонирхолд нийцэж байна гэхгүй” хэмээн сайд хэлжээ.

Европын Холбоо ба АНУ-ын зүгээс тавьсан хориг арга хэмжээний сөрөг үр дагаврыг бууруулахын тулд Иран 14 тэрбум ам. доллароор нефть, байгалийн хийн салбараа хөгжүүлэхээр тогтворжуулах сан байгуулж байна. Ираны Нефтийн сайд Рустам Кашеми (Rostam Qasemi) энэ тухай мэдэгджээ.

Мөнгийг Ираны Үндэсний хөгжлийн сангаас гаргах бөгөөд ойрын таван жилдээ жил тутам нефтийн салбарт 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэнэ. Сангийн төсөл хэрэгжүүлэлтийн хувь нь 20-иос хэтрэхгүй гэнэ.

Ираны олборлолтын салбарт хориг тавьсны улмаас мөнгөний урсгал хаагдаж буй учраас ийм хөрөнгө оруулалт шаардлагатай болно гэж сайд хэлэв. Европын холбооны хориг долдугаар сарын 1-нээс хэрэгжиж буй бөгөөд өмнө нь ийм арга хэмжээг АНУ авсан билээ. Иран өөрөө нефтийн экспортгүйгээр гурван жилдээ тэсч чадна гэж байгаа. Ираныг цөмийн зэвсэг бүтээж байна хэмээн олон улсын хориг арга хэмжээ авахаар болсон юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж