Тамхинаас болж жил бүр таван сая хүн нас барж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Тамхинаас болж жил бүр таван сая хүн нас барж байна

“Тамхигүй орчинг бүрдүүлье” сургалт өчигдөр “Хангарьд” ордонд эхлэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар баасан гаригт болж хойшилсон. Гэвч бид энэ удаад тамхи татах хор уршиг, эрх зүйн зохицуулалтын талаар албаны хүнээс тодруулсан мэдээллийг хүргэж байна.

Дэлхий дахинд жил бүр тамхинаас үүдэлтэй өвчнөөр таван сая хүн нас барж байгаа талаарх судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Үүний тал хувь нь эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах учиртай хөдөлмөрийн насныхан байдаг ажээ. Хүн төрөлхтөн тамхийг энэ хэвээр татсаар байвал цаашид жил бүр 10 сая хүн тамхинаас болж нас барах магадлалтай гэнэ. Энэхүү харамсалтай нас баралтын 70 хувь нь манайх шиг хөгжиж буй орнуудад тохиолддог талаар тандалтын судалгаагаар тодорхойлжээ.

Насанд хүрээгүй тамхи татдаг сурагчдын 79 хувь нь дэлгүүрээс тамхиа худалдан авдаг гэх. Монгол Улсад насанд хүрээгүй хүүхдэд архи, тамхи худалдаалахыг хориглодог ч тэдний олонх нь ийнхүү ямар нэгэн аргаар дэлгүүрээс тамхи худалдан авдаг. Үлдсэн нь дам, дамаа олдог байна. Ийнхүү худалдаж авах хүсэл сонирхол нь мэдээллийн хэрэгсэл болон гадуур байдаг зарлалын самбарыг хараад төрдөг аж. Уг нь 2005 онд батлагдсан Тамхины хяналтын тухай хууль, Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, Эрүүл мэндийг дэмжих санг 2007 онд байгуулагдаж, тамхи татахыг зогсоох талаарх сургалт, нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн байна.

Мэргэжилтнүүд тамхины хэрэглээг бууруулахын тулд эрэлт, нийлүүлэлтийг бууруулах арга хэмжээг онцолж буй. Эрэлтийг бууруулахын тулд, тамхины татварыг нэмэгдүүлэх замаар үнийг өсгөх, олон нийтийн газарт тамхи татахыг хориглох, ил, далд сурталчилгааг бүрэн  хориглох, эрүүл мэндийн анхааруулгыг тамхины баглаа боодолд сайтар бичих хэрэгтэй гэнэ. Харин насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдахыг бүрэн таслан зогсоож, тамхины хууль бус худалдааг хориглох, тамхины ургамал тариалагчдыг орлогын өөр эх үүсвэртэй болговол нийлүүлэлт буурах учиртай ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж