“Эрүүл мэнд эрхэм баян”

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

“Эрүүл мэнд эрхэм баян”

Урин дулааны цаг тохиож буй энэ өдрүүдэд нийслэлчүүд халуун нар, салхинаас зугатаж, хотоос зайдуу, цэвэр агаар амьсгалахаар тэмүүлэх болов. Нарны илчийг бие мах бодиороо хүлээн авч шингээхийг хүн болгон хичээнэ. Үүний хамтаар тэнгэрээс буух бороон дусал үе үе хацар норгох. Аль аль нь хосолсон сайхан сонсдож байна уу? Гэвч нэг нар гарахаараа халуу шатаж, басхүү нэг бороо оронгуут энд тэндгүй ус урсч, шалбааг тогтох.  Ийм үед халдварт өвчний гаралт ихэсдэг жамтай. Халуунд аливаа шарх, сорви сэдэрч лугшдаг. Халдварт өвчин энэ зүй тогтлоор ч ихэсдэг. Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудууд ч идэвхтэй ажиллаж байх шиг. Энэ талаарх сургалт, мэдээллийг ойр ойрхон өгч байна. Ингээд халуун зунаар чимээгүй хэрнээ хурдацтай тархдаг халдварт өвчний дэгдэлтийн үед эргэх холбоотой ажиллах нь ямар үр дүнтэй болох талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа.

Халдварт өвчин дэгдсэн, онц байдлын үед иргэдэд эм, вакцинаар түргэн тусламж үзүүлж, яаралтай шинжилгээ хийх, хөл хорио тогтоохоос  дутуугүй асуудал бол энэ үеийн эрсдлийн байдлыг түргэн шуурхай мэдээлэх, эргэх холбоотой мэдээллээр харилцах нь нэн ач холбогдолтой талаар албаныхан анхааруулав. Тухайлбал, төвөөс алслагдсан сум, багууд аливаа халдварт өвчний дэгдэлтийн үед цаашид тархахаас сэргийлэх замаар өвчний голомтыг яаралтай мэдээлэх, төвөөс чиглэл авахын тулд эмнэлгийн ажилтан бүр харилцаа холбоо сайтай байх хэрэгтэй болох нь. Үүний нэг гарц нь тухайн орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн байгууллагатай шуурхай холбогдож, газар дээрээс нь сурвалжлага хийх боломжийг олгох ажээ.  Одоогоор улсын хэмжээнд А вирусээр үүсэх халдварт шар өвчин ихсэх хандлагатай байгаа нь дээр дурдсанчлан дулааны улиралтай холбоотой. Өвчний зүй тогтол ойлгомжтой. Хүнсний бүтээгдэхүүн муудаж, исэлдэх таатай орчин нөхцөл нь халуун. Энэ нь бохир гараар дамжин халдварт өвчин үүсгэж буй. Тиймээс ахуйн болон хувийн ариун цэврийг сайтар сахиж, халдварт өвчнөөс болгоомжлохыг эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулж байна.

Иргэд ариун цэврийг сахихаас гадна зөв хооллолтыг цагийн аясыг нь ажрахгүй мөрдөх л учиртай. Насанд хүрсэн хүн биеийн дархлаа хүчирхэг байдаг. Тэгвэл хүүхдийн хоол тэжээл, бие бялдарт анхаарахад хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Хөхний сүү хамгийн төгс…

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын давуу талыг монголчууд эрт үеэс мэдэрсэн. Өдөр ирэх тусам, хүнээс хамааралгүй, техник технологийн шийдлээр амьдралын хэв маягийг өөрчлөх, амарчлах болсон ч ирээдүй хойч болсон үр хүүхдэд хамгийн хэрэгцээт амин дэм бол хөхний сүү гэх. Эхийн сүү хамгийн төгс найрлагатай, хурдан боловсрохоос гадна халдварт нян үүсэхээс  хамгаалдаг байна. Хүүхдээ хөхөөрөө хооллох нь эхийн эрүүл мэндийг ч хамгаалахын сацуу, дахин жирэмслэх хугацааг хойшлуулдаг гэнэ. Харин угжаар хүүхдийг хоолловол амьсгалын замын халдварт өвчин тусах нь олширдог, А амин дэмийн дутагдалд өртөж, оюун ухааны чадамж буурч, жингийн илүүдэл болох, харшил үүсэх үндэс нь болдог байна. Хөхөөр хооллохын тулд эхчүүдэд үүсдэг түгээмэл бэрхшээл нь хөхөө буруу амлуулах гэнэ. Ингэснээр хөхний толгой хагарч, чинэрч зангирна, бас сүү татран хүүхдээ цатгаж чаддаггүй. Тиймээс ихэнх хүүхэд уйланхай болдог ажээ.

Харин хүүхдийг хөхний сүүнээс гаргасны дараа өсч, томрох үед нь олон төрлийн тэжээллэг хүнсээр сонирхолтой хоол бэлтгэж өгөөрэй. Энэ нь зөвхөн бага насны хүүхдүүдэд биш, бүх л насны хүмүүст тустай юм. Хоолны зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд шинэ ногооны салатыг туршиж үзэхийг уриалж байгаа. Шинэ ногооны салатыг олон төрлөөр хийж болох ба жороо өөрөө ч зохиож болох юм. Зуны урин дулаан цагт хөнгөн хэрнээ шим тэжээлтэй хүнс бол хүнсний ногоо гэдэгтэй маргахгүй биз. Шинэ ногооны салатын нэгэн жорыг сонирхуулъя. Үүнд өдөр тутмын хэрэглээний хүнсний ногоо хэрэгтэй тул олон ногоо цуглуулна гэж санаа бүү зовоорой.

Орц:

  • Шинэ өргөст хэмх-2-3 ш
  • Ургамлын тос-1 хоолны халбага
  • Лууван 1ш, сонгино 1ш
  • Амтат чинжүү 1ш
  • Улаан лооль 2ш, сармис 1 хумс

Хийх арга:

Хүнсний ногоонуудыг дөрвөл­жин хэлбэртэй, амтат чинжүүг нарийнхан хэрчээд, өргөст хэмхийг жигнэнэ. Өргөст хэмхний усыг ширгэх үед чинжүүгээ нэмж 5 минут болгоно. Дараа нь улаан лоолийг нэмнэ. Давсаар амталж, таглаад дунд зэргийн галаар 15 минут жигнэнэ. Сармисыг жижиглэн хэрчээд бэлэн жигнэсэн хүнсний ногоотойгоо хольж хутгана. Ингээд л боллоо. Будаатай хольж идэхэд хачир, амт нь таарсан хөнгөн хоол шүү.

Дашрамд дуулгахад, нэг төрлийн хоол, хүнсийг удаан идснээр хоолын дуршлыг бууруулж, боловсруулах эрхтэний хэвийн үйл ажиллагааг муутгадаг гэнэ. Энэ нь улмаар ходоодны үрэвслийг үүсгэдэг юм байна. Тиймээс өдөр тутмынхаа нэгэн хэвийн хоолноос татгалзаж, шинэ жортой хоол бэлтгээрэй.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж