Сирийн ерөнхийлөгч Башар Ассад эх орныхоо тусын тулд огцрох зайлшгүй шаардлагатай гэдгийг бүрэн мэдэрсэн нөхцөлд огцорно гэжээ. Тэрээр энэ тухайгаа Тукийн нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
“Төрийн тэргүүнийхээ хувь заяаг Сирийн ард түмэн шийднэ. Харин гурав дахь орон шийдэхгүй” гэж тэрээр хэлэв. Тухайлбал. тэрээр “дайсан”, “террористуудыг дэмжигч” гэж нэрлэсэн АНУ энэхүү асуудлыг шийдэхгүй гэжээ. “Хэрэв миний огцролт эх оронд маант аврал авчрах юм бол би энэ талаар нэг ч минут эргэлзэхгүйгээр албан тушаалаасаа огцрох болно” хэмээн Ассад “Cumhuriyet” сонинд ярьжээ. Гэхдээ тэрээр үүнийг зөвхөн Сирийн ард түмэн ардчилсан сонгуулиар шийдэх ёстой гэж онцлов.
Ассадын хэлснээр тэрээр эх орондоо үйлчлэх л чинхүү хүсэл зорилготой болохоос ашиг хонжоо хайсан зүйл үгүй гэнэ. “Хэрэв би ашиг хонжоо хайн засагтай зууралдаж байгаа бол би америкчуудад үйлчлэн үндэсний сонирхлоо үл тоон нефтиэр доллар хийж байх байсан” гэж Сирийн ерөнхийлөгч хэлэв.
Гэхдээ тэрээр улс орныхоо дотоод хэрэгт гадны ямар нэгэн оролцоог оруулахгүй гэлээ. Үүнтэй холбогдуулан тэрээр өнгөрсөн бямба гаригт болсон Женевийн олон улсын бага хурлын үр дүнд сэтгэл хангалуун байна гэлээ. Уг бага хурлаас Сирийн шилжилтийн Засгийн газар байгуулахыг уриалсан мэдэгдэл гаргасан юм. Шилжилийн Засгийн газарт эрх баригчдаас гадна сөрөг хүчнийхэн орох ёстой. Гэхдээ энэхүү мэдэгдэл нь зөвлөмжийн шинжтэй бөгөөд Ассад Засгийн газарт байх оролцох ёстой эсэх талаар өгүүлээгүй юм.
Гэхдээ тэрээр нь энэхүү мэдэгдэл нь Сирийн сөрөг хүчнийг дэмжигч лоббичдын том амжилт гэж Францын талаас зарлахад саад болсонгүй. “Сөрөг хүчин үүнийг зөвшөөрөхгүй учраас Ассад зайлах хэрэгтэй. Түүний хувьд бүх зүйл төгслөө” хэмээн Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус мэдэгджээ. Сирийн ерөнхийлөгч энэ мэдэгдлийг анзаарахгүйгээр шийдэн “Сирийн хувь заяаг ард түмэн нь шийдэх ёстой гэдэг үг надад таалагдлаа” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.
Сирийн ерөнхийлөгч ярилцлагынхаа ихэнх хэсгийг Сирийн агаарын довтолгооны галд сөнөөгдсөн Туркийн онгоцны “нислэгийн” талаарх ярианд зориулсан байна. Байдал хурцатмал байгаа ч хоёр орон үүссэн зөрөлдөөнөө шийдэхээр хичээж байна. Туркийн онгоцыг сөнөөсөн нь гадны цэргийн довтолгоог гаргаж магадгүй хэмээн Ассад түгшиж байгаа. Тэгээд ч тэрээр хоёр орны харилцааг ахан дүүсийн нөхөрсөг гэж нэрлэв.
“Энэ хэрэг явдал хоёр орон, хоёр ард түмний хооронд дайсагнал үүсгэж болзошгүй байв” гэж тэрээр яриад амиа алдсан турк нисгэгчдийн нэгийнх нь эцгийн хэлсэн “Миний хүү нас барав. Гэсэн ч би дайныг хүсэхгүй” гэснийг Ассад иш татсан байна. “Би амь үрэгдэгсдийн ар гэрт үнэн сэтгэлээсээ гашуудаж буйгаа илэрхийлж байна” гэж Сирийн ерөнхийлөгч ярьжээ. Сирийн ерөнхийлөгчийн илэн далангуй ярилцлага нь ойлгомжтой. Одоогоор нөхөрсөг харьцаатай гэх Турк улс гадны цэргийн оролцоог өдөөх шалтаг болох ёсгүй юм.
Түүгээр ч барахгүй гадны эвсэлд Турк оролцох ёсгүй. Францын генерал Жан-Патрик Гавьяр Le Monde сонинд Сирийн эсрэг явуулах цэргийн ажиллагааны боломжийн талаар дүгнэхдээ “Хэрэв Сирид нэвтрэх юм бол түүнийг гадаадын цэргийн эвсэл хийх ёстой. Эвсэлд Саудын Араб, Катар, АНЭ, Турк татагдан орох ёстой” гэсэн байв. Женевийн бага хурлын дараа Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хурлаас гарсан мэдэгдэл нь Ассадыг огцруулах талаар хөндөөгүй гэж мэдэгдсэн.
Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон арай өөр сэтгэгдэлтэй байна. Тэрээр нэгдүгээрт, Женевийн мэдэгдэл нь Ассадыг зайлуулах талаар бараг тодорхойлсон гэлээ. Үүний зэрэгцээ тэрээр Москва Ассадыг огцруулах талаах хүчин чармайлт гаргах болно гэсэн байна. “Тэд (Оросын тал) Ассадыг бариад байх нь стратегийн сонирхол биш гэдгийг тодорхой ойлгомжтой хэлсэн. Бидний Санкт-Петербургт хийсэн уулзалтын үеэр тэд засаг шилжүүлэх санааг дэмжинэ гэж хэлсэн. Лавровт би итгэж байна” хэмээн Төрийн нарийн бичгийн дарга “Америкийн дуу хоолойд” хэлжээ.
Сөргөлдөөны урт хугацааны үргэлжлэл, хүчирхийллийн төвшин, асар их хохирол, Сирийн эрх баригчдын ард түмнийг харгислаж байгаа үйлдлүүд маш тодорхой болж одоо Орос, Хятад хоёр энэ сөргөлдөөнийг даамжрах аюулаас түгшиж байгаа хэмээн Клинтон онцлон хэлсэн байна.
Клинтоны мэдэгдэлд оросууд албан ёсны тайлбараа өгөөгүй. Гэхдээ Оросын ГХЯ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга буруу ярьж байна гэх өнгө аяс илэрхийлсэн. “Женевийн уулзалтын барууны зарим оролцогсод харилцан тохиролцоонд хүрсэн зөвшилцлийг олны өмнө гуйвуулан ярьж эхлэв” хэмээн Лавров мягмар гаригт мэдэгдсэн байна.