Увсад илчлэгдсэн МАН-ын луйвар

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Увсад илчлэгдсэн МАН-ын луйвар

Зураг дээрх нөхрийг сайн хараад ав. Валютын ченж гэж эндүүрэв. Энэ бол сонгуулиар хууль зөрчин санал худалдан авч байгаа этгээдийн зураг юм. Түүний нэрийг Ш.Чинбат гэх агаад УИХ-ын  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны рефрентээр өнгөрөгч зургадугаар сарын 25-нд халагдах хүртлээ ажиллаж байв. Увсын Оюутны холбооны тэргүүн гэж байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын хүн гэсэн ч болно. Тэрээр “Манай намын Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарт саналаа өгөөрэй” хэмээн оюутнуудыг авлигадан төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан хэргээр Увс аймгийн Тагнуурын газарт баривчлагдан шалгуулж байна.

Харин энэ бол түүний хамтрагч Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох. тэдний мөнгө тараасан бичлэг нь нэгэнт олонд ил болсон болохоор тэр талаар энд өгүүлэх нь илүүц биз. Харин хэрэг нь баригдаад, мөнгө тарааж буй бичлэг нь ил болоод ирэхээр оюутнуудыг “барьцаалан” зугтсаныг тэр болгон мэдэхгүй болов уу. Үүнээсээ болоод хүн барьцаалсан хэрэг ч нэмэгдэж магадгүй болжээ.

Тэд Увс аймагт айлын гэрийг нь түрээслэх нэрийн дор иргэдэд мөнгө тарааж Сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчсөн бас нэг баримт нь энэ гэрээний хуулбар. Энэхүү гэрээг зөвхөн нэг хувь хийж иргэдийг саналаа өгөхгүй бол мөнгөө буцаан авахаар санаархаж байжээ.  

Мөнгө тараасан үйлдлийг Увс аймгийн Ардчилсан намын дарга Б.Цэндсүрэн баримтжуулан прокурорт хандсан бөгөөд түүний хариуд “Дээрх мэдээлэл нь үндэслэлтэй Сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл нь мөнгө тарааж буй бичлэг зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдсон эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй байх тул Ш.Чинбат, Я.Баттогтох нарт холбогдуулан 2012 оны зургадугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар 201220000178 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгуулахаар харьяаллын дагуу Тагнуулын ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Тагнуулын газарт шилжүүлэн шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” гэсэн албан тоотыг Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх П.Удвал ирүүлсэн аж. Энэхүү зүйл анги нь “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалттай юм.

Харин энэ бүхнийг Увс аймгийн МАН-ын гаргасан тайлбар нь баталгаажуулаад байгаа юм. Уг тайлбарт “Ш.Чинбат нь намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтнаар ажиллаж нэр бүхий оюутнуудад ухуулах байрны түрээсийн төлбөрт 150 мянган төгрөг олгосон байна” гэж байна. Хамгийн инээдтэй нь эдгээр оюутнууд ямар ч түрээсийн байргүй бөгөөд тэднийг хотоос үнэгүй тээвэрлэж авчирчээ. Энэ бүхнийг МАН-ын дэд дарга Н.Жамсран тайлбар нотлоно.
 
Амташсан хэрээ арван гурав нахина гэдэг л Увсад болж. 2008 онд иргэдийн саналыг луйвардан засгийн эрхэнд гарсан МАН энэ удаагийн сонгуулиар ч үйлдлээ удаа дараа давтжээ. Өнгөрсөн сонгуулиар “Сүү авч уугаарай” гээд арван мянгат тарааж явсан Б.Чойжилсүрэн энэ удаад Ч.Хүрэлбаатартайгаа нийлэн арав дахин өсгөж 100 мянгыг тараав. Засгийн газар 21 мянгаа тарааж дийлэхгүй байхад МАН-ын хоёрхон нөхөр Увс аймгийнханд зуу зуун мянгаар нь тарааж нийтдээ хэдэн тэрбумаар тоологдох төгрөгийг тарааж, саналыг нь худалдан авсан баримт дараагийн жишээгээр үргэлжилнэ.

Энэ дарааллыг Б.Чойжилсүрэнгийн дунд сургуульд нэг ангид байсан Н.Ариунтуяа гэгч эмэгтэйгээр үргэлжлүүлнэ. Тэрээр Улаангомын иргэн Б.Цэгээгийн саналыг худалдан авах гэж орсноор асуудал ил болжээ. Б.Цэгээ тэднийг саналыг нь худалдаж авах гэж буйг сонсоод хаалгаа түгжээд цагдаа дууджээ. Ичсэн хүн хүн ална гэгчээр Н.Ариунтуяатай хамт явсан этгээд хаалгыг нь цөм өшиглөөд зугсан талаар гэрчүүд ярьж байна. Харин Н.Ариунтуяа баригдаад хоцорсон аж. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн Тагнуулын газарт шалгаж байна.

Энэ талаар няцаалт хийх гэсэн Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж зүүдээ ярих гээд хулгайгаа илчлэв гэгч л болж. Тэрээр “Бид ийм гэрээг өдөрт 60-70-ыг хийж байгаа” гэж мөнгө тараасан тухайгаа ярьсан байх юм.

Энэ бүх үйлдлийг өөгшүүлсэн хүн нь Увс аймгийн Сонгуулийн тойргийн хорооны дарга Н.Гэжээ. Иргэдийн саналыг худалдан авч буй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, тухайн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасахын оронд “Хууль зөрчөөгүй байна аа” гээд хамгаалаад гарчээ. Энэ мэтээр 20 гаруй иргэн хууль хяналтын байгууллагад гомдол гаргажээ.

Тэдний гомдлыг авч хэлэлцсэн Увс аймгийн Цагдаагийн газраас УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хорооны дарга Н.Гэжээд хандан “2012 оны зургадугаар сарын 22-ны өдөр МАН-ын ухуулагч Н.Ариунтуяа гэгч сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тарааж байна гэх иргэн Б.Цэгээгийн гомдлыг хүлээн авч шалгахад Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18.10 дахь хэсэгт заасан зөрчил байх ба энэхүү гомдол маргааныг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт Сонгуулийн тойргийн хороо хянан шийдвэрлэхээр заасан байх тул холбогдох материалыг харьяаллын дагуу шилжүүлэв” гэсэн 4/441 тоот албан бичгийг зургадугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн аж. Гэвч гурван удаагийн Увсын сонгуулийг удирдсан Н.Гэжээ хууль зөрчөөгүй гээд хамгаалаад үлдчихсэн байх юм.

Түүний энэ бүх үйлдэл нь хууль зөрчсөн явдал гэдгийг тагнуулынхан тогтоосон байна. Энэ талаар,

1.Тойргийн хороонд гаргасан 2012.06.22-ны өдрийн 60 дугаартай, мөн өдрийн 62 дугаартай гомдлууд нь нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасуулах гомдол байх бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.35-д зааснаар нэрийн жагсаалтаас хасах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ тохиолдолд нэрийн жагсаалтаас хасаад эрх бүхий байгууллагад шилжүүлнэ. Мөн хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар нэрийн жагсаалтаас хасах эсэх нь тойргийн хорооны шийдэх асуудал байтал эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргалгүйгээр гомдлыг шилжүүлэх гэж байгаа нь хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж байна.

2.Танай 2012.06.25-ны 80 тоотод нийт гурван ширхэг DVD хавсаргав гэсэн хэрнээ нэгийг ч хавсаргаагүй байна.

3.Тус тойргийн хороо 2012.06.25-ны 76 тоот албан бичигтээ гомдол гаргагчийн гомдлыг аймгийн Тагнуулын газарт шилжүүлэв гэсэн хариу өгсөн байх бөгөөд энэ үед манайд албан ёсоор шилжүүлээгүй байсан, гомдол гаргагч үүнийг нь нотлоход 80 тоот албан бичгээр нөхөн шилжүүлсэн байна гэж ойлгогдохоор байгаа бөгөөд өнөөдрийн хуралдааны шийдвэр нь бүхэлдээ хууль зөрчсөн байх тул ирүүлсэн материалыг буцааж хүргүүлэв гэж Тагнуулын газрын дарга, хурандаа Л.Нямзундуй тойргийн хороонд албан бичиг хүргүүлсэн байна.

Энэ бүхнийг гэрчлэх мэт сонгуулийн өдөр иргэд МАН-ын ажиглагчдад санал авах хуудсыг хэрхэн бөглөснөө харуулж байжээ.

Саналыг нь худалдаж авахаар мөнгө тараасан этгээдүүдэд тойргийн хороо нь хариуцлага тооцоогүй учраас Увсын 3000 орчим иргэд хотод ирж саналаа хамгаалан тэмцэхээр болоод буй юм.

Ямартаа ч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мөнгө тараасан удаа дараагийн баримтуудыг хууль, тагнуулыг байгууллагууд баталгаажуулсан учраас удахгүй тойргийн хорооны Н.Гэжээ тэргүүтэй зургаан гишүүн, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэх нь тодорхой болсон бололтой.

Нөгөөтэйгүүр Ч.Хүрэлбаатар, Чойжилсүрэн нар тараасан мөнгөнөөсөө арав дахин их мөнгө зарлагдах шаардлагатай болж байх шиг байна. Учир нь мөнгө тараасан этгээдийг илчилсэн иргэнийг тухайн мөнгийг арав дахин нугалсантай тэнцэхүйц хэмжээний мөнгөөр урамшуулах хуультай юм. Энэ мөнгийг мөнгө тараасан этгээдээс гаргуулна гэж ч заажээ. Тиймээс эрхэм нэр дэвшигч нар үлдсэн хөрөнгөө иргэдийн гомдлыг барагдуулахад зарцуулах  бололтой.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж