”Хэсгийн хороодын саналыг оруулаагүй гэдэг ташаа мэдээлэл”

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

”Хэсгийн хороодын саналыг оруулаагүй гэдэг ташаа мэдээлэл”

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог
буюу Багануур, Багахангай, Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшин өрсөлдөөд
ялагдсан Ц.Батбаяр, Б.Лхагважав нар тус тойрогт хууль зөрчсөн үйлдэл
гарсан гэж мэдэгдсэн талаар УИХ-ын сонгуулийн 21 тойргийн хорооны дарга
Ц.Отгонбаганаас тодрууллаа.

-Танай тойрогт өрсөлдсөн МАН-ын гишүүд “Хэсгийн хороодын санал бүрэн
тоологдоогүй, хүчингүй саналын хуудасны тоо гараар тоолсон хяналтын
тооллогын дүнгээс зөрсөн нь сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц хэмжээний
маргаантай асуудал үүсгэсэн. Гэтэл тойргийн хороо асуудлыг хэлэлцэхгүй
өдий хүргэлээ” гэж мэдэгдлээ. Ямар шалтгааны улмаас хэд, хэдэн хэсгийн
саналын дүнг бүртгэлд оруулаагүй юм бэ?

-УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойргийн зарим хэсгүүдийн саналын дүнг
мэдээлээгүй, дутуу гэдэг бол ташаа мэдээлэл байна. Манай тойрог нийт 48
хэсэгтэй, тэр бүгд дээр санал өгсөн сонгогчдын саналын хуудас автомат
машинаар уншигдаж, баталгаажин тойргийн хороонд ирсэн байгаа. Түүнийгээ
тойргийн хороо нь хуульд заасан зарчмынхаа дагуу зургадугаар сарын 30-нд
Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Нийт хэчнээн сонгогч сонгуульд
оролцсон, хэд нь аль намын төлөө саналаа өгсөн, хэд нь хэн гэдэг нэр
дэвшигчид итгэл үзүүлж, сонголт хийсэн бэ гэдгийг нэгбүрчлэн гаргаж,
өгсөн. Сонгуульд оролцсон бүх нам, эвслийг төлөөлсөн ажиглагч нар хэсэг
бүрт хяналт тавьж ажилласан. Хууль зөрчсөн энэ мэт үйлдэл гарсан бол тэр
даруй зогсоох ёстой шүү дээ.

-Тэгвэл хүчингүй саналын хуудасны тоог уншсан автомат машины дүн, гар
аргаар тоолсон хяналтын тооллогын дүн хоёр зөрсөн гэдэг үнэн үү?

-Хяналтын тооллогын дүн, автомат машины дүн хоёр таарсан.

-“Тойргийн хороо, Сонгуулийн ерөнхий хороонд энэ талаар гомдол
мэдүүлчихээд байхад асуудлыг хэлэлцээгүй” гэж МАН-ын гишүүд хэлээд
байга?

-Зургадугаар сарын 28-29-нд шилжих шөнө 03.00-04.00 цагийн хооронд
МАН-ын ажиглагчид “Автомат машинаар уншуулж байгаа саналын дүн итгэл
төрүүлэхгүй байна. Тиймээс саналын хуудсыг гараар тоолох шаардлага
байна” гэж гомдол мэдүүлсэн. Энэ дагуу тойргийн хороо асуудлыг
хэлэлцсэн, гэхдээ гишүүд “Энэхүү гомдол нь баримт нотолгоо болохуйц байж
чадахгүй байна. Тийм учраас автомат машинаар уншуулсан сонгогчдын
саналын хуудсыг гараар тоолох шаардлагагүй” гэж үзсэн.

Өнөөдөр /өчигдөр/ 17.00 цаг өнгөрч байхад УИХ-ын гишүүн Ц.Батбаяр гомдол
ирүүлсэн, “Газрынхаа төлөө сонголт хийгээрэй” гэсэн урилгыг сонгогчдод
тараасан явдал нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байна” гэж
мэдүүлсэн байна. Тойргийн хороо нь гомдлыг хуульд зааснаар гурав
хоногийн дотор багтаан хэлэлцэж хариуг өгөх ёстой. Маргааш, нөгөөдөр
хоёрын аль нэгд хуралдаж, хариуг өгнө. Гомдлуудыг хуульд заасан
хугацаанд багтаан, хэлэлцээд, хариуг өгч байгаа. Тиймээс ямар ч хариу
өгөхгүй байна гэж мэдэгдэх нь буруу гэлээ.

Дашрамд сануулахад, УИХ-ын сон­гуулийн 21 дүгээр тойрогт Ардчилсан
намаас нэр дэвшин өрсөлдсөн УИХ-ын гишүүн Л.Болд сонгогчдоос 32.2
хувийн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл 40.69
хувийн саналыг тус бүр авснаар ирэх дөрвөн жилд парламентад суух болзол
хангасан билээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж