-Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, онооны жагсаалтыг энэ сарын 1-нээс www.eec.mn цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлнэ гэж байсан. Шалгалтынхаа дүнг хүүхдүүд цахим хуудасны чинь аль хэсгээс үзэж болох вэ?
-Шалгуулагчдын дүн, онооны жагсаалтыг бид долдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт www.eec.mn вебсайтад байршуулсан. Тиймээс энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хүүхэд бүр шалгалтынхаа дүн оноог манай сайтын шалгуулагчийн булангаас өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан харах боломжтой.
-Элсэгчдийн батламж бас энэ сарын нэгнээс өгч эхэлсэн. Нийслэлийн болон хөдөө орон нутгийн хүүхдүүд дүнгийн батламжаа хаанаас авч байгаа вэ?
-Дүн онооны батламжийг долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд тараасан. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн батламжийг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна. Харин хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид дүнгийн батламжаа аймгийн Боловсрол, соёлын газрын Элсэлтийн ерөнхий шалгалтын Зөвлөгөө-мэдээллийн ажилтнаас авна. Улаанбаатар хотын өмнөх онд төгссөн шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн батламжийг ЭМШУИС-ийн 131 тоотоос хүлээн авна.
-Батламж хуудас чинь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх аа?
-Тийм. Шалгалтын дүн оноо бүхий батламж хуудас хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Харин үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй.
-Элсэгчдийн дунд шалгалтынхаа дүн оноотой санал нийлдэггүй хүүхдүүд байдаг. Тэдний санал гомдлыг бас хүлээж авч байгаа гэсэн үү?
-Шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон даалгаврын хариулттай холбоотой өргөдлөө бичгээр гаргаж, шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын таван өдөрт багтаан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-2, Засгийн газрын X байр, Боловсролын үнэлгээний төв гэсэн хаягаар ирүүлж болно.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин