тэмүүлэн ургах эрэмгий заг, гоёмсог мангир, таана, хөмүүл. Халуу
дүүгсэн элсэн цөл дундуур чөлөөтэй аялан, хоол хүнс олж идэх бяцхан
биетэй хэрнээ эрэлхэг зоригтой амьтдын гайхмаар сонирхолтой амьдрал. Энэ
бүхэн нүдний өмнө буух агшинд “Хөгжим бол хүн төрөлхтний сэтгэлийг
үггүйгээр илэрхийлэх хамгийн агуу хэл юм” гэдгийг улам ихээр мэдэрнэ.
“Элсэн цөл” хэмээх энэ л аялгуугаар “Шанз гурав” хэмээх хамтлагийг анх
мэддэг болж билээ.
Шанз хөгжмөөр эртнээс мэддэг хэрнээ басхүү огт танил бус аялгууг
тоглонгоо ардын хөгжимтэй хослоогүй бүжиг бүжих энэ гурван бүсгүйтэй
уулзах хүсэлдээ хөтлөгдөн, тэдэн рүү утас цохилоо. “Шанз гурав”
хамтлагийн гишүүд болох Б.Ариунзаяа, Б.Булган, Д.Нарантуяа нар урилгыг
минь таатай хүлээн авснаар бидний яриа эхэлсэн юм.
-Хөгжим бүжгийн коллежоос төрөн гарсан “Шанз гурав” хамтлаг “Хурд”
хамтлагийнхантай хэрхэн холбогдож, тэдний нэгээр продюсерлүүлэх болсон
талаар яриагаа эхэлье?
-Бид хоёрдугаар курст байхаасаа л хамтлаг байгуулах талаар ярилцаж
эхэлсэн. Гэвч чиг хандлага, өнгө төрхөө олж чадахгүй нэлээд хугацааг
ардаа үлдээсэн л дээ.
Гэтэл 2010 онд “Хурд” хамтлагийн “Хайрын салхи” тоглолтод оролцох хувь
тохиосон юм. Тэгж л “Хурд”-ын ах нартайгаа танилцсан. Улмаар бөмбөрчин
Д.Отгонбаатар ах биднийг продюсерлэх болсон.
-Танай хамтлагийн тоглох аязуудыг Д.Отгонбаатар зохиодог. Шанзанд
зориулсан хэрнээ орчин үеийн урсгал чиглэлийн аялгуунууд зохиох санааг
продюсер тань анх гаргасан уу?
-Бид шанз хэмээх энэ сайхан хөгжмийг сонгон, арав гаруй жил суралцсаны
хувьд залуучуудад ойр хэрнээ Монголд байхгүй ямар төрөл жанраар бусдад
танигдах нь зүйтэй вэ гэж бодсон юм.
Шанзаа бариад “Янжуур тамхи”-аа тоглоод сууж байх сайхан л даа. Бид ч
бас ардын дуугаа тоглох дуртай. Гэвч хүн болгон л хуучны аялгуунуудаа
тоглоод байвал шанз хөгжмийн урын сан ч баяжихгүй шүү дээ.
Гаднаас нь харахад шанз хөнгөхөн юм шиг л харагддаг байх. Гэвч их хүнд
хөгжим шүү дээ. Тиймээс энэ хөгжмийг нэг гараараа даан тогтоохын
зэрэгцээ өндөр өсгийт дээр бүжиглэнгээ тоглоно гэдэг эхний үед их хэцүү
байсан. Одоо энэ бүхэнд дасчихаад, улам илүү шинэлэг, сайхан зүйлсийг
хийхийг хүсч байна.
-Хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ?
-Манай Бямбаа Хөгжим бүжгийн сургуулиа төгсөөд, өөр чиглэлээр суралцах
болсон учир хамтлагаасаа гарсан. Тиймээс бид сургуулийнхаа нэгдүгээр
курсийн оюутан, Д.Нарантуяаг хамтлагтаа авсан.
Нараа маань хэдийгээр сургуулиа төгсөөгүй боловч оноо дээгүүр сурагчдын
нэг. Мөн манай хамтлагийн өнгө төрх, стиль имижтэй сайхан нийцэж байгаа.
-Саяхан “Эрч хүч” хэмээх шинэ уран бүтээлээ дүрсжүүлжээ. Богино хар
даашинз өмссөн гурван бүсгүй рок бүжиг бүжиглэнгээ шанз тоглох нь олон
хүнд хачирхалтай санагдаж байгаа бололтой?
-“Ардын хөгжим тоглож байж хэтэрхий задгай хувцаслах юм, задгай хөдөлгөөнүүд их хийж байна” гэх мэт олон шүүмжлэл ирж байгаа.
Урт хугацаа, их хөдөлмөр зарцуулж хийсэн бүтээлээ түмэнд хүргэхийн тулд
бид сайхан харагдах ёстой. Энэ ч утгаараа гадаад имиждээ анхаарах нь
зүйн хэрэг. Тиймээс бид хөгжимдөө биш уран бүтээлдээ л зориулж
хувцасладаг.
-Шанз хөгжмөөр ардын дууны аялгууг орчин үеийн хэмнэлд оруулан тоглодог “Glissando” хамтлаг яах аргагүй танай өрсөлдөгч байх?
-Бид монголчууд учраас ардын урлаг, үндэсний хөгжмөөрөө л дэлхийд
гайхуулна шүү дээ. Тиймээс энэ бол их олзуурхууштай зүйл. Манай
хамтлагийн хувьд шанз хөгжимд зориулан зохиосон цоо шинэ аялгуунуудыг
тоглож байгаагаараа бусдаас ялгардаг гэж бодож байна. Тэдэнд ч бас
өөрийн гэсэн онцлог, хэв маяг, стиль имиж бий.
Бидний хувьд нэг бүтээлээс нөгөө рүү шилжих бүртээ шинээр олж авч
байгаа туршлагаараа өмнөх мэдлэгээ баяжуулахыг л эрмэлздэг. Түүнээс биш
бусадтай өрсөлдөж, тэднээс илүү гарахын төлөө зүтгэдэг хор шартай хүмүүс
биш.
-Хамтлаг байгуулагдаад хоёр жил хүрэхгүй хугацаа өнгөрсөн ч гадаадын нэлээд хэдэн оронд тоглож амжсан гэж сонссон?
-Шанз хөгжмийг Хятад, Солонгосоос гаралтай гэсэн ойлголт байдаг. Гэвч
үнэндээ Монголоос өөр шанз тоглодог ард түмэн байдаггүй юм билээ.
Хятадад л гэхэд шанз үйлдвэрлэдэг боловч тоглодог хүн байдаггүй.
Бид одоохондоо монголчууддаа ч бүрэн танигдаж амжаагүй байна. Гэвч
“Шанз бол Монголын хөгжим юм шүү” гэдгийг дэлхий нийтэд мэдрүүлэхийг
хүсдэг. Тэр хүсэлдээ хөтлөгдөөд, гаднынхны урилгын дагуу болон уран
бүтээлч ах, эгч нараа дагаж, хилийн чанадад хэд хэдэн удаа тоглосон.
Цаашид ч бас гадаадад тоглох сонирхол бий.
-Хөгжим болгонд өөрийн гэсэн араншин байдаг. Та гурвын хувьд олон жил
энэ хөгжмөөр хичээллэсэн болохоор шанзыг өөрөөсөө ч илүү мэддэг болсон
байх?
-Шанзыг гаднаас нь харахад их сайхан биетэй, донжтой бүсгүй хүн шиг
санагддаг. Могойн арьсаар хийсэн учир хэтэрхий хүйтэн эсвэл халуунд
байлгавал дуугарах өнгө нь өөрчлөгддөгийг нь бодохоор эмзэг, тунимхай ч
юм шиг. Тэгсэн хэрнээ маш гоёмсог, аальгүй дуугаралттай. Мөн яг миний
хүсснээр дуугарч чаддаг. Ингээд бодохоор дуулгавартай ч юм шиг. Энэ ч
утгаараа хөгжмөө аальгүй, хээнцэр хэрнээ донжтой, эрхэмсэг бүсгүйтэй
зүйрлүүлж боддог.
-Шанз хөгжимд байдаг аальгүй, эрхэмсэг ч гэсэн эмзэгхэн тэрхүү зан чанар та гуравт байдаг болов уу?
-Байлгүй яах вэ. Нэг хөгжмөөр удаан тоглоод ирэхээр тухайн хөгжмийнхөө онцлогт хөгжимчнийх нь зан чанар ч бас зохицдог бололтой.
Уран бүтээлчид ямагт чөлөөтэй, цар хүрээтэй сэтгэдэг байх ёстой. Тиймээс
бид зан араншин, харагдах байдал, сэтгэл санаагаа тоглож байгаа
аялгуундаа зохицуулан өөрчилж чаддаг. Ингээд бодохоор бид хөгжмийг,
харин тэрхүү хөгжмөөр дамжин гарч буй аялгуу маань биднийг захирдаг юм
болов уу.
Ер нь хөгжим, хүн хоёр хоорондоо зохицож, нэгдэн нийлж байж л
хөгжимчнийхөө зүрх сэтгэлийг бүрэн илэрхийлдэг шүү дээ. Ингээд
бодохоор шанз, бид дөрвийг салгаж ойлгохын аргагүй л болчихож. Өөрөөр
хэлбэл, шанз бидэнгүйгээр дуугарахгүй. Шанзгүйгээр бид сэтгэл зүрхээ
илэрхийлж чадахгүй.
-Бүсгүй хүний хувьд өөртөө ямар нэгэн цензур тавьдаг уу?
Б.Ариунзаяа: Муухай амьдарна гэж боддог хүн нэг ч үгүй. Гэвч
хүний амьдралд олон асуудал тулгардаг. Тэдгээрт бууж өгөлгүй, зорьсон
сайн сайхандаа хүрэхийн төлөө тууштай зүтгэнэ л боддог. Бас худал ярихыг
цээрлэдэг.
Б.Булган: Хүнд хор болох муу зүйл хийж, сэтгэлийг нь өвтгөх муухай үг хэлчихгүй юмсан гэж боддог.
Би эмэгтэй хүн учир хэзээ нэгэн цагт амьдрал зохиож, гэрийн эзэгтэй
болно. Тэр үед зөв сонголт хийж, гэр бүлийн салалт, өнчрөл хагацлыг үр
хүүхдэдээ үзүүлэхгүй юмсан гэж бодож явдаг.
Д.Нарантуяа: Би одоохондоо амьдрал үзээгүй, жаахан байна. Тиймээс зорьсондоо хүрэхийн төлөө тууштай явна гэж боддог.
Би өөдөөс харж инээчихээд, цаашаа харахаар муулдаг хүнд дургүй. Тийм байхгүйг хичээдэг.
-Залуухан, сайхан бүсгүйчүүдэд эрчүүдийн зүгээс сээтэгнэл нэлээд ирдэг биз дээ. Тэдгээрт ямар хариу өгдөг вэ?
-Бараг хариу өгдөггүй дээ. Дүлий дүмбэ оргиод, нүдээ аниад, чигээрээ л алхчихдаг шүү дээ.
-Тэгвэл эмэгтэйчүүдээс ирж байгаа хэл ам, хар хорын сэтгэлийн хариуг хэрхэн барьдаг вэ?
-Одоогоор нүүр тулаад хэлчихсэн айхтар зүйлтэй тааралдаагүй байна.
“Уншаад дэмий дээ” гэдгийг нь мэддэг хэрнээ гоё үгс олж унших гэж
интернэт рүү ороод, муухайг нь олоод уншчихдаг. Уншсаны дараа сэтгэл
санаагаар жаахан унадаг. Удаан хугацаагаар бодоод, гутраад явахгүй ч
гэсэн залуучуудын талаарх сэтгэгдэл, дүгнэлтэд маань тэр үгс багагүй
нөлөөлдөг л дөө.
Ер нь бусдыгаа сайшааж, урам зориг өгөхөөсөө муучилж, арагшаа татчих
гэсэн үзэл давамгайлдаг юм шиг санагддаг. Мөн надад ч бас ийм зан байх
вий дээ гэж бодогддог.
-Жаахан холдвол л биесээ саначихдаг уу, үгүй юу?
Б.Булган: Бид чөлөөт цагаа хүртэл хамт өнгөрөөдөг. Тэгэхээр
салаад явахаараа санадаг хэрнээ байнга хамт байхаар уйддаг ч юм уу,
хааяа өөр хүний царай харахыг хүсдэг. Гэхдээ бидэнд тус тусдаа фракц
үүсгээд явахаар олон найз байхгүй л дээ. Ганц, хоёр дотнын найз охиноо л
дууддаг юм.
Б.Ариунзаяа: Үргэлж хамт байгаад байхаар хааяа ярих ч юм олдохоо
больчихдог юм. Тиймээс дуугүй сууцгаачихдаг. Тэр дүнсгэр байдлыг
эвдэхийн тулд хааяа бага зэрэг хэрүүл өднө шүү дээ. /инээв.сурв/. Гэхдээ
бидний ертөнцөд муу энергитэй юм уу, уйтгартай зүйлс байдаггүй.
-Эмэгтэй хүн бүрт их, бага хэмжээний шунал байдаг. Та гурав яг одоо юунд хамгийн ихээр шунаж байна вэ?
Б.Ариунзаяа: Авч, хүрч чадах зүйлдээ л шунах хэрэгтэй гэж боддог.
Харин тэр зорьж буй зүйл нь зөв, бусдад болоод өөрт нь хор хөнөөл
учруулахгүй зүйл байх хэрэгтэй.
Б.Булган: Сайхан амьдрах, өөрийн гэсэн амьдралаа бага багаар бүрдүүлэх, бүхнийг сайхан байлгах юмсан гэсэн шунал маш их байна.
Д.Нарантуяа: Мөнгө гэдэг цаасан дээр бичсэн тоо. Хүн гэдэг бол
бодитой оршин тогтнож байгаа зүйл шүү дээ. Тиймээс хувьсан өөрчлөгдөнө.
Гэхдээ анх ямар байснаа л мартаж болохгүй.
Хүн бүрт сайхан амьдрахсан гэсэн шунал бий. Гэхдээ бусдыг дарж биш, зөв
байдлаар бусдаас илүү сайхан амьдрахын төлөө л шунах нь зүйтэй болов уу.
-Өөрсдийгөө юутай зүйрлэх вэ?
-Шанзны гурван утас тус бүр өөр өнгө гаргадаг. Тэр гурван өнгө нэгдэн
нийлж нэгэн аялгууг бий болгодог. Тэгвэл бид ч бас гурван өөр өнгө төрх,
стиль имиж, зан төрх. Бидний нэгдэлт “Шанз гурав” хамтлагийг бий
болгосон. Тэгэхээр бид бол шанзны гурван утас юм.
-Та бүхэнтэй ярилцаж суухдаа би ч бас гурван өөр өнгийг олж харлаа.
Гэвч энэ гурван өнгө биестээ үнэхээр сайхан уусан зохицжээ. “Шанз гурав”
хамтлагийн цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье?
-“Өглөөний сонин”-ы хамт олонд болон уншигчдад ажлын өндөр амжилт, аз
жаргал хүсье. Мөн багш нар болон “Хурд” хамтлагийн ах нартаа баярлаж
явдаг шүү.