Ш.Адьшаа: Сонгуулийн дүнд эргэлзэж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Ш.Адьшаа: Сонгуулийн дүнд эргэлзэж байна

УИХ-ын сонгуулын 16 дугаар тойрог буюу Ховд аймагт нэр дэвшигч Ш.Адьшаа сонгуулийн урьдчилсан дүнд эргэлзэж, сонгуулийн үеэр өрсөлдөгч намуудын нэр дэвшигчид хууль бус үйлдлүүд гаргаж байсан хэмээн мэдээлэл хийлээ.

Бие даан нэр дэвшигч Ш.Адьшаа “УИХ-ын сонгуулийн албан ёсны дүнд итгэхгүй, эргэлзэж байна. Хэрэв сонгууль шударга явагдсан бол би бусад нэр дэвшигчиддээ баяр хүргэн цэцэг өгөх байлаа. Ховд аймгийн сонгуулийн 16 дугаар тойрог бол 92 хэсгийн хороотой. Хуулинд санал тоолох машин нь санал хураалт зогссон цагаас хойш 10-30 минутын дотор сонгуулын дүн гаргана гэж заасан байдаг. Эхний хэсгийн хороодод намайг ялалт байгуулж байгаа мэдээ ирж байсан. Гэтэл төд удалгүй санал тоолох явц зогсонги байдалд орсон. 92 хэсгийн хорооноос бидэнд сонгогчдын өгсөн билл, CD-г хоёрхон хэсгийн хороо нь л өгсөн. Үүнийгээ зөвхөн нам эвслийн ажиглагчдад өгнө, хувиараа нэр дэвшигчид хувилан өгөх боломжгүй хэмээн тайлбарласан. Бидний авсан хоёр хэсгийн хорооны бичлэг, билл, материалд  эргэлзээтэй асуудлууд багагүй гарсан. Бид эдгээрийг шийдвэрлэж хариулт өгөхийг сонгуулийн тойрог, хэсгийн хороонд олон удаа санал, хүсэлт тавьсан. Гэтэл үр дүнд хүрсэнгүй, нааштай хариу өгсөнгүй.  Нэр дэвшигчид хууль бус сурталчилгаа, үйлдлүүдийг багагүй хийсэн. Би УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг онцлон хэлмээр байна. Тэрээр төрийн 10-аад машин унаад, аймгийн цагдаагийн байгуулагатай хамтран зам хаагаад сонгуулын сурталчилгаа хийж байсан. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл бие даан нэр дэвшигчийг сонгохгүй байхыг уриалж, бие даагчийг баллуурдах ажиллагаа явуулж байсныг Ховдын олон мянган сонгогч гэрчилнэ. МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАХН-МҮАН-аас нэр дэвшигч Д.Батцогт хоёр энэ хугацаанд гэр бүлийн улс төр хийж байсан. Мөн бидний сонгуулийн сурталчилгааны байранд их хэмжээний чагнах төхөөрөмж суурилуулсан байсныг илрүүлсэн” гэв.

Бие даан нэр дэвшигч Ш.Адьшаагийн өмгөөлөгч, хуульч н.Батжаргал “Санал хураалтын дүн эцсийн байдлаар гараагүй гэж ойлгож байна. Санал тооллогын тайлан мэдээ, санал тоолох төхөөрөмжид уншуулсан зурган мэдээнд зөрүү байна. Энэ бүхэн бол  баримттай зүйл юм. Эдгээр баримт, санал хүсэлтээ хуулийн хүрээнд шалгуулъя хэмээн СЕХ, сонгуулийн тойргуудад хүргүүлсэн. “Үнэн мэдээ” гэдэг нэртэй хуурамч гүтгэлийн шинжтэй, ухуулах хуудас тараасан байгаа юм. Энэ ухуулах хуудсанд МАХН-МҮАН-аас нэр дэвшигч С.Батцогтыг дэмжье гэж бичсэн байсан.  Энэ ухуулах хуудсыг тарааж явсан 15 настай хүүг цагдаагийн байгууллага шалгахад, хүүгийн ээж нь МАН-ын ухуулагч, эцэг нь МАН-аас нэр дэвшигч Бямбацогтын компанийн гагнуурчин байсан. Энэ хэргийг одоо шалгаж байгаа, хариу эцэслэн гараагүй байна” гэв.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж